Б.БУЯНХИШИГ

Монголын  усны Ассоциаци, Антрактид судлалын нийгэмлэг  хамтран Өмнөд мөсөн туйлын судалгааны ажлын талаар мэдээлэл хийсэн юм. Энэ талаар Антрактид судлалын нийгэмлэгийн тэргүүн Ч.Чинбаттай ярилцлаа.

1-13-13-Антрактидийг судлах  ажил манай улсад хэдийнээс  эхэлсэн  бэ?

 -Анх 2008 оноос судалгааны ажлыг явуулж эхэлсэн. 2013 оны арванхоёрдугаар сард  Антрактид тивд очиж дэлхийн “0” цэг дээр Монгол Улсынхаа төрийн далбааг хатгачихаад, Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдтай уулзаж уг асуудлыг тавьж байсан.

-Одоо ямар ажил өрнүүлж  байгаа вэ?

-Өнгөрсөн оны сүүлчээр доктор Д.Батмөнх ирэх, очихдоо 40 хоног явснаас, 12 хоног нь Антрактидад судлагаа хийсэн. Атлантын өмнөд Номхон далайд  нийлсэн гурван том, асар ширүүн урсгалтай хоолойг гатласан. Ер нь гурван том уулзварыг далайгаар гатлаж давах нь маш хүнд  ажил байсан гэдгийг хэлэх нь  зүйтэй байх. Энэ том далайд  долоо хоног явж,  нийтдээ ойролцоогоор 55,000 км замыг туулж байж судалгааны ажлаа хийсэн.

-Та  хэдэн оноос энэ талаар судалж эхэлсэн бэ?

-Би ОХУ-д оюутан байхдаа энэ талаар судалгаа хийж сонирхож байсан. Тэнд  манай багш нар өрөмдлөгийн  ажил явуулж,  мөсөн дээр 480 метр байна гэж үзэж, хамгийн гол нь тэр мөсийг өрөмдөхөд  цэвэр юмуу, дунд нь  бохир байна уу  гэх мэтчилэнгээр янз бүрийн асуудлуудыг судлаж байсан. Тухайн үед их сонирхолтой асуудлууд гарч ирж байлаа. Одоо бидний мэдлэг нэмэгдээд л байна. Жишээ нь,  энэ мөс хэдий хэрийн зузаантай вэ, цэвэр ус, нүүрс ямар хэмжээтэй  байдаг юм байна гэдгийг судалгаагаар тогтоосон байгаа.

- Монголчууд тэнд баазаа барихад юу  шаардлагатай бол?

-2017 онд багтаан баазаа байгуулах төлөвлөгөөтэй байна. Сүүлд очиход  манай  зургаан  метр бааз  цасанд  дарагдсан байсан. Бид одоо явахдаа тавуулаа явна гэсэн бодолтой байгаа. Одооноос эхлээд эрүүл мэнд, хол газар явган явахад ачаалал даах ,  ямар нэг хууч өвчин байвал эмчлүүлэх гэх мэтчилэн биеэ бэлдэх нь чухал. Антрактидэд очоод  өвчин тусна гэж байхгүй, тэнд агаар нь маш цэвэр эрүүл,  ямар ч өвчин тээх вирусгүй, ус бол хамгийн дээд зэргийн цэнгэг устай байх жишээтэй.

-Антрактид тивд  бааз байгуулах хэтийн зорилго юу вэ?

-Бааз байгуулснааар дэлхийн өөрчлөлтийг хянах боломжтойгоос гадна, дэлхийн хөгжил, цаг уур, усны нөөц  хүрэлцэх үү, үгүй юу гэдэг асуудал бүрхэг байгаа учраас энэ асуудлыг судлах хэрэгтэй.  Антрактид тивд  хүнсний хэрэгцээний асар их нөөц байгаа. Тээврийн асуудал хүнд учраас ирээдүйд Болгар улсаар дамжуулан хямд үнээр тээвэрлэлт хийх боломжтой гэж үзэж байгаа. Ирээдүйд цэвэр ус, нүүрсний орд, нефтийн  орд, төмрийн үйлдвэр зэрэг ордууд нь ашиглалтанд ороод эхлэвэл  манай улс мөн хувь хүртэх боломжтой болно гэсэн үг юм. Тэнд Япон, Орос улс гэхэд хэд хэдэн баазтай, мөн БНХАУ-ын бааз бас байгаа.

-Бааз барих санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн шийдэх вэ?  

-Энэ жилийн хувьд  УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл  уг асуудлыг  хөөцөлдөж өгч байгаа. Бидний бааз барих  ажилд улсын төсвөөс 90 сая орчим төгрөг төсөвлөж  магадгүй гэсэн сураг  байна. Баазыг барихад эхний ээлжинд 250 мянган ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Испани улс гэхэд сая баазаа барихад 15 сая ам.доллар зарцуулсан  байгаа юм. Бид судалгааны ажлын зардлаа хувиараа даагаад явдаг. Нэг хүний зардал  гэхэд л ирэх очихийн  40 мянган  ам.доллар болдог.  Бид  Засгийн газарт албан ёсоор бааз барих саналаа хүргүүлсэн.

-Тэнд одоо ямар улсууд баазаа барьсан байгаа вэ?

- “Кевингстон” арал дээр одоо Испани, Монгол, Болгар гэсэн гурван улсын бааз байгаа. Ер нь Антрактид тивийг тойроод битүү бааз байрладаг. Тухайн газар маань ундны усны нөөцтэй байх ёстой. Антриктидийн гэрээнд  зааснаар уг газрыг ШУ-ны зорилгоор ашиглаж болно гэсэнд байдаг. Энэ газрыг ашигласнаар ямар нэг татвар төлөхгүй. Баазыг байгуулахдаа Болгар, Испани улсуудтай хамтарч ажиллаж тэднээс дэмжлэг авч, Болгарын тал бидний байр, хоол судалгааны ажлын зардлыг дааж байсан.

Эх сурвалж: www.polit.mn