Б.БАЯРЖАВХЛАН
Дэлхий дээрх найман тэрбум хүн яс үндэс, угсаа гарвал, соёл, ёс заншлаараа ялгаатай ч нэг дэлхий дээр аж төрдөг. Тэднээс амьдралын эрхээр харь газар ажиллаж тэндээ он цагийн эрхээр чимээгүйхэн амьдарч байгаа хүмүүс олон. Тиймээс бид “Манай гадаадынхан” буландаа манай улсад ажиллаж, амьдарч, өөрийн хүч хөдөлмөрийг зориулж яваа зочноор урьж ярилцдаг билээ. Энэ дугаарт ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын иргэн Ранжиловын Славаг онцолж байна.
Улаан-Үд хотоос Улаанбаатарын иргэн болжээ
Эмч хүн гэдэг хүний хувь тавиланг шийдэх хариуцлагатай мэргэжил. Энэхүү хариуцлагатай мэргэжлийг эзэмшихээр ОХУ-ын Улаан-Үд хотоос 18 настай хүү Монгол Улсыг зорин ирж байжээ. Энэ тухайгаа “2006 онд дунд сургуулиа төгсөөд АШУИС-д их эмч мэргэжлээр сурахаар болсон. Би хичээлдээ сайн, биеэ даах чадвар сайтай хүүхэд байсан. Тиймээс аав, ээж минь гадны улсад сургах шийдвэр гаргасан байх. Наймдугаар сарын 21-ний өдөр Улаанбаатарт ирээд, дотуур байрандаа орж тохижоод, долоо хоногийн дараа хичээлдээ сууж эхэлсэн” гэсэн юм.
ОХУ-ын Буриад улсын иргэдийн хувьд ихэвчлэн орос хэлээр ярьдаг. Славагийн хувьд оросоор ярьдаг бөгөөд буриад хэлэндээ тааруухан байсан гэнэ. Гэхдээ хичээнгүй, хариуцлагатай зан чанартай тэрээр монгол хэлийг зургаан сарын дотор сурчээ. Энэ талаараа “Монгол болон буриад хүмүүсийг нэг хүмүүс гэж боддог. Гэхдээ буриадуудын хувьд ОХУ-д байгаа учир орос хэлээр ярьдаг.
Хааяа л буриадаар ярьдаг. Уг нь буриад болон монгол хэл хоорондоо төстэй шүү дээ. Даанч би буриад хэлэндээ тийм ч сайн байгаагүй. Цэвэр орос хэлтэй хүүхэд ирж байсан. Хичээл эхлэхэд лекцээс юу ч ойлгодоггүй байлаа. Тиймээс орой бүр ангийнхаа хүүхдийн лекцийн дэвтрийг орчуулдаг байсан. Эхний гурван сар өдөр, шөнөгүй орчуулга хийсэн. Хагас жилийн дараа ойлголцох хэмжээний монгол хэлтэй болсон. Жилийн дараа хэлний түвшин минь харьцангуй сайжирсан” гэсэн юм.
Үргэлжлэлийг zuuniimedee.mn сайтаас цахим сонин захиалан уншаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29. МЯГМАР ГАРАГ. № 79 (7576)