Д.ЖАВХЛАН
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 92, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ойн баяр наадмаар долоо давж шөвгөрсөн Төв аймгийн Баянхангай сумын харьяат, “Дүнжингарав” бөхийн дэвжээ, “Аврагч” спорт хорооны бөх Улсын заан Б.Батмөнхтэй ярилцлаа.
-Наадам өндөрлөөд сар гаруй болж байгаа ч Улсын заан цол хүртсэн явдалд баяр хүргэе. Шинэ цолны мялаалга энэ тэр гээд таныг олж уулзах хэцүү бололтой?
-Баярлалаа. Би наадмын маргаашнаас л “Дүнжингарав” бөхийн гал руу шууд очсон. Учир нь хоёр долоо хоногийн зайтай Төв аймгийн түүхт 90 жилийн ойн баяр наадам болох гэж байсан болохоор тэр. Би аймгийнхаа ойн баяр наадамд улсын цолтой анх удаа зодоглож байгаа нь энэ. Тиймээс аль болох үзүүр түрүүнд хүрч барилдах ёстой гэсэн зорилготой бэлтгэл хийсэн. Улсын заан цолоо мялааж төрөлх нутгийнхаа ойн баярт түрүүлсэндээ баяртай байна.
-Бөхчүүдийн ихэнх нь наадмын маргаашнаас амардаг бичэгдээгүй хуультай. Харин та Л.Бадарч харцага, Г.Эрхэмбаяр аварга нарын цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаануудад зодоглож байгаа харагдлаа. Энэ жил таны бэлтгэл сайхан таарчээ?
-Наадмын өмнөх сорилго барилдаанд түрүүлэхдээ бэлтгэл сайн байгаагаа олж мэдсэн. Би ер нь барилдааныг том жижиг хэмээн голох дургүй. Бөх хүн байнгын бэлтгэлтэй байж л цолонд хүрнэ шүү дээ. Миний багш ч мөн надад ингэж зааж зөвлөдөг.
-Та үндэсний бөхийн анхны багштайгаа “Шонхор” биеийн тамирын дээд сургуульд танилцсан уу?
-Би 2002 оны намар ХХ зууны манлай бөх, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Х.Баянмөнхийн үүсгэн байгуулсан “Шонхор” биеийн тамирын дээд сургуульд элсч орсон. Тухайн үед 17 настай, 65 кг жинтэй жаахан хүү байж. Намайг нэгдүгээр дамжаанд сурч байхад аймгийн арслан н.Дамдин үндэсний бөхийн багш, дасгалжуулагч мэргэжлээр сургуулиа дөнгөж төгсч байв. Тэр жил н.Дамдин багш миний үеийн хэдэн хүүхдийг авч улсын аваргын тэмцээнд явж билээ. Тэр үеэс л багштайгаа танилцсан. Дараа жил нь багш маань “Шонхор”-ын үндэсний бөхийн багш, дасгалжуулагчаар ирсэн. Яг энэ үеэс л бид хоёрын бөхийн зам нийлсэн юм.
-Та тэр тэмцээнээс ямар амжилт гаргасан бэ?
-2002 оны үндэсний бөхийн улсын аваргад олон хүүхэд өрсөлдсөн. Би тэр тэмцээнээс медаль авч чадаагүй ч шагналт байрт шалгарч чадсан.
-Танай үндэсний бөхийн ангиас энэ цаг үед сайн барилдаж байгаа бөх танаас өөр бий юү?
-Намайг хоёрдугаар дамжаанд сурч байхад аймгийн арслан Ганболд сүмо руу явчихсан юм. Хэрэв тэр залуу үндэсний бөхөөрөө цааш барилдсан бол нэлээд юм дуулгах байсан болов уу гэж боддог. Гэхдээ найз минь мэргэжлийн сүмогийн Макүүчи зиндааны дээд хэсэг хүртэл дэвшиж чадсан юм. Мөн Увс аймгийн Давст сумын харьяат, аймгийн харцага Элбэгбаяр байна. Тэрээр улсын наадамд дөрөв давсан бөх. Тэднийг бөх сонирхогчид андахгүй.
-Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өрчилье. Та анхны цолоо хэдэн онд авсан билээ?
-Миний анхны цол сумын заан. 2006 онд Архангай аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан, 2011 онд улсын начин цолыг тус тус хүртсэн.
-Энэ жилийн баяр наадмыг эргэн дурсахад тав, зургаагийн даваа танд нэлээд хатуу таарах шиг санагдсан?
-Бүх даваа хэцүү байсан. Жишээ нь гурвын даваанд бөхөө амлах гэтэл зөөлөн таарах бөх ер байгаагүй. Ямар сайндаа улсын начин Ж.Чулуунбатыг амлахав дээ. Чукаг хэр сайн бөх гэдгийг мэднэ биз дээ.
-Мэдэлгүй яахав. Харин тавын даваанд улсын залуу харцага Ц.Содномдоржид амлуулахад юу бодогдож байв. Гурван жил дараалан нэг хүнд амлуулах тийм ч амар биш байх?
-Өмнө нь хоёр жил дараалан амлуулж унасан болохоор юу эс бодогдох вэ. Ц.Содномдорж намайг гурван бөхөөс амласан. Түүнд намайг амлах тийм ч амар байгаагүй байх. Гэхдээ тэр өөрийнхөө барилдааны онцлогт тааруулан намайг авсан биз. Зааланд ч, төрийн наадмын зүлэг ногоон дэвжээнд ч олон таарсан болохоор миний хувьд сандрах нь бага байлаа. Ц.Содномдорж их элдэвтэй бөх. Би түүнтэй тунах магадлалтай гэж наадмын бэлтгэлээ тааруулан хийсэн.
-Харцага цолны төлөөх барилдаанд улсын заан Ч.Санжаадамбатай гараад өрөхөд чинь, бөх үзэж суусан олон түмэн суудал дээрээ тогтож ядаж байлаа?
-Хэлээд юу гэхэв. Ч.Санжаадамба зааныг их шөвөгт хүрч барилдана хэмээн олон хүн таавар дэвшүүлсэн байлгүй. Би бяртай, аралтай сайн заанаар цол нэмсэн болохоор сэтгэл нэг л өег байдаг юм.
-Таны дархан мэхийг бөх сонирхогчид сайн мэднэ. Гэвч та энэ жилийн баяр наадмын хариуцлагатай даваанд дархан мэхээ огт гаргаагүй?
-Би тахимдах мэхийг хүүхэд байхаасаа олон давтсаар байгаад гартаа оруулчихсан. Надтай барилдах бүх өрсөлдөгч тахимдах мэхний хариуг бэлдээд отож байдаг болохоор энэ мэхийг хариуцлагатай даваанд хийх нь хэтэрхий их эрсдэл дагуулах юм шиг. Тиймээс тахимдах мэхний арга барилтай ойролцоо мэхийг сонгож түүнийгээ өрсөлдөгч бөхдөө таарах эсэхийг судласан нь энэ.
-Ч.Санжаадбамба зааны дархан хавирах мэхийг танаас гарна гэж огт бодсонгүй шүү?
-Харин тийм л юм болчихлоо. Заан надаас тахимдах мэх ирнэ гэж тооцоолсон байхыг үгүйсгэхгүй. Өрсөлдөгч бөх маань намайг хэд хэдэн удаа хавирсан. Түүний дараа надад нөгөө хөлөнд нь хавирах боломж байгааг олж харсан хэрэг.
-Та Ч.Санжаадамба зааныг сар шинийн ба рилдаанд хаяж шөвгөрсөн бол наадмаар мөн унагаж цолоо ахиуллаа?
-Тэглээ. Хүчтэй заанаар зургаа давж заан цолныхоо замыг зассандаа баяртай байна.
-Долоогийн даваа танд ямар санагдсан бэ?
-Тунаж барилдсан болохоор сэтгэл зүйн хувьд харьцангуй тайван байсан. Би өмнөх барилдааныг л бодож дэвжээнд гарсан.
-Сар шинийн барилдаанд шөвгөрсөн дөрвөн бөхийн гурав нь наадамд дахин үлдэж чадсан. Тэгэхээр С.Мөнхбат аварга таныг сар шинийн барилдаанд ч наадмаар ч амлаагүй тунаж үлдээсэн. Аварга та хоёр чинь нэг сургуулийнх билүү?
-Сар шинийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдийн гурав нь амжилтаа давтаж чадлаа. Хэрэв Б.Гончигдамба гарьд сар шинийн барилдаанд До.Ганхуяг арсланг давсан бол шөвгөрсөн бөхчүүд наадамд дахин үлдэх байж. Аварга С.Мөнхбат манай доод курсийнх байхгүй юу. Бид хоёр хүүхэд байхаас үй заагүй ноцолддог байлаа.
-Г.Эрхэмбаяр аваргатай гарьд цолны төлөө барилдахад хэтэрхий яарав уу гэх бодол төрж байлаа. Аваргыг хамгийн их тэвдүүлсэн бөх танаас өөр байсангүй?
-Би аваргын толгойг уургалаад хүлээцтэй зогсож байх байж. Аваргатай барилдахад сандраагүй хэрнээ давах гэж бага зэрэг яарсан тал надад бий.
-Долоон жилийн дараа Төв аймагт заан цол авчрах хувьтай хүн нь та байж ээ?
-Улсын заан н.Амгаланбаатарын төрсөн нутаг Аргалант сум нь манай Баянхангай сумтай залгаа юм. Тэгээд би ахынхаа заан цолыг долоон жилийн дараа буухиалж байгаа нь мөн содон юм. Бид хоёр бас нэг сургуулийн хоёр л доо.
-Дараа жилийн баяр наадмаар шинэ цолтой эргэж уулзахын ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе?
-Баярлалаа. Ерөөл бат орших болтугай.