Э.ГАНТӨМӨР

“Утасны анд” энэ удаа “Увертюра” хамтлагийн дуучин А.Шинэбаяртай холбогдлоо. Хамтлагийнхан “Надад үлдсэн найз” мюзиклээ энэ сарын 22-нд тоглохоор бэлтгэлдээ оржээ.

1-20-10-Сайн байна уу. “Утасны анд” холбогдож байна. Тоглолтын бэлтгэлийн сонин сайхнаас сонирхуулаач?

-Манай хамтлагийнхан бодож, мөрөөдөж явсан мюзиклээ тоглохоор бэлдэж байна. Эхлэлийг нь өнгөрсөн намар тавьсан юм. Үзэгчдэд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

-Одоо ч бэлтгэлтэй байгаа бололтой. Хөгжим сонсогдож байна?

-Тоглолт дөхсөн учир бидэнд өдөр бүхэн чухал. Өглөөнөөс орой хүртэл зөвхөн бэлтгэлдээ анхаарал хандуулж байгаа. Энэ удаагийн мюзикл үерхэл, нөхөрлөлийн үнэ цэнийг харуулна. Биднийг бага байхад цахим ертөнц гэж байсангүй. Хөвгүүд тэвэг өшиглөж, сагс тоглож, орцонд банзан гитар нүдээд л. Харин өнөө үед нөхөрлөлийн үнэ цэнэ алдагдаж, хазайж байгаа нь ажиглагдаж байна. Бүгд л цахим ертөнц, хувь хүн, ардчилал гэж ярьж байна. Яг энэ үед нөхөрлөл юун дээр тогтдог, анд гэдэг үг ямар утгатай болохыг манай мюзиклд өгүүлнэ.

-Театрын мэргэжлийн жүжигчидтэй хамтарч байгаа гэсэн. Та дөрвийн хувьд бэрхшээлтэй зүйл хэр байна?

-Бид дуурийн дуучин мэргэжилтэй. Жүжигчин биш учраас жүжиглэхэд бэрхшээлтэй, хүндрэлтэй асуудал олон гарч байна. Тэр бүхнийг мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч, засч байгаа. Мөн манай тоглолтод УДЭТ-ын жүжигчид ч оролцоно.

-Жүжигчний мэргэжил ямар санагдав. Дахиад мюзикл тоглоход хэр туршлага хуримтлуулж байна?

-Бид үзэгчийн хувиар театрт олон жүжиг үзсэн. Гэхдээ өөрсдөө гараад тоглохоор үнэхээр хүнд, хэцүү байдгийг нь ойлголоо. Дуулна, жүжиглэнэ гэдэг тэс өөр. Гэхдээ дараа, дараагийн тоглолтоо хийхэд илүү чадваржиж, туршлагатай боллоо.

-Танай хамтлагийнхныг гэр бүлийн найзууд гэж сонссон. Хэдийнээс эхлэлтэй нөхөрлөл вэ?

-Бид Хөгжим бүжгийн коллежийн нэг ангийн найзууд. 2005 оноос өнөөдрийг хүртэл амьдрал, уран бүтээлээ холбож, нөхөрлөлөө. 2010 онд сургуулиа төгсөөд, хамтлагаа байгуулсан. Тэгэхээр манай хамтлагийн суурь нь үнэнч нөхөрлөл юм шүү.

-Эрчүүдийн нөхөрлөл хэр үнэнч вэ?

-Хамгийн үнэнч нөхөрлөлийг эрчүүд үүсгэдэг байх. Бидний 11 жилийн нөхөрлөлд алдаа оноо, амжилт бүтээл бүхэн зэрэгцсээр ирсэн. Амьдралын ямар ч үед нэг нэгнээ орхиогүй. Жаргалтай үедээ хамтдаа инээж, зовлон тохиолдвол хамтдаа туулаад гардаг байлаа.

-Хамтлаг гэдэг цогц байхын илэрхийлэл. Та дөрвийн хувьд уран бүтээлээс болж маргалдах асуудал гардаг байх. Энэ үед хэн нь ихэвчлэн буулт хийдэг вэ?

-Нэг уран бүтээл дээр ажиллахад зодолдохоос наагуур юм болох үе бий. Гэхдээ эхлээд нэг, нэгнийхээ саналыг сонсоно. Дараа нь хамгийн зөв гэсэн нэгнийхээ үгийг дагаж, бусад нь буулт хийдэг юм. Нөхөрлөл гэдэг чинь энэ үед л харагдана даа.

-Танай хамтлагийн нэр их содон санагддаг. “Увертюра” гэж ямар утгатай нэр вэ?

-Хөгжмийн оршил, эхлэл гэсэн утгатай. Үргэлж аливаа зүйлийн эхлэл, оршил нь байж, шинийг сэдэж байхыг бэлгэдэж хамтлагтаа энэ нэрийг өгсөн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин