Чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн ширүүхэн өрсөлдөөн дунд болж өндөрлөв. 2016 он олимпийн жил учраас энэ удаагийн тэмцээн хамгийн хариуцлагатай, тамирчин бүрээс шинэ амжилт шаардаж байлаа. Тиймдээ ч өрсөлдөөн их гарсан байх. Олимпийн бус жингийн шилдгүүд жин өгсөж зарим нь уруудаж амжилт гаргах тооцоо бодож барилдсан нь энд нөлөөлсөн биз. Өрсөлдөөн дунд юу харагдав гэвэл тун удахгүй цахиур хагалах шинэ тамирчид гарч ирэх дүр зураг харагдсан юм. Гэхдээ л тэр шилдгүүд гээд байгаа тамирчдын амжилт тогтвортой байна. Дэлхийн хошой аварга С.Батцэцэг, сүүлийн жилүүдэд эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жинд аваргалж ирсэн Ж.Чулуунбат, УАШТ-д таван удаа түрүүлээд байгаа Л.Үйтүмэн нар түүний жишээ юм.
Тэгвэл 70 кг-д жин өгсөж барилдаад аварга болсон “Хилчин” спорт хорооны тамирчин Б.Батзориг ясны бөх гэдгээ харуулав. Тэрнээс олон удаа аварга болсон тамирчин одоогоор байхгүй. Чөлөөт бөхөд шүү дээ. Бас өрсөлдөгчдөө олон жил дарагдаж явсан эмэгтэйчүүдийн 75 кг-ын Б.Одончимэг, 69 кг-д Ш.Түмэнцэцэг нар өмнөх оны аваргуудаа ялж анх удаа улсын аваргад түрүүлэв. Эрэгтэйчүүдийн 57 кг-д С.Батболд мөн л аваргын алтан медаль хүртсэн юм. Зайлшгүй аваргын тавцанд зогсоно гэгдэж байсан зарим шилдгүүдийн байр хойшлов. Тухайлбал, шинэхэн гавьяат Э.Бэхбаяр хүрэл медаль авлаа. Тэгвэл дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Номин /65 кг/ өнгөрсөн оны аварга Б.Батмагнайг барсангүй хоёрт орлоо. Уг нь сайн бөх юм билээ. Уран хийцтэй барилддаг нь алтан медалийн төлөө өрсөлдөөн дээр харагдсан. Тэр барилдааныг энэ тэмцээний шилдэг барилдаан гэж хэлж болно. Харамсалтай нь Б.Номин хэтэрхий шатаж барилдсан. Шаталтаа барьж чадалгүй өрсөлдөгч залуу бөхөө шанаадаж хүртэл үзэв. Гээд тусыг эс олж ялагдлын тоогоо нэмсэн. Ер нь ялж, ялагдаж сурах нь тамирчин хүний нэг гол чанар байдаг шүү дээ. Улсын хэд хэдэн удаагийн аварга, дэлхийн АШТ-ий гурван хүрэл медальт О.Насанбурмаа /69 кг/ байна. Тэр мөнхийн өрсөлдөгч байсан Ш.Түмэнцэцэгт алтан медалиа алдахдаа байдгаараа байж байналээ. Тамирчин хүн тийм л байдаг даа. Басхүү энэ удаагийн тэмцээнээс харагдсан нэг олзуурхмаар юм нь манай тамирчдын дотоод дахь өрсөлдөөн их байгаа явдал. Тийм байж л өмнөх аваргуудын халаа залуу бөхчүүд тодорч гарна. Харин шүүмжлэл багаддаггүйн учир нэгийг хэлэхэд тэмцээний зохион байгуулалт төдийлэн сайн байсангүй. Хий хоосон цаг ихтэй л байв. Бас тэмцээний нээлтийн ёслол тун ч ядмаг болж байлаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин