Ч.ГАНТУЛГА
Хамтлагийн блиц:
Хамтлагийн нэр: Мааз
Бүрэлдэхүүн: Дөрөв
Анхны бүтээл: Би дурламаар байна
Хамтлагийн сул тал: Байхгүй гэдэгт итгэдэг
Сайн тал: Нөхөрсөг
Гишүүдийн хувьд сонголт бол: Зөв алхам
Хөгжилтэй төрх, эвлэгхэн хоолойгоороо залуусыг татаад буй “Мааз” хамтлагийн ахлагч Р.Сүхболдыг “Хөгжим хэмнэл” буландаа урилаа. Түүнтэй хамтлагийнх нь тухай болон шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Сайн уу. “Мааз” хамтлагаар сонин юу байна?
-Танай сониноор дамжуулаад нийт монголчууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Манай хамтлагийн залуус энэ зуныг үр бүтээлтэй өнгөрөөсөн шүү. Бид жүжигчний мэргэжлээр суралцдаг. Удахгүй дэлгэцэнд гарах кинонд дүр бүтээсэн.
-Ямар дүр бүтээсэн бэ?
-Одоохондоо нууцлая. Үзэгчид гарахаар нь үзвэл сонирхолтой байх.
-Чиний хувьд “Хэцүү анги”, “Рашаантын 18” гээд хэд хэдэн кинонд тоглосон санагдаж байна?
-Жүжигчнээр сурч байгаа оюутны хувьд аз гэж боддог юм. Чадварлаг жүжигчидтэй хамт кинонд явж, жижигхэн ч гэсэн дүр дээр ажиллах сайхан байсан. Надад асар том боломж, сургуулилт, туршлага болсон.
-Хамтлагийнхаа гишүүдийг танилцуулаач?
-Бид нэг ангийн найзууд. Дөрвөн гишүүнтэй. Соёл урлагийн их сургуульд сурдаг. Ирээдүйн жүжигчин болохоор бэлтгэгдэж байна.
-Яагаад жүжигчний мэргэжлээр сурдаг байж хамтлаг байгуулахаар шийдсэн юм бэ?
-Хүн бүхэнд хүсэл, мөрөөдөл байдаг шүү дээ. Хэдий жүжигчний мэргэжлээр сурдаг ч хүсэл мөрөөдлөөрөө нэгдсэн. Дуу бидний амьдралын нэг хэсэг болсон. Олон уран бүтээл хийж, хүмүүсийн сэтгэлд хүрсэн, чанартай бүтээлтэй, сайн хамтлаг болохыг хүсч байна.
-Шинээр төрж буй хамтлаг бүр продюсертай байдаг. Танай хамтлагийг дэмждэг хүн бий юу?
-Манай хамтлагийн продьюсероор “Guys 666” хамтлагийн дуучин, хөгжмийн зохиолч А.Төгсбаяр ах ажилладаг. Бидний хийсэн дуу бүр ахтай минь салшгүй холбоотой. Биднийг уран бүтээлийн хувьд дэмжиж, зааж, зөвлөдөг.
-Залуус танай хамтлагийг “Guys 666”-ийн уран бүтээлтэй төстэй дуу хийдэг гэж сэтгэгдэл бичсэн байна лээ. Магадгүй продюсертой чинь холбоотой юм болов уу?
-Бид төдийгүй хөгжимд хайртай манай ард түмэн “Guys 666” хамтлагийг мэддэг шүү дээ. Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн орон зайтай хамтлаг гэж үнэлдэг. Түүнээс дагаж, дуурайсан зүйл байхгүй. Бид өөрсдийн стиль, дуулалттай.
-Танай хамтлагийн “Би дурламаар байна”, “Сургууль минь баяртай”, “Синдром” зэрэг дуу ихэвчлэн хөгжилтэй, хөнгөн байдаг. Тэгвэл үүнийг стиль чинь гэж ойлгож болох уу?
-Манай хамтлагийн нэр “Мааз” буюу инээд бэлэглэгч гэсэн утгатай. Мөн ирээдүйд жүжигчин болно. Тиймээс энэ бүхнийг нэгтгээд өөрсдийн жанр, стилиэ тодорхойлохыг хүссэн. Бидний клип хүртэл хошин байдаг шүү дээ.
-Яг энэ жанраараа бусад хамтлагаас ялгарч чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?
-Хамтлаг, дуучин бүхэн бүгд адилхан байдаггүй. Дуулалт, хоолойн цар хүрээ гээд бүх зүйл нь өөрийн онцлогтой байдаг. Манай хамтлаг ч ялгаагүй бусдаас тэс өөр.
-Жүжигчин үү, дуучин уу гэсэн сонголтын өмнө ирвэл яах вэ?
-Хариулахад үнэхээр хэцүү юм. Хоёулаа миний мөрөөдөл.
-Танай хамтлаг ганцхан эмэгтэй гишүүнтэй. Ганц бүсгүйгээ хэр хүндэлдэг вэ?
-Манай хамтлаг ганцхан эмэгтэй гишүүнтэй. Тэр утгаараа хүндлэлгүй яахав. Бидэнд үргэлж дэм болдог. Үнэхээр авъяастай, сайн бүсгүй шүү. Ирээдүйд мундаг уран бүтээлч болно гэдэгт нь эргэлздэггүй.
-Хамтлагийг нэгтгэсэн хамгийн том хүчин зүйл юу гэж боддог вэ?
-Бид хүсэл мөрөөдлийнхөө зүг тэмүүлж яваа. Хийж, бүтээе гэсэн чин сэтгэл бий. Манай хамтлаг нэг хүн шиг байж чаддаг. Энэ л “Мааз”-ыг нэгтгэдэг хамгийн том хүч.
-“Мааз”-ын энэ жилийн зорилгыг сонирхмоор байна?
-Бид удахгүй шинэхэн уран бүтээлээрээ сонсогчидтойгоо уулзна. Мөн амьд хөгжмийн хамтлагтай хамтарч дуу хийх төлөвлөгөөтэй байна. Манай хамтлаг тоог биш чанарыг эрхэмлэдэг. Энэ жил “Мааз”-ын хувьд завгүй жил байх болно.
-Мөрөөдөл чинь юу вэ?
-Ажиллаж буй салбар бүртээ амжилт гаргасан, хийж буй зүйлдээ сэтгэл хангалуун, бусдаас ялгарах онцлогтой, чадвартай уран бүтээлч болох.