Д.ЖАВХЛАН

Монголчууд жүдо бөхийн төрөлд эмэгтэй дэлхийн аваргатай болсон спортын түүхэн амжилтын шинэ хуудсаа эхлүүллээ. Бээжингийн олимпийн наадмаас эхлэн бахархалт хэмээн нэрлэх болсон наймдугаар сар дахин баярт мэдээ дуулгасан нь алс холын Рио де Жанейрогийн татамид зодоглосон ОУХМ Б.Уранцэцэг маань дэлхийн аварга болсон явдал байлаа. Жүдогийн анхны эмэгтэй аваргаа өлгийдөх хувьтай өдөр өчигдөр тохиосон юм.

 

М.УРАНЦЭЦЭГ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО

Бөхийн жүдо барилдааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн даваа гаригийн шөнө Бразил улсын нийслэл Рио де Жанейрогийн  алдарт “Маракана” цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд боссон  “Мараканазиньо” спортын ордонд эхэлсэн юм. Риогийн татамид долоон өдөр үргэлжлэх тус тэмцээнд таван тивийн 123 орноос шигшигдсэн 680 жүдоч нийт 13 жингийн ангилалд 47 багц медалийн төлөө өрсөлдөх билээ.

Дэлхийн аваргын тэмцээний эхний өдөр Монголын шигшээ багийн гурван бөх татамид гарснаас хоёр нь медальт байранд шалгарчээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд алтан медалийг ОУХМ М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 60 кг-д зодоглосон ОУХМ Д.Амартүвшин мөнгөн медалийг тус тус хүртэж өөрийн багт медалийн салхийг гайхалтайгаар эргүүлсэн гэхэд болно. Дэвжээний жаврыг хөнгөн жингийн бөхчүүд үргээдэг уламжлалын дагуу эмэгтэй 48 кг-ын жинд зодоглосон ОУХМ М.Уранцэцэг өрсөлдөгч бүрийг илүүрхэн буулган авч дэлхийн аваргын дэвжээнд Монгол Улсын төрийн далбааг мандуулсан хоёр дахь жүдоч болсон нь энэ юм.

Тэрээр Монголын жүдо бөхийн түүхэнд дэлхийн аварга хэмээх цолыг эх орондоо авчирсан анхны эмэгтэй тамирчин болж,  манай жүдо бөхийн түүхэнд цоо шинэ хуудсыг нээж чадлаа. Жингийнхээ “Б” хэсэгт барилдах сугалааг татсан тэрээр эхний тойрогтоо хийлж, улмаар Украины бөх Марина Кротыг Санкако мэхний хувилбараас дамжин 20 секунд даралт авч цэвэр ялж шигшээд шалгарч үлдэв.

Мэргэжилтнүүдийн хэлж заншсанаар босго өндөртэй энэ даваанд манай бөх Колумбын Эблин Лукуминг, дараа нь Кубын бөх Мария Селия Лабордег үндсэн цагт цэвэр ялах буюу “Иппон” үнэлгээгээр буулган авч хагас шигшээд барилдах эрхийг өвөртөлсөн юм. 

Хагас шигшээ барилдаанд манай бөх М.Уранцэцэгийг 2011 оны дэлхийн аварга Японы бөх Харуна Асами, Лондоны олимпийн алтан медальт Бразилийн Сара Менезес нар хүлээж байв. 

Монголын шигшээ багийн хамгийн отгон тамирчин ОУХМ М.Уранцэцэгийг хагас шигшээд нутгийн алдарт бөх Сара Менезес дэлхийн аварга болох дүүрэн эрмэлзэлтэйгээр дэвжээнд түрүүлэн гарч ирсэн байв. Харин түүний хувьд “битүү морь” гэж хэлж болох манай бөх М.Уранцэцэг сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй гэдгээ дэвжээнд гарч ирэх даруйдаа нотоллоо.

Манай бөх барьц болон барилдааны идэвхи санаачлагыг гартаа авсан боловч үндсэн цагийн хагасыг өнгөртөл өрсөлдөгчөөсөө үнэлгээ салгаж чадаагүй. 48 кг-ын жингийн босоо бөх гэгдэх болсон  С.Манезес манай бөхийг өөрийн хуурах хөдөлгөөнөөр дөнгөх гэсэн боловч түүний мэхэнд М.Уранцэцэг тохирсон хариуг тэр дор нь барьж ээлжит ялалтаа авч чаджээ.

ДАШТ-ий алтан медалийн төлөө анх удаа дэвжээнд гарч буй нь энэ бөгөөд түүний өрсөлдөгч нь 2011 оны Дэлхийн аварга Япон улсын бөх Харуна Асами байлаа. М.Уранцэцэг туршлагатай өрсөлдөгчөө ердөө хоёр минут 18 секундэд цэвэр ялж“Ипон Рио де Жанейрогийн тэнгэрт анх түрүүнд төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.            

 

Д.АМАРТҮВШИН МӨНГӨН МЕДАЛЬ, Г.БОЛДБААТАР ШАГНАЛТ БАЙРАНД ШАЛГАРАВ

Түүний араас эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд манай улсаас хоёр бөх зодоглосон. ОУХМ Д.Амартүвшин, Г.Болдбаатар нар дэлхийн чансаанд дээгүүрт эрэмбэлэгдэж байсан тул нэг хэсэг орж барилдах нь тэмцээний өмнөхөн тодорхой болоод байв. Манай хоёр бөх хэсгийн аваргын төлөө барилдаануудад өрсөлдөгчдөө цэвэр ялж, улмаар хагас шигшээд хоорондоо тунаж барилдсан.

“Б” хэсгийн хамгийн сүүлийн энэ барилдааны цаг дуусах мөчид торгуулийн гурван шар хуудсаар Г.Болдбаатар ялагдсанаар дагах барилдаанд үлдэж хоцорсон билээ. ОУХМ Г.Болдбаатар дагах барилдаанд шалгарсан боловч өрсөлдөгчдөө ялагдаж улмаар шагналт тавдугаар байранд шалгарчээ. Харин хэсгийн аваргын төлөөх барилдаанд нутаг нэгтнээ буулгасан Д.Амартүвшин хүрэл медалийн төлөө Гүржийн Амиран Папинашвилитэй хүч үзсэн юм.

Хоёр бөхийн барилдаан дуусахад манай бөх үнэлгээний давуугаар ялж, мөнгөн медалийг халааслах эрхтэй болжээ. Улмаар алтан медалийн төлөө Японы жүдоч, 2009 оны өсвөрийн дэлхийн аварга Наохиса Такатотой барилдан цэвэр ялагдан энгэртээ ДАШТ-ий мөнгөн медалийг зүүсэн юм. Дашрамд дурдахад энэ жинд 61 жүдоч хүч үзсэн байна. 

Гурван жилийн дараа зуны олимпийн наадмын жүдо бөхийн барилдаан чухам энэ “Бяцхан Маракана” нэртэй ордонд болно. Манай жүдочид Бразилийн цаг агаар, цагийн зөрүүг амжилттай давж чадна гэдгээ ийнхүү харуулж чадлаа. Бөхийн жүдо барилдааны ДАШТ ирэх сарын 1-нд хөшгөө хаах бол есдүгээр сарын 2-нд жүдо бөхийн багийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр үргэлжлэх билээ.

Энд тэмдэглэхэд, Бразил улс жүдо бөхийн дэлхийн аваргын тэмцээнийг гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулж байгаа аж. Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, С.Мияарагчаа, эмэгтэйчүүдийн 52 кг-д гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ А.Цолмон нар хүч үзэх юм.