М.ХҮСЛЭН

Өнгөрсөн өдрүүдэд Европын бөхийн гүрнүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Чөлөөт бөхийн хүнд жинд дэлхий болон Европын аварга  одоо цагийн хамгийн хүчтэй бөх Таха Акгультэй өрсөлдөх тамирчин байсангүй. Харин үлдсэн жингүүдэд  Сулейман Атли (57 кг), Режеп Акташ (61), Мустафа Куючу (70), Эндер Госкун (74), Риза Елдырим (97) нар Туркийн аварга болжээ. Харин сонгомол бөхийн төрөлд хамгийн хүнд жинд орчин үеийн бөхчүүдээс хамгийн хачин царайтайд тооцогддог Атилла Гузель түрүүлсэн байна. Сонгомол бөхийн хүнд жингийн дэлхийн аварга Риза Каялп энэ удаа улсын аваргын тэмцээнээ өнжсөн аж. Бусад жингүүдэд Рахман Биличи (59 кг), Волкан Чакыл (66), Юнус Озил (71), Эмран Кус (75), Аслан Атем (80), Метехан Башар (85), Сулейман Демирчи (98) нар аваргалжээ.

Мөн өдрүүдэд Европт бөх нь хүчтэйд ордог Болгарын улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөв. 2016 оны Болгарын аваргаар Георгий Вангелов (57 кг), Владимир Дубов (61), Борислав Новачков (65), Николай Куртев (70), Мирослав Киров (74), Мирослав Гешев (86), Драгомир Стойчев (97), Димитар Кумчев (125) нар тодорсон байна. Улсын аваргын үеэр болсон бас нэг содон мэдээ нь 2007 оны дэлхийн аварга, 2008 оны Бээжингийн олимпийн хүрэл медальт сонгомлын Явор Янакиев зодог тайлжээ. Тэрээр хамгийн сүүлд 2013 онд Европын аваргад хүрэл медаль зүүж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин