Д.ЖАВХЛАН
Өнгөрсөн амралтын өдөр “Монголын мистер 2013” тэмцээн амжилттай болж өндөрлөсөн билээ. 22 жилийн түүхтэй тус тэмцээний отгон мистер “Чийрэг монгол” клубын тамирчин ОУХМ Энхтүвшингийн Ганзоригтой ярилцсанаа хүргэж байна.
-Монголын отгон мистерийн сэтгэгдлийг юун түрүүнд хүргэж байгаадаа баяртай байна. Бодибилдингийн спортоор хичээллэж эхэлсэн үеийн дурсамжаас яриагаа эхлүүлье гэж бодлоо?
-Намайг урьж бодибилдингийн спортоор дагнан хичээллэдэг болон энэ спортыг шимтэн үздэг хүүхэд, залуустай уулзуулж өгч буй танай сонины хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе. Би 2003 оны хавар Монголын мистер Д.Бат-Эрдэнэ ахын гараас хөтлөн энэ спорт руу орсон үеийг эргэн дурсахад надад сайхан мэдрэмж төрж байна. Д.Бат-Эрдэнэ аавын минь отгон дүү. Баяка ах бид хоёр бага наснаасаа тоглож дэрвэж өссөн болоод тэр үү өсөх насанд ч мөн зам нийлэх тавилантай байж. Ахынхаа зааж сургасан алт шиг үнэ цэнэтэй эрдмийн буянаар би Монголын мистер хэмээх хүндтэй цолны эзэн боллоо.
-Таныг Монголын отгон мистер болоход, улсын аварга шалгаруулах тэмцээний -80 кг-ын жингийн гол өрсөлдөгч чинь их нөлөөлөх шиг болсон?
-Та тэмцээнийг гярхай ажигласан бололтой. Би улсын зургаан удаагийн аварга Г.Доржтой -80 кг-ын жинд төгсгөлийн шатанд шалгарсан. Ур чадвар, туршлагатай сайн тамирчныг ялж энэ жингийн аварга болсноор, мистер цолны өрсөлдөөнд гарахад их итгэл найдварыг өвөртөлсөн. Түүнтэй өрсөлдөхөд тийм ч амар байгаагүй. Дорж олон улсын тэмцээн, уралдаанаас ганзага хоосон ирж байгаагүй. Би энэ тэмцээнд бүтэн жилийн бэлтгэлээ зориулсан.
-Танд -80 кг-ын жин их амжилт дагуулах юм шиг санагдлаа?
-Энэ жинд оролцсон анхны тэмцээн маань надад улсын аваргын алтан медаль, Монголын мистер цолыг нэг дор авчирлаа. Би энэ жиндээ удахгүй болох Ази тивийн аварга шалгаруулах 47 дахь удаагийн тэмцээнд хүч үзнэ.
-Гурван сарын дараа зохиогдох Дэлхийн аваргын тэмцээн манай тамирчдын анхаарлын төвд байгаа болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Унгар улсын нийслэлд арваннэгдүгээр сарын 16-нд зохиогдох Дэлхийн аваргын тэмцээнд манай улс их тамирчдаа илгээнэ. Би энэ тэмцээнд -80 кг-даа хүч үзнэ.
-Таны үүсгэн байгуулсан “Чийрэг монгол” клуб улсын аваргад багаараа тэргүүллээ. Тэдний ур чадвар, арга барилыг мистер Д.Бат-Эрдэний школ гэж ярих хүнтэй бас таарлаа?
-Д.Бат-Эрдэнэ ах тусдаа клубтэй боловч бид энэ тэмцээнд нэг санаа зорилготой оролцсон. Ах маань миний бэлтгэл сургуулилтыг үргэлж хангадаг учир тэдний ингэж ярих нь зөв. Бөхөөр яривал бид нэг гал юм.
-Энэ тэмцээний -70 кг-ын жинд түрүүлсэн Л.Саруулбатыг таны дотны нөхөр гэдгийг тэмцээний үеэр мэдлээ. Учир тэрээр мистерт өрсөлдсөн хэрнээ таныг илт дэмжиж байгаа нь содон туссан хэрэг. Тэрээр баярласандаа орох байх газраа олж ядсан харагдсан?
