Б.БАРС
“Бердмен” киногоороо өнгөрсөн жил “Оскар”-ын гурван шагнал хүртсэн Мексикийн алдарт найруулагч Алехандро Гонсалес Инярритатай ОХУ-ын сэтгүүлч Ю.Калантарова “The Revenant” (манайд “Амилсан чөтгөр” нэрээр гарч буй) шинэ киноных нь талаар ярилцжээ. Хүндээр шархдсан ч зэрлэг тайгаар 300 км зам туулж алдаршсан XIX зууны домогт анчин Хью Глассын амьдралаар сэдэвлэсэн тус киноны зураг авалтын үеэр Леонардо Ди Каприо, Том Харди хоёр ноцтой бэртсэн тухай дэлхийн хэвлэлүүд жил тойрон шуугисан билээ.
-“Амилсан чөтгөр” таны өмнөх кинонуудаас эрс ялгаатай. Чухам яагаад энэ киног хийхээр шийдэв?
-Энэ кино тэсвэр хатуужил, амьдрах чин хүслийн дуулал бөгөөд энэ сэдэв надад маш чухал санагддаг. Би гол баатар үхэхээс өөр гарцгүй нөхцөлд эсэн мэнд үлддэг шалтгааныг мэдэж ойлгохыг хүссэн гэх үү дээ. Байгаль эх хүнийг анагаахаас гадна хөнөөдөг гэдгийг харуулахыг мөн эрмэлзсэн юм.
-Маш их амжилтад хүрсэн “Бердмен” киноныхоо дараа үзэгч олонд “гологдохоос” эмээсэнгүй юу?
-Үнэндээ би “Бердмен”-ээс ч өмнө “Амилсан чөтгөр” дээр ажиллаж эхэлсэн. Тэгээд “Бердмен”-ийг хийж дуусгаад шууд л зураг авалтанд орсон доо. Надад эргэлзэх, эмээх цаг байгаагүй, би зүгээр л ажлаа үргэжлүүлэн хийж гүйцэтгэсэн.
-Киноны баатрууд маш хүнд нөхцөлд амь зуухад хүрдэг. Харин зураг авалт хэрхэн өрнөсөн бол?
-Маш хүнд байдалд өрнөсөн. Тийм ч учраас үр дүнг нь хараад баярласан. Өдөр бүр шинээр ямар нэг хүндрэл гарч ирж, тэдгээрийн ард гарах болгондоо бид өөрсдийгөө ялан дийлэгчид гэж боддог байлаа. Үнэхээр ч бид бараг бүтэшгүй хүнд зорилт тавьсан гэж хэлж болно. Элдэв бэрхшээлийг үл ажран бид киногоо өөрсдийн төсөөлснөөр хийж чадсан даа. Зураг авалтын төгсгөл рүү бид өөрсдөө киноныхоо баатрууд болохоо шахсан тул сонгосон сэдвээ маш үнэмшилтэй гүйцэтгэж чадсан гэж бодож байна.
-Та киногоо эхнээс нь дуустал үйл явдлын өрнөлийн дэс дарааллаар ердийн гэрэлд авчээ. Яагаад тэр вэ?
-Би киног ямагт үйл явдлын дэс дарааллаар авдаг. Кино маань хэрхэн өсч, хөгжиж байгааг ажиглах нь надад сонирхолтой байдаг юм. Тэгээд ч заримдаа кино төлөвлөснөөс тэс өөр чиглэлд яваад ирэхээр ямар нэг юмыг өөрчлөх боломж нээлттэй байдаг. Зураг авалтын явцад, жишээ нь “Бабилон”-ыг авч байхад, хүн өөрөө ихээр өөрчлөгдөж, авсан материалаа өөр өнцгөөс эргэж харах нь ч бий.
Ердийн гэрлийн тухайд гэвэл... Ойд зургийг ердийн гэрэлд авахаас өөр яах билээ. Хамгийн сайхан гэрэл бол нарны гэрэл. Ялангуяа нар шингэх мөчид. Тэр мөчид бурхан бидэнтэй ярилцдаг юм шиг санагддаг. Тэр гэрлийг бид кинондоо ашиглахыг хүссэн дээ.
-“Амилсан чөтгөр”-д харгис хэрцгий олон хэсгийг дэндүү үнэмшилтэй, бүр нүд хальтирмаар авчээ. Тэгэх нь тийм чухал байсан уу?
-Энэ киног өөрөөр авах боломжгүй болов уу. Кинонд бүтээж буй бодит байдалдаа чин шударгаар хандах нь маш чухал. Манай киноны баатрууд зэрлэг ойд амьдарч, араатан амьтад, таагүй цаг агаар, нутгийн дайчин омгууд, өвчин эмгэг зэрэг олон аюултай өдөр бүр тулгардаг. Иймд бүхий л үйл явдлыг ямар ч чимэг хачиргүйгээр хүргэхийг зорьсон. Би цус харуулахыг тэгтлээ хүсдэггүй ч энэхүү түүхийн хайр дурлал, хүсэл тачаал гээд бүхнийг үнэнээр нь л хүргэхийг зорилгоо болгосон юм.
[embed]https://www.youtube.com/watch?v=QRfj1VCg16Y[/embed]-“Амилсан чөтгөр”-д мундаг одод тогложээ. Леонардо Ди Каприо, Том Харди хоёр дүрдээ хэр шингэсэн бэ?
-Тэд авьяас чадвараа дүүрэн ашиглан баатруудынхаа мах цусанд нь бүрэн шингэж чадсан. Энэ хоёр өнөө цагийн шилдэг жүжигчдийн нэг тул хамт ажиллахад нэн тааламжтай байлаа. Зориг ихтэй тэр хоёргүйгээр “Амилсан чөтгөр”-ийг төсөөлөхийн аргагүй.
-Леонардо Ди Каприо энэ удаа “Оскар” авах болов уу?
-Хэн мэндлээ. Кино академи ямар шийд гаргахыг л харцгаая.
-Энэ кинон дээр ажиллаж байхдаа юуг илүүтэй голчилсон бэ?
-Киногоо дуусгахыг л хүссэн. Зураг авалт дуустал яаж ийгээд амьд үлдэхийг л хүссэн дээ. Энэ л надад чухал байв.
Эх сурвалж: www.polit.mn