Д.ЖАВХЛАН
Англид үүссэн регбигийн спорт Монголд хөгжөөд арав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Тэгвэл Монголын регбигийн холбоо анхны тэгш ойныхоо хүрээнд “Регби фестивал 2013” тэмцээнийг хийхээр ирэх амралтын өдрүүдийг сонгожээ. Энэ тухай улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагч ОУХМ Г.Хосбаяртай ярилцлаа.
-Регбигийн спорт Монголд хөгжөөд 10 жил болжээ. Энэ хугацаанд регбийг олон нийтэд сурталчлах талаар танай холбоо ямар ажил өрнүүлэв?
-Арван жилийн өмнө буюу 2003 онд Хонгконгийн регбигийн холбооны дээд лигийн тоглогч Ж.Т.Вүүд болон Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг нар олон улсад регбигийн спорт өндөр хөгжсөн зарим орны туршлагатай танилцаад Монголд регбигийн спорт хөгжих бүрэн боломжтой хэмээн анхны тэмцээнийг зохион байгуулсан гэдэг. Тухайн үед хүмүүс регбийг сонирхох нь бүү хэл дагнан хичээллэх хүн ч ховор байж дээ. Олон нийтэд төдийлөн танигдаагүй энэ спортыг өнөөдрийн хэмжээнд хүргэхэд олон хүний хөлс, хүч, хөдөлмөр сэтгэл зориулагдсан гэдгийг тэмдэглэж хэлье. Манай холбооны ууган гишүүд эх орондоо анхны тэмцээнээ амжилттай зохион байгуулж, удалгүй Монголын регбигийн холбоог санаачлан, олон улсын тэмцээн уралдаанд орох эхний алхмыг эндээс эхлүүлсэн юм билээ.
-2006 онд Монголын регбигийн шигшээ баг олон улсын тэмцээнээс медаль хүртсэн шиг санагдана. Энэ амжилт та бүхний уйгагүй хөдөлмөрийн үр дүн байх нь ээ?
-Монголын регбигийн шигшээ багийн тамирчид 2005, 2006 онд Хонгконг болон Филипинд зохиогдсон олон улсын клубуудын нээлттэй тэмцээнээс ганзага мялааж байсныг би санаж байна. Тус тэмцээнд Ази тивийн 12 орны баг тамирчин хүч үзсэн. Монголын регбичид олон улс дахь анхны амжилтаа өлгийдөх мөчтэй зэрэгцэж, тэр тэмцээний шилдэг тоглогчийн шагналыг манай багийн тоглогч улсын арслан До.Ганхуяг ах авч билээ.
-Нэг асуулт байна. 2016 оны олимпийн хөтөлбөрт регбигийн төрөл нэмэгдэж орсон нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байгаа. Танай холбооноос үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
-Регбигийн спорт олимпийн хөтөлбөрт багтсанд баяртай байна. Гэвч олимпийн наадамд орох нь хэн бүхэнд олдох завшаан биш ээ. Тэр тусмаа багийн спортоор олимпийн эрх авах амаргүй. Олимпод орохын тулд юуны өмнө босго оноог давах ёстой юм билээ. Энэхүү чухал онооны төлөө улс бүр, бүсчилсэн хэсэгтээ амжилттай тоглож хэрэгтэй оноогоо цуглуулж чадвал олимпод орох бүрэн боломжтой. Рио де Жанейрогийн зүг хөдлөх анхны оноо цуглуулах хөдөлгөөн ирэх оноос эхлэнэ.
-Монголын регбичид энэ сайхан завшааны хажуугаар зүгээр өнгөрөхгүй байлгүй. Хэрэв манай баг тэр босго оноог давчихвал, монголчууд анх удаа багийн спортоор олимпод оролцох гээд байгаа юм. Цаашлаад амжилттай оролцож чадвал Монголын багийн амжилтанд сайнаар нөлөөлнө?
-Тэр ч тийм амар зүйл биш. Бид энэ спортод хөл тавиад 10 жил болж байгаа ч олон нийтийн дунд регби шинэ спорт хэвээр байна.
-Рио де Жанейрогийн олимп хүртэл регбигийн дэлхийн аварга шалгаруулах гурван тэмцээн хүлээж байна. Энэ тэмцээнд зөвхөн шилдгүүд өрсөлдөх үү. Ер нь манай шигшээ багийн чансаа олон улсын төвшинд аль хэр үнэлэгддэг юм бол?
-Регбигийн дэлхийн аваргад Монголын баг оролцох боломж ойрын жилүүдэд тохиохгүй байх. Учир нь дэлхийн аваргад шилдгийн шилдэг 20 баг өрсөлддөг болоод тэр. Манай тамирчид юуны өмнө тивийнхээ эхний лигт орох хэрэгтэй байна. Ингэж чадвал бидэнд дэлхийн шилдэг багуудтай өрсөлдөх гарц нээгдэх юм.
-Регбигийн спортод биерхүү хүн амжилт гаргадаг хэмээх ойлголт манайханд бий. Тамирчдын биеийн жин болоод өндөр амжилтанд аль хэр нөлөөлдөг вэ?
-Манай тамирчид регбигийн долоо буюу сервис ангилалд өрсөлддөг. Ингэснээр тоглолтын байрлалын урд эгнээний тоглогчдоос бусад нь биерхүү байх шаардлагагүй гэсэн үг. Регбигийн багийг хурд, хүч, тэсрэлттэй тоглогчдоор бүрдүүлдэг. Тэд хэн хэнийхээ сул талыг нөхөж тоглох учиртай. Манай тамирчид өндөр, жингээр бусад багаасаа харьцангуй дутуу байгаа нь үнэн. Гэвч тэд хурд, хүчээр бол дутах зүйлгүй. Энэ нь манай тамирчдын бусдаас ялгарах гол онцлог гэж ойлгож болно. Нэг жишээг дурдахад өнгөрсөн жил манай оронд зохиогдсон тэмцээний үеэр Монголын баг Хонгконгийн багийг 34:44-өөр илт давуу булгаж олон асуултын хариуг өгсөн байх гэж бодож байна.
-Монголд регбигийн спортоор тогтмол хичээллэдэг хэдэн клуб байдаг вэ?
-“Арслангууд”, “Хан-Уул”, “Хөх толбот”, “Дайчид” гэсэн дөрвөн клуб бий. Энэ спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд залууст манай үүд хаалга үргэлж нээлттэй гэдгийг хэлмээр байна. Бид мэргэжлийн регбичдийг бэлдэх зорилгоор бага насны хүүхдүүдийг элсэлтдээ урьж байгаа. Ингэснээр Монголын тамирчид тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргах боломж нээгдэх учиртай.
-Маргааш эхлэх тоглолтын бэлтгэл ажлын явцтай танилцаж болох уу?
-Монголын регбигийн холбоо жил бүр “Регби опен” фестиваль тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн фестивальд манай холбооны урилгаар Английн алдарт Оксфордын их сургуулийн харъяа Хартфордын коллежийн шигшээ баг хүрэлцэн ирээд байна. Тэдний ирсэн бүрэлдэхүүнээс хоёр баг гараад байна. Ингэснээр Монголын дөрвөн багтай нийт зургаан тоглолт гарна гэсэн үг. Зочдын эхний өрсөлдөгч нь Батлан хамгаалахын их сургуулийн баг байх бөгөөд энэ тоглолт маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд 14 цагт эхлэнэ. Мөн энэ сарын 23-нд “Улаанбаатарын дайчид” баг зочидтой хийх тулаан бидний анхаарлыг ихэд татаад байгаа юм. Учир нь “Улаанбаатарын дайчид” баг өнгөрсөн жил уг фестивальд Хонгконгийн багийг талбай дээрээ илт давуугаар буулгаж байсан болохоор тэр. Энэ тоглолт маш сонирхолтой болно гэдэгт итгэлтэй байна. Тэмцээний бэлтгэл ажил бүрэн хангагдсан.
-Энэ тэмцээнийг аль улсын шүүгч шүүх бол?
-Фестивалийн тоглолтыг шүүхээр Аргентины шигшээ багт нэгэн үе хүчин зүтгэж байсан Канад улсын иргэн Робин Толерт хүрэлцэн ирээд байна.
-Азийн зарим орны багийн спортыг хөгжүүлэх тал дээр олон зүйлийг санаачилдаг. Хамгийн энгийн жишээг дурдахад легионер тоглогчдыг багтаа урьж оролцуулах болон гадагшаа тамирчдыг сургах гээд. Танай холбоо энэ тал дээр ямар ажил өрнүүлж байна?
-Манай холбооны гүйцэтгэх захирал Ш.Дашдэлэг 2003 онд Английн Уэльсийн Хардийн сургуульд регбигийн мэргэжлээр сурч төгсөөд тус улсын дээд лигт легионерын үүрэг гүйцэтгээд эх орондоо ирсэн. Одоо тэрээр холбооныхоо дэргэд шүүгч, дасгалжуулагчаар ажиллаж байна. Түүний араас аймгийн арслан Д.Энхбат бид хоёр 2007 оны улирлын тоглолтонд Хонгконгийн дээд лигийн “Панда” багт тоглосон. Бидний гэрээ амжилттай болж 2013-2014 оны улирлын тоглолтод А.Наранбаатар, С.Баярманлай нар “Панда” багт хүчин зүтгэхээр болоод байна. Легионерын үүрэг оролцоо тухайн орны багийн амжилтад сайнаар нөлөөлдөг учраас бид цаашид легионеруудынхаа тоонд анхаарах болно.