-Бид дөрвөн жилийн өмнөөс нөхөрлөсөн. Тэмцээн, уралдаан бүрт хамт бэлдэж, жаргал зовлон нэгтэй явдаг андууд. Сака маань намайг үргэлж дэмждэг. Найзынхаа зөв энергийн ачаар хариуцлагатай мөчийг сандралгүй давсан юм.
-Таныг бодибилдингийн спортын мэргэжлийн академийг дүүргэсэн гэж сонслоо?
-2010 онд надтай нийлээд арван тамирчин Солонгос улсын бодибилдингийн Коч академид суралцаж сертификат авсан. Энэ сертификатыг авсан дасгалжуулагч аль ч оронд бодибилдингийн спортоор багшлах эрхтэй гэсэн үг.
-Отгон мистерт маань баяр хүргэх хүний цуваа өглөөнөөс хойш тасарсангүй. Сая л гэхэд таны отгон шавь нар танд баярын бялуу өгч байна?
-Мистер цолны үнэ цэнийг мэдрэх юутай сайхан юм бэ. Хүмүүс өөрийн биеэр болон утсаар баяр хүргэж байна. Харин миний шавь нарын өгсөн бэлэг арай л өөр шалтгаантай юм.
-Нууц биш бол хэлэхгүй юу?
-Өнөөдөр /өчигдөр/ миний төрсөн өдөр болсон. Би 29 нас хүрч байна.
-Баяр хүргэе. Таны баяр дуусахгүй бололтой?
-Энэ шинэ долоо хоног ер бусын өнгө аястай өрнөх бололтой. /инээв/
-Төрж өссөн нутаг ус, бага насныхаа дурсамжаасаа бидэнд хуваалцахгүй юу?
-Товчхондоо долоон буудал, Дэнжийн мянгын үеийн дэггүй банди нартай тоглож өссөн. Мөн Нийслэлийн 57 дугаар дунд сургуулийг төгссөн. Би Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн. Би хэд хоногийн өмнө эхнэр хоёр хүүхэдтэйгээ Архангай аймгийн 90 жилд оролцоод ирлээ. Нутаг усандаа очиход бие хөнгөрөөд, сэтгэл сэргээд нэг л сайхан байлаа. Нэг ёсондоо тэмцээний өмнөх нутгийн цэнгэг агаар амсаж сэргэлээ. Нутгийн уул ус минь намайг түшсэн байх аа.
-Уучлаарай миний танд тавих асуулт эргээд тэмцээн уралдаан руу орчихлоо. Монголын мистер болж байх тухайн үеийн агшныг хуваалцахгүй юу?
-Намайг энэ спорт руу хөтөлж оруулсан Д.Бат-Эрдэнэ ахыгаа үзэгчдийн дундаас нүдэндээ нулимстай хайсан. Гэтэл үзэгчид хайж байсан хүн рүү маань гараараа зааж алга ташсаар миний сэтгэлийг улам хөдөлгөсөн. Хүмүүс их гярхай юм байна. Төд удалгүй ах минь тайзан дээр гараад ирэхэд би нулимсаа барьж дийлээгүй юм.
-Заал дүүрэн хүүхэд бэлтгэл хийж байгаагаас ажиглахад отгон мистер маань залгамж халаагаа бэлдэж байгаа бололтой?
-Би “Хичээлийн дараа” хэмээх Төрийн бус байгууллагатай хамтарч өсвөр үеийнхэнд англи хэл, амьдрах ухаан, бие бялдрын өв тэгш хүмүүжлийг үнэ төлбөргүй зааж байгаа. Тэдний зарим нь бодибилдингийн спортоор дагнан хичээллэж байна.
-Ууган шавь нар чинь тэмцээн уралдаанд оролцож байна уу?
-Миний төрсөн дүү Э.Чинзориг өнгөрсөн улсын аварга шалгаруулах тэмцээний Залуучуудын ангилалын -70 кг-ын жинд түрүүлсэн. Мөн 2013 оны хотын аваргад 65 кг-ын жинд алтан медаль хүртсэн. Бас болоогүй 60 кг-ын жинд Г.Адьяа, 70 кг-д Н.Сумьяа нар алтан медаль авсан. Тэд цаашид их амжилт гаргах ирээдүйтэй хүүхдүүд шүү.
-Та долоо хоногийн хэдэн өдөрт нь бэлтгэл хийдэг вэ?
-Надад амралтын нэг л өдөр байхад хангалттай. Өглөө, орой нийт таван цагийг энэ зааланд өнгөрүүлж байна.