Шувуудын жиргээ салхины аясаар намуухан хөглөгдөж Сэлэнгийн тал нутгийн өглөө ийн эхлэх үест бид зорьсон газартаа ирлээ.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод энэ сарын 24-нд “Атар IV” газар тариалангийн тогтвортой хөгжлийн аяны нээлт, Сэлэнгэ аймгийн газар тариалан, төмс, хүнсний ногоо тариалагчдын зөвлөгөөн болж өндөрлөлөө.
Сэлэнгэд ногоо тариалдаггүй айл, мод тарьдаггүй хүн гэж бараг байхгүй. Бүгд л өглөө нарнаас үдшийн бүрийг хүртэл ургацын талбайдаа ажиллаж, хөдөлмөрлөн намартаа арвин их ургац хураан авч, Монгол Улсын газар тариалангийн үйлдвэрлэлийн 60 хувийг дангаараа хангаж байна.
“Атрын IV” аянаар хувийн өмчийн хөрөнгө оруулалтыг татна
Атрын аян нь газрыг хагалж, газар тариалангийн аж ахуйг хөгжүүлэх замаар улс орны эдийн засгийг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилготой өргөн олныг хамарсан үйл явц юм. Анх атрын аяныг улс орон даяар 1959 оноос эхлэн зарлан явуулж эхэлсэн бөгөөд өнөө жил “Атрын IV” аянтай золгож байна. Дашрамд, атрын дөрвөн удаагийн аяны онцлогуудыг дурдвал хоёр дахь аянаар атар газар эзэмшиж эхэлжээ. Харин “Атрын II” аянаар газар тариалан эрхэлж, улсын хэмжээнд хүнсний ногоо үр тариалалтыг хангах зорилтыг тавин ажиллаж байсан юм. “Атрын III” аянаар техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг хийж тухайн үеийн газар тариалангийн салбарт сэргэлт болж гарч ирснээрээ онцлог байв. Харин “Атрын IV” аян нь хиймэл оюун ухаан, шинэ технологи, инновацд суурилан, газар тариалан, мал аж ахуй хослуулан явж буйгаараа онцлог болж байна. Энэ аянууд нь тухайн цаг үеийнхээ ялгааг харуулсан тун онцлог агаад улс эх орондоо хэмжээлшгүй хувь нэмрийг оруулсан хөдөлгөөн юм.
Өнгөрсөн онд Сэлэнгийн газар тариалан эрхлэгчид улсын хэрэгцээт үр тарианы 43, төмсний 25, хүнсний ногооны 34, байгалийн хадлангийн 13 хувийг хангаж, үр тариалалт, хадлан бэлтгэлээрээ улсдаа тэргүүлсэн амжилттайгаар “Атрын IV” аянтай золгож байна. Улмаар Сэлэнгэ аймгийн 16 сум, 44 багийн нутаг дэвсгэрийг тариалангийн бүс нутаг болгон зарлаж, нийт малын тоог өмнөх оноос 167 мянган толгой буюу 9.4 хувиар бууруулжээ. Атар газрыг тариалангийн талбайд шилжүүлж, хөрсний үржил шимийг хамгаалж сайжруулах, тарималын ургалтыг сайжруулж, био эрдэс бордооны хэрэглээг нэмэгдүүлэх нь арвин ургац хураан авах чухал асуудлуудын нэг болж буйг аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж зөвлөгөөний нээлтийн үеэр хэлж байлаа.
Мөн хөрсний үржил шимийн асуудал дээр анхаарах хэрэгтэй байна. Манай аймгийн хувьд газар тариалангийн текник, хэрэгслээр улсдаа тэргүүлдэг. Энэ жил Сэлэнгэ аймаг 140.9 мянган га талбайд үр тариа тариалж байгаагаас 128.9 мянган га-д улаанбуудай, 12 мянган га-д тэжээлийн ургамал, 30.5 мянган га-д төмс, хүнсний ногоо тарихаар ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн хувьд органик хүнс нийлүүлэгч аймаг болохыг зорин ажиллаж байгаа. Янз бүрийн химийн бодис, бордоог хэрэглэхгүйгээр хүнсний ногоогоо органикаар тариална. Баригдсан хүлэмжүүдийг аль болох ашигтай талд байрлуулахыг зорьж байгаа бөгөөд хүлэмжүүдийг хоршоодуудад шийдвэрлэн өгч, органик сэлэнгийнхэн органик ногоо тарих үйл явц руу шилжиж байна” гэсэн юм.
Сэлэнгэ аймаг жилд дунджаар 180-190 мянган тонн улаанбуудай хураан авдаг байна. Түүнчлэн Монгол Улсынхаа хүнсний ногооны 30 орчим хувийг дангаараа хангаж байгаа аж.

Энэ үеэр ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч М.Ариунболд “Монгол Улсын газар тариалангийн үйлдвэрлэлийн 60 хувийг дангаараа хангадаг Сэлэнгэ аймгийн тариаланчдад “Атар-IV” аян бол итгэл найдвар хүлээлгэж буй хөдөлгөөн юм. Өнөөдрийн зөвлөгөөнд бүс нутгийг хөгжүүлэхэд тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэд, ААН-үүд оролцож байна. “Атрын IV” аяны гол зорилго эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн төгс хослолыг бий болгох юм. Бид хүнсээрээ бүрэн хангахын тулд эрчимжсэн махны үйлдвэрлэл, сүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд тариалангийн үйлдвэрлэл гол манлайлагч болж ажиллах ёстой. Эрчим хүч сайтай, шим тэжээл арвин үйлдвэрлэлийг хангахын тулд 200 мянган га тариалангийн талбайг шинээр эргэлтэд оруулах зорилт тавин ажиллаж байна. Бид өнөөдөр 117 мянган толгой эрчимжсэн үхрийн тоо толгойг энэ дөрвөн жилийн хугацаанд 200 мянгаас доошгүйгээр нэмэгдүүлнэ гэсэн зорилтоо ханган ажиллахад тариаланчид гол үүргийг гүйцэтгэнэ. Мөн үүнээс гадна төмс, хүнсний ногоо, ашигт таримлуудын тариалалтыг нэмэгдүүлнэ. Түүнчлэн тариалангийн үйлдвэрлэлийн дэд бүтцүүд болох агуулах, зоорь, элеваторийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана” гэлээ.
Түүнчлэн хөрс хамгаалах цогц технологийг хэрэгжүүлэх, салхины эндэгдлээс хамгаалах, ойн зурвас байгуулах, хашаажуулах, хөрсийг биологийн аргаар нөхөн сэргээх олон талт ажиллагааг газар тариалангийн салбарт явуулах юм байна.
Атрын III аян нь төрийн хөрөнгө оруулалтаар шийдэгдэж байсан. Тэгвэл “Атрын IV” аянаар хувийн өмчийн хөрөнгө оруулалтыг татах юм. Учир нь төрөөс бүх төрлийн зээлүүдэд хүүгийн дэмжлэг үзүүлэх аж. Ингэснээр ААН-үүд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх аж. Хүнсний хувьсгалын хүрээнд өнгөрсөн 2023, 2024 онд хөнгөлөлттэй зээлийг хэрэгжүүлэн ажиллахад сайн үр дүн гарсан талаар салбарынхан хэлж байлаа. Тодруулбал, нэг сая төгрөгийн хөнгөлөлт тутамд хувийн өмчийн хөрөнгө оруулалт 5-6 дахин их орж ирсэн байна. “Зах зээлд хувийн өмчийнхний хөрөнгө оруулалт биднийг хүлээгээд байж байдаг. Гагцхүү үүнийг хөдөлгөхөд төрөөс багахан хэмжээний хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэхэд энэ нь хөрөнгө оруулалт болон сэргээд явчих юм” хэмээн ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч М.Ариунболд яриандаа онцолсон юм.
“Сэлэнгэ аймаг энэ жил 128.5 мянган га талбайд тариалалт хийнэ”
Сэлэнгэ аймгийн хувьд 66 жил ашигласан газар тариалангийн хөрсөө хамгаалахад анхааран ажиллах шаардлага тулгарч байгаа аж. Тиймээс “Атрын IV” аяны хүрээнд тогтвортой хөгжил рүү илүү анхааран, шинэ инновац, текник, тоног төхөөрөмжийн хувьд шинэ үеийн техник ашиглаж ажиллах юм байна. Мөн газар тариалангийн салбарт тулгарч буй асуудлуудын нэг хүний нөөц дээр анхааран агрономчдыг бэлтгэх, дараагийн шинэ залуу боловсон хүчнийг бэлтгэх зорилтуудыг тавин ажиллаж буйгаараа энэ удаагийн аян онцлог юм.
