Ч.ГАНТУЛГА

Монголын нууц товчоонд “Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат Бөртэ чоно эхнэр Гoo маралын хамт тэнгис далайг гаталж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж, Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг төрүүлжээ” хэмээн дурдсан байдаг. Ингэж Хэнтий аймгийн үзэсгэлэнт нутагт их эзэн Чингис хаан мэндэлжээ. Тэрээр Онон мөрний усаар ундаалж, Хар зүрхний Хөх нуурын дэргэд анх хаан ширээнд суусан түүхтэй. Тиймээс ч энэ нутаг монгол түмний сэтгэлд ойр байдаг. Урчуудын эвлэлийн “Art” галерейд Хэнтий нутгийн хүү, зураач Д.Батхуяг “Хан Хэнтийн өнгө-2” үзэсгэлэнгээ дэлгэсэн байв.

Өмнөх үзэсгэлэндээ зураач “Түүхэн жимээр” нэртэй чулуун зэвсгийн үеэс өнөөг хүртлэх түүхийг харуулсан бүтээлүүд болон Чингисийн мэндэлсэн газрын тухай цуврал зургуудыг дэлгэж байв. Харин энэ удаагийнх тэс өөр. Тэрээр их хааны өлгий нутгийн үзэсгэлэнт байгаль, ард олны амьдрал, дөрвөн улирлын гайхамшгийг зуржээ. Нуурын дээгүүр шувууд зэллэнэ. Эрэг хавиар нь танан цагаан цас гялтганаж, тэртээх уулс нь солонгорон харагдана. Энэ бол зураачийн “Хангалын нуур” хэмээх бүтээл. Байгаль гэдэг намрын улиралд үзэсгэлэнт төрхөө олон өнгөөр харуулдаг аж. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байх энэ нуурт зураачийг очиход намар болж байж. Харин маргааш өглөө нь анхны цас хаялсан байхыг хараад ийн цаасанд буулгасан юм байна. Харин дараагийн харц булаах зураг “Намар” хэмээх бүтээл байв. Хэнтийн намар өнөтэй, өнгөтэй, налгар болдог аж. Энэ үеэр залуус хадланд гарч, өвлийнхөө бэлтгэлийг базаана. Яг л энэ үе. Уяан дээрх морьд болон эзнээ хүлээх монгол ноход. Зураач энэ бүтээлийнхээ тухай “Намар оройн зураг л даа. Хэдийгээр энгийн зураг шиг харагдав ч Хэнтийн зон олны амьдрал, ажил үйлс, хадлан тарианы арвин ургацыг бэлгэдсэн юм” гэв. Энэ зурагны наана “Цас” хэмээх үзэсгэлэнт зургийг өлгөжээ. Өвсний толгойд танан цагаан цас гялтганаж, зайрмагтана. Тэр цас хаврыг урин дуудах мэт.

Энэ мэт зураачийн сэтгэлээс ундарсан 30 гаруй бүтээл үзэсгэлэнгийн танхимд дэлгээтэй байна. Зураач Д.Батхуяг 40 гаруй жил уран зурагт үнэнч яваа, чөлөөт уран бүтээлч. Түүний төрсөн нутгийнхаа тухай зурагласан, төрөлх нутгаараа бахархсан бүтээлүүдийг хараад Чингисийн нутгаар аялж, хөрс шороонд нь хүрсэн мэт сайхан мэдрэмж сэтгэлд үлдлээ.

[caption id="attachment_26223" align="alignright" width="750"]1-8-9a2 "Хангалын нуур"[/caption]

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин