Л.ХЭРЛЭН

Казахстаны нийслэл Алматы хотноо ирэх аравдугаар сард болох сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний  64 кг-ын жинд тулалдах ширэн бээлийтнийг тодруулах асуудал  маргаан дагуулж байна. Тэмцээнд Олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ явах байсан ч Боксын холбооноос ОУХМ З.Энхзоригийг явуулахаар болсон гэх мэдээлэл гараад буй. Энэ асуудлаар У.Мөнх-Эрдэнэ өчигдөр хэвлэлийн хурал хийлгэж, байр сууриа илэрхийллээ. Түүнтэй хамт Афины олимпоос анхны эрх авч байх үеэс дасгалжуулсан,  мөн тухайн үед  Монголын боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар  ажиллаж асан гавьяат дасгалжуулагч Т.Оюунболд, анхных нь багш, гавьяат дасгалжуулагч Д.Батмөнх нар хуралд оролцож тус тусын байр суурийг илэрхийлсэн юм. Тэдний яриаг тоймлон хүргэж байна.

 

Т.Оюунболд: БОКСЫН 64 КГ-ЫН ЖИНД У.МӨНХ-ЭРДЭНЭ ДЭЛХИЙН ЧАНСААГ ТЭРГҮҮЛЖ БАЙГАА

-У.Мөнх-Эрдэнэ тив, дэлхийн олон тэмцээнд байнга төрийн далбаагаа мандуулж, Монголын нэрийг олон удаа гаргаж  ирсэн  тамирчин. 17-хон насандаа Зүүн Өмнөд Азийн аваргын тэмцээнд эх орныхоо нэрийг дуурсгаснаас эхлээд 20 гаруй жил хөлс хүчээ зориулж яваа. Гэтэл өнөөдөр Монголын боксын холбоо түүнийг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оруулахын тулд сорил авна гэж байгаа. Энэ асуудлаас үүдэн бид хэвлэлд хандлаа. Тамирчдыг хэрхэн сорих ёстой  вэ гэдгийг Монголын шигшээ багийн удирдлагууд ойлгохгүй байна. Сорилд адил төвшинтэй хоёр тамирчныг л  оруулах ёстой. У.Мөнх-Эрдэнэ шиг дэлхийн аваргаас мөнгө, Олимпоос хүрэл, Азийн аваргаас мөнгөн  медаль авчирч,  дэлхийн боксын 64 кг-ын жинд чансаагаараа   нэгдүгээрт бичигдэж байгаа тамирчинтай мөн түүнтэй яг адилхан амжилт гаргасан, ижил төвшний тамирчныг сорилд оруулах ёстой. Гэтэл дөнгөж Монгол Улс дотроо улсын аваргын тэмцээнд нэг түрүүлээд байгаа тамирчинтай  сорилд оруулна гээд байгааг ойлгохгүй байна. Сая наймдугаар сард гаргасан дэлхийн боксын чансаагаар 64 кг-ын жинд У.Мөнх-Эрдэнэ тэргүүлж байгаа. Тэр чансааг дэлхийн боксын олон холбоо, эрх бүхий байгууллагаас оноогоор гаргадаг, монголчууд гаргачихдаг юм биш. Ийм байхад дэлхийн боксын чансааг тэргүүлж буй тамирчнаа дотооддоо улсын аваргын тэмцээнд нэг түрүүлээд байгаа тамирчинтай дүйцүүлж, Дэлхийн аваргын тэмцээнд явуулахгүй байх талаас хандаж байгаа нь цаанаа өөр зорилготой байх гэж бодож байна. Учир нь Боксын шигшээ багийг удирдаж, дасгалжуулагчаар ажиллаж байхад олон санал ирдэг л дээ, гадныхнаас. Үүнийг би сайн мэднэ. Тиймээс манай багш нар гадаадын шүүгч, дасгалжуулагчдын гар хөл болсон юм биш байгаа  гэж бодож  байна. 

 

Д.Батмөнх: МӨНХ-ЭРДЭНИЙН ОРОНД НЬ ӨӨР ХҮН ЯВУУЛЖ БАЙГААГ  ГАЙХАЖ БАЙНА

-Би сүүлийн үед  бок­сын спортын чиглэлээр ажиллахгүй байгаа. Үйл явдлыг ажиглаж байхад, дэлхийд чансаагаараа тэргүүлж байгаа хүнээ дэлхийн аваргын тэмцээнд явуулахгүй бол өөр яах болж байна аа  гэмээр байна. Бас нэг зүйлийг хэлэхэд, он гарснаас хойш Улсын шигшээ баг болоод Монголын боксын холбооны удирдах зөвлөлийнхөн У.Мөнх-Эрдэнийг хамтарсан бэлтгэлд огт хамруулаагүй. Оронд нь  өөр хүн оруулаад байдаг. Гэтэл У.Мөнх-Эрдэнэд зориулж төсвөөс гаргасан зардал мөнгө байх ёстой. Яагаад гэхээр Улсын шигшээ багийн гишүүн учраас төрөөс цалинжуулах, тэмцээн уралдааны зардал, байр, хоолны мөнгийг гаргаж өгдөг. Гэтэл тэмцээн уралдаанд өөр хүн дагуулж яваад, У.Мөнх-Эрдэнэд зарцуулах ёстой мөнгийг өөр хүнд зарцуулаад байна гэсэн үг. У.Мөнх-Эрдэнийг  хавчиж шахаж байгаа юм уу, хаашаа юм. Гайхаж байна, ямар учир шалтгаантай юм бол.

 

У.Мөнх-Эрдэнэ: БИ БЭЛТГЭЛЭЭ  ХЭР БАЗААСНАА ХАРУУЛЖ ЧАДСАН

-Би 2013 оны дэлхийн аваргын тэмцээнд оролцож, амжилтаа ахиулна гэсэн зорилготой бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Энэ жилийн Азийн аваргын тэмцээнд амжилттай оролцож, өөрийнхөө бэлтгэл сайн байгааг харуулсан.

Өөрөөр хэлбэл, AIBA –ийн чансаагаар нэгдүгээрт бичигдэж байгаагийн хувьд дэлхийн хэмжээнд зохион байгуулж буй хамгийн том тэмцээнд орж, амжилтаа батлан харуулсан.  Гэтэл  Дэлхийн аваргын тэмцээнд тамирчдыг хэрхэн явуулах  нь эргэлзээтэй байна. Иймд би хэвлэлийн хурал хийлгэж  байгаа юм. Зөвхөн боксын спортын хүрээнд ярих бус  олон нийт, спорт сонирхогчид, ард иргэдээ хандахыг хүссэн юм. Та бүхнээс  мэдээллийг гуйвуулахгүйгээр  үнэн зөвөөр  нийгэмд хүргэж өгөхийг хүсч байна.