Энэ талаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог “Атрын IV” аяны нээлтийг Сэлэнгэ аймгийн төвөөс эхлүүлэн, 17 сум, зургаан тосгоноороо “Атрын IV” аяны нээлтийн туг, дэвтрийг аялуулж, тухайн сум орон нутаг уг аянд ямар зорилго тавин ажиллаж байгаа. Аяны зорилтыг хэрхэн биелүүлэх зэрэгт хяналт тавин, сум орон нутгийн тариаланчдад хүргэнэ. Эргээд энэ аялуулсан тугаараа “Атрын IV” аянаар хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх боломж гарч ирж байна. Энэ жил 128.5 мянган га-д тариалалт хийж, 3.1 га талбайд төмс тариална гэсэн төлөвлөгөө гаргалаа. 8.2 га-д хүнсний ногоо тариална гэсэн төлөвлөгөөг мөн урьдчилсан байдлаар гаргаж байна. Сэлэнгэ аймгийн Орхон сум эрт ургацын төмс тариалдгаараа алдартай. Иймд Орхон сумын Шийрийн бригадын төмс тариалалтын ажил ид өрнөөд явж байгаа энэ үед “Атрын IV” аянаа эхлүүлж байна” гэлээ.
Мөн Сэлэнгэ аймгийн газар тариалан, төмс, хүнсний ногоо тариалагчдын зөвлөгөөнд атрын аяны 66 жилийн түүхэнд томоохон хувь нэмрийг оруулж, амжилт бүхнээ Сэлэнгэдээ үлдээсэн аваргууд, ахмад тариаланчид оролцсон юм.
Зөвлөгөөний үеэр газар тариалангийн салбарын залуу, дунд, ахмад үеийн төлөөллүүд сэтгэгдлээ хуваалцлаа.

Ахмад тариаланч, Хөдөлмөрийн баатар Ц.Сүрэн “1968 он буюу атрын анхны аяны сүүлчээр газар тариалангийн салбартай холбогдсон. Энэ үеэс хойш 58 дахь хавартаа эх орныхоо газар тариалангийн салбарт хүчин зүтгэж байна. Сүүлийн 10-20 жилд залуу үеийнхэндээ зөвлөж, туршлагаа хуваалцаж явна. Мөн энэ дашрамд нэг зүйлийг хэлэхэд тариаланчдын сэтгэлийг гонсойлгож буй зүйл бол импортын гурил оруулж ирэн дотоодынхоо буудай, гурилыг үнэгүйдүүлж байгаад сэтгэл дундуур байна. Иймээс ахмад тариаланчийн хувьд биднийг дэмжиж, тариаланчдадаа боломж, нөхцөлийг нь бүрдүүлж өгдөг байгаасай гэж хүсэж байна. Үр тариа тарина гэдэг буянтай сайхан ажил юм шүү” гэв.

Сэлэнгийн газар тариалангийн салбарын дунд үеийн төлөөлөл улсын аварга тариаланч У.Эрдэнэсан “Газар тариалангаа дэмжиж, хүн ардаа эрүүл хүнсээр хангах зорилгоор “Атрын IV” аяныг зарласанд баяртай байна. Манай компани Сэлэнгэ аймгийн Орхон суманд үйл ажиллагаа явуулдаг. Тариаланчдад зориулсан хөнгөлөлттэй зээл олголт нь бидэнд их тус болж байгаа. Харин бүтээгдэхүүн борлуулалтын хувьд хүндрэлтэй байна. Энэ асуудал дээр төр, засгаас анхаарч өгөх хэрэгтэй байгаа. Бид үр тариа, төмс, хүнсний ногоо гээд бүх төрлөөр нь ургуулж, тариалан хөдөлмөрлөөд байдаг ч түүнийгээ борлуулах нь хүндрэлтэй болсон. Хийж байгаа хөдөлмөрийг үнэгүйдүүлэхгүй байгаасай гэж хэлмээр байна” гэсэн юм.

Сэлэнгэ аймгийн газар тариалангийн салбарын залуу үеийн төлөөлөл агрономич Л.Очирхүү “ХААИС-ийг агрономич мэргэжлээр төгсөөд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт” компаниас ажлын гараагаа эхэлсэн. Одоо улсын дөрвөн удаагийн аварга “Ургацын ундраа” компанид агрономичоор ажиллаж байна. Залуу тариаланчийн хувьд Монгол Улсад “Атар IV” аяныг эхлүүлж байгаад баяртай байгаа. Мөн талбай дээрх сэлгээний тарималыг зөв зохистой тариалах, нийт талбайн хөрсийг салхины элэгдлээс хамгаалах, бэлчээрийн даацыг зөв зохистой ашиглах, эдийн засгийг үр өгөөжтэйгөөр шийдэж өгч байгаад талархаж байгаа. Манай компанийн хувьд цомхтгосон технологи, сэлгээний тарималд буурцагтан болон малын тэжээл тариалж хөрсийг салхины элэгдлээс хамгаалах, талбайгаа тойруулан ойн зурвас байгуулахад ажилладаг” гэлээ.
