Д.ЖАВХЛАН
Вьетнам улсын нийслэл Ханой хотноо болж буй бодибилдинг, фитнессийн Ази тивийн аварга шалгаруулах 47 дахь удаагийн тэмцээнээс манай тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна. Тус тэмцээний эмэгтэй фитнесс фегур ангилалд өрсөлдсөн ОУХМ С.Сугарсүрэн өөрийн оролцсон төрөлд хоёрдугаар байрт шалгарчээ. Энэ нь Монголын Бодибилдингийн спортын түүхэнд өмнө нь гарч байгаагүй өндөр амжилт юм. Учир нь тус тэмцээнээс өмнө нь ОУХМ Л.Баянхүү хоёр хүрэл медалийг эх орондоо авчирч байв. ОУХМ С.Сугарсүрэнгийн мөнгөн медаль булган сүүлтэй байж араасаа хоёр хүрэл медалийг дагууллаа.
Тус тэмцээний эмэгтэй модель ангилалд ОУХМ Б.Оюунгэрэл, эрэгтэйчүүдийн +85 кг-ын жинд Монголын дөрвөн удаагийн мистер ОУХМ Ж.Нурлан хүрэл медалийн болзол хангажээ. Ийнхүү манай бодибилдинг фитнессийн холбооны баг тамирчид урьдчилсан байдлаар гурван медаль хүртээд байна.
Өнөөдөр тивийн аварга шалгаруулах тэмцээний сүүлчийн өдөр бөгөөд бусад жингийн аваргууд тодрох юм.