Б.НЯМСҮРЭН

“Эмнести Интернэшнл” байгууллагаас Дэлхийн хүний эрхийн төлөв байдлын тайланг гаргасныг “Монголын Эмнести интернэшнл” байгууллагаас өчигдөр танилцууллаа. Мөн энэ үеэр Монгол Улсын хүний эрхийн өнөөгийн нөхцөл байдлын дүгнэлтийг танилцуулсан нь олон улсын болон Монголын хүний эрхийн байдлыг харьцуулан дүгнэх боломж олгов. Дэлхий дахинд 2024 оны хувьд зэвсэгт мөргөлдөөний үеэр олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг ноцтой зөрчсөн, өөрөөр сэтгэгчдийг нухчин дарсан, ялгаварлан гадуурхсан, уур амьсгалын хямрал, тэгш бус байдлыг шийдвэрлэж чадаагүй, амлалтуудаасаа ухарсан, технологийг урвуулан ашиглаж хүний эрхийг зөрчиж байгааг олон улсын тайланд онцлон дурдсан байна. Мөн зарим нэг эерэг өөрчлөлтийг эс тооцвол, хүчирхэг улсууд НҮБ-ын дүрэмд суурилсан олон улсын эрх зүйн тогтолцоог сүйтгэж, тив болгонд дарангуйллын практик тархахад ихээр нөлөөлжээ. Хүний эрхийн энэ төлөв байдал нь 2025 он болон цаашид улам даамжирсан хүний эрхийн ухралт руу түлхэж болзошгүйг Эмнести Интернэшнл онцгойлон анхаарууллаа. 

Буркина Фасо, Камерун, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс (ТАБНУ), Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (БНАКУ), Этиоп, Ирак, Израил болон Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэр, Ливи, Мали, Мозамбик, Мьянмар, Нигер, Нигери, Судан, Өмнөд Судан, Сомали, Сири, Украин, Йемен зэрэг улсад өрнөж байгаа зэвсэгт мөргөлдөөн дэлхийн олон сая хүний амьдралыг сүйтгэж байна. Зөвхөн Судан улсад өнгөрсөн жил дэлхийн хамгийн том дүрвэгсдийн хямрал үүсч 11 сая хүнийг дотооддоо шилжин суурьшихад хүргэжээ.

Сэргээгдэх эрчим хүчний шилжилтэд “ховор” ашигт малтмалын эрэлт эрс нэмэгдэж, хүний ​​эрхийн шинэ эрсдэл бий болж байна. Зарим засгийн газар эдийн засгаа өсгөхийн тулд хүний ​​эрх, тэр дундаа эрүүл орчинд амьдрах эрхийг зөрчиж буй эдийн засгийн салбар, төслүүдэд хөрөнгө оруулалт хийх замыг сонгох болсон нь ажиглагдах болжээ.

Эмнести Интернэшнл байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард "Хүн төрөлхтөн түүхийн чухал уулзварт ирээд байна. Урьд өмнө хэзээ ч байгаагүй хүч, албадлага хүний эрхийн үзэл санааг ангуучилж, Дэлхийн II дайн, түүний сүйрэлд өртсөн олон сая хүний цус, зовлон зүдүүрээр бий болгосон олон улсын тогтолцоог сүйтгэн нураахаар эрэлхийлж байна. Өнгөрсөн 80 жилийн хугацаанд арай гэж олж авсан тэгш байдал, шударга ёс, хүний эрхэм чанарыг аюулд оруулж, хүний эрхийн зөрчилд хариуцлага тооцохгүй байх, олон улсын эрх зүйг дордуулах, НҮБ-ын эсрэг олон төрлийн дайралт үргэлжилсээр байгааг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын 2025 оны "засаглалын" эхний 100 хоногийн зарим үйлдэл бэлхнээ харууллаа. Бид алдах эрхгүй. Энэ бол зөвхөн Ерөнхийлөгч Трампын тухай асуудал биш. Үндэс суурь нь илүү гүнзгий. Үүний эсрэг хамтдаа, зоригтой тэмцэхгүй бол энэхүү уулзвар нь түүхийн шилжилт болон хувирч, өөрчлөлтийн эрин үе биш харин эрин үеийн өөрчлөлт болно" хэмээн мэдэгджээ.

Энэхүү олон улсын тайлангаас үзэхэд 2024 онд дэлхий даяар 64 улсад өрнөсөн сонгуулиар хүний ​​эрхийг зөрчигчид ялалт байгуулж чадаагүй нь анхаарал татаж байгаа асуудал гэдгийг мөн онцолжээ.

Мөн “Эмнести интерншнл” байгууллагаас Монгол Улсын хүний эрхийн талаар хийсэн дүгнэлтийг танилцуулсан юм. Тус байгууллагын дүгнэлтэд “Монгол Улс олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нухчин дарав. Уул уурхайн улмаас үүсэж буй байгаль орчны доройтол малчдын эрхэд сөргөөр нөлөөлсөн хэвээр байна. Тэтгэврийн тогтолцооны шинэтгэл нийгмийн хамгаалал хүртэх эрхийг хамгаалсангүй. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулиар иргэдийн орон байртай байх эрхийг зөрчив” хэмээн дүгнэжээ. Монгол Улсын хувьд  хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх зөрчигдөж байгаа талаарх цөөнгүй тохиолдол бртгэгдэх болсон нь анхаарал татаж байна. Ялангуяа  эрх баригчдыг шүүмжилсэн сэтгүүлчид болон иргэдийн эсрэг гомдол гаргах, мөрдөн байцаахад Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг ашиглаж эрс буруутгажээ. Цагдаагийн Ерөнхий Газрын мэдээллээр 2024 оны арван хоёрдугаар сарын 25-ны байдлаар ЭХ-ийн 13.14 буюу “худал мэдээлэл тараах” гэмт хэрэгтэй холбоотой 697 гомдол хүлээн авснаас 16 нь сэтгүүлчтэй холбоотой байснаас, түүнээс дөрвийг нь яллагдагчаар татаж шийдвэрлэсэн байна. Мөн нийгмийн хамгааллын эрх, эрүүл орчинд амьдрах эрх, орон байртай байх эрхүүд зөрчигдөж байгааг онцолжээ.

Эх сурвалж: zms.mn