“Атрын IV” аян нь мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлэх онцлогтой”
Атрын аян хэрэгжиж буй цаг үе бүрдээ ашиг тусаа өгч, шинэ дэвшлийг бий болгодог. Тэгвэл атрын гурван удаагийн аянаар технологийн хувьд гарсан ахиц, дэвшил нь юу байв.
Анхны аянаар хөрсийг хөмрүүлж хагалах технологийг ашиглаж байжээ. Харин хоёр дахь аянаар хөрсийг салхины элэгдлээс хамгаалах хавж боловсруулах технологийг хэрэгжүүлж ажилласан байна. Харин гурав дахь аянаар цомхтгосон технологи, тэг элдэншүүлгийн технологогийг ашиглаж ажиллажээ. Тэгвэл Атрын IV” аянд эдгээр технологи дээр нэмэн инновац шингэсэн, хүний хөдөлмөрийг хөнгөвчилж илүү автоматжсан, техник технологийн аргыг ашиглан “ухаалаг технологийг удирдах инженер техникийн ажилтнууд гэсэн уриатайгаар ажиллаж байна.
Зөвлөгөөн өргөн цар хүрээг хамарч, үр тариа, төмс хүнсний нөгөө, хүлэмжний аж ахуй гэсэн тариаланчдад чиглэсэн зөвлөгөө, сургалтаар өдрийн турш үргэлжилсэн юм.

Зөвлөгөөнд ярьсан чухал сэдвүүдийн нэг нь УХЭШХ-ийн Ургамлын өвчин судлалын лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан А.Уранчимэгийн тавьсан “Хүлэмжийн аж ахуй ургамлын хөнөөлт организм, тэдгээртэй тэмцэх арга” илтгэл байсан юм. Тэрээр “Хүлэмжинд зөвхөн өргөст хэмх, лоолийг тариалдаг байсан бол одоо цэцэг хүртэл үрслүүлж, мод сөөг, жимс, жимсгэнэ тариалж байна. Хүнсний бүтээгдэхүүнийг зөв, органик хэлбэрээр, ямар нэгэн химийн бодисын найрлагагүй тариалах талаар олон сургалт ордог. Ялангуяа, бүсчилсэн, сумдад зориулсан сургалтыг хийж, зөв бүтээгдэхүүн, бордоо хэрэглэх хэрэгтэйг зөвлөж байна. Сошиалаас авсан буруу мэдээлэлд итгэж болохгүй. Мэргэжлийн зөвлөгөө мэдээллийг авч байхыг анхааруулдаг.
Ямар нэгэн химийн бодис орсон бордоо, бүтээгдэхүүн хэрэглэхгүй байж, хамгийн түрүүнд хүлэмжийн ногоогоо органик болгон хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Зарим хүн хүлэмжинд ногоо тарихаар үр дүнгүй байна, борлуулж чадахгүй байна гэдэг. Энэ бол өнөө маргаашийн мөнгө олох ажил биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Эрүүл ногоо тарьж, үр хүүхдийнхээ болон өөрсдийнхөө хоол, хүнсний аюулгүй байдлыг хангаж буй том хөрөнгө оруулалт гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж байлаа.
“Тариаланчдад бүтээгдэхүүнээ борлуулах, хадгалахад хүндрэл тулгарч байна”
Аливаа зүйлд сайн, саар тал байдаг. Тариаланчид тариа буудай, ногоо жимсээ жилээс жилд амжилттай ургуулан, арвин их ургац хураан авч байгаа ч борлуулах, түгээх, хадгалах бэрхшээл тулгарч байгаа аж. Мөн үүнээс гадна малчид, тариаланчид хоорондын бэлчээрийн тухай маргааныг төр бодлогоор зохицуулж өгөхийг тэд хүсэж буйгаа илэрхийлсэн юм. Улмаар намрын намарт агуулах, зоорины хүрэлцээ муудтай байдаг байна. Дөнгөж 50 орчим хувьд нь л зоорь хүрэлцдэг аж. Хүнсний ногоогоо органикаар тариалж, хадгалалтын шаардлага хангасан агуулах, зоорины асуудлыг шийдвэрлэснээр борлуулалт үр ашигтай байх болно гэдгийг тариаланчид зөвлөгөөний үеэр хэлж байлаа.

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын газар тариалан эрхлэгч Х.Лувсандагва “Миний хувьд 14 дэх жилдээ газар тариалан эрхэлж байна. 2024 оноос эхлэн “Атар IV” аяны хүрээнд “Мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлэх” зорилтын дагуу манайх тэжээлийн үйлдвэр байгуулан ажиллаж эхэлсэн. Ингээд бэлчээрийн малыг тэжээлээр дэмжих зорилгоор блансжуулсан хүчит тэжээл гаргаад явж байгаа. Манайх 340 га талбайд тариалалт хийж, түүхий эдийнхээ ихэнхийг өөрсдөөсөө бүрдүүлээд явж байна. Бидэнд тулгарч буй асуудал нь малчид, тариаланчдын хоорондын маргаан байна. Мөн бид тариалалт дээрээ анхаарч, эрүүл хүнс үйлдвэрлэж байгаа ч үүнийгээ борлуулж, худалдаалахад бэрхшээл тулгардаг. Зах зээлийн эргэлт муудсан гэж хэлж болно” гэлээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЗДТГ-ын Хөдөө аж ахуйн тасгийн дарга, ерөнхий агрономич Г.Баасандамба “Манай сум нийт 27876 га газартай. Жилд 17-18 га-д үр тариа тариалдаг. Улаанбуудай 12500 га-д, тосны ургамал 3000-4000 га-д тариалалт хийдэг. Үлдсэн талбайд нь тэжээлийн ургамал тариалж байна. Харин төмс 340-360 га, нарийн ногоог 700-1200 га-д тариалалт хийж байна. “Атар IV” аянтай холбогдуулан хөрс хамгаалах, хөрсний үржил шимийг сайжруулахад төрөөс барьж байгаа бодлогоор манай суманд 500 орчим сая төгрөгийн санхүүжилт олгосон. Бид аяны хүрээнд нийт 30 га газар хашиж, мод тарина. Энэ жил 13150 га-д улаанбуудай, үлдсэн талбайд тосны ургамал, малын тэжээл тариалах төлөвлөгөөтэй байна. Бид ургуулж тариалаад, намар хураах болоход зориулалтын агуулах, зоорины асуудал тулгардаг. Тиймээс энэ асуудлыг шийдэж өгөхийг, тариаланчдаа дэмжин ажиллахыг хүсэж байна” гэв.
Мөн зөвлөгөөнд хамтран оролцогч байгууллагууд өөрсдийн бүтээгдэхүүн, техник, тоног төхөөрөмжүүдийг танилцуулж байлаа. Тэдний төлөөлөл “Био ундарга” компанийн хувьд 2017 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Монгол Улсын зах зээлд органик баталгааны тэмдэглэгээтэйгээр найдвартай үйл ажиллагааг явуулсаар иржээ.

“Био ундарга” компанийн Сэлэнгэ аймаг дахь гэрээт борлуулагч Ч.Одгэрэл “Био ундарга компанийн хөрс хамгаалах бодис, бордоо, жигаг борлуулдаг. Борлуулж буй бодисуудын хувьд Биогүн нь дотроо 18 төрлийн амин хүчил, эрдэс бодисыг агуулсан. Хөрсийг хамгаалах үйлчилгээтэй. Монголын хөрсөнд тохирсон бүтээгдэхүүн байгаа. Энэ нь бүх төрлийн хүнсний ногоо, мод, бут гээд бүх зүйлд ашиглах боломжтойгоороо давуу талтай. Сэлэнгийн үйлчлүүлэгчид маань гэрээт борлуулагчаараа дамжуулан манайхаас авдаг” гэсэн юм.
Ийн Сэлэнгэ аймгийн “Атрын IV” аяны нээлт газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн өдрийн туршид амжилттай болж өндөрлөсөн юм. Тус зөвлөгөөнөөр тариаланчид болон албаныхан мэдээлэл, санал сэтгэгдлээ солилцон, тулгамдаж буй асуудал, “Атрын IV” аянаар хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулан, газар тариалангийн салбарыг дараагийн түвшинд хүргэх гарц шийдлийн талаар хэлэлцсэн юм. Зөвлөгөөнд Сэлэнгэ аймгийн болон сумдын ЗДТГ, газар тариалан, төмс, хүнсний ногоо үйлдвэрлэгчдийн төлөөлөл, Ойн газар, БОГ, ойн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчид, ААНБ-уудын төлөөлөл оролцсон юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 30. ЛХАГВА ГАРАГ. № 80 (7577)