Р.ОЮУН

Улсын төв номын сангийн уулзалтын танхимд зохиолч судлаачид, уншигч, болон уран зохиолын багш нарын дунд “Дашдоржийн Нацагдорж гэж хэн бэ” гэсэн уулзалт боллоо. Энэ уулзалтад Ардын уран зохиолч Д.Цоодол, П.Бадарч, С.Лочин, Ц.Хулан нар ирсэн байв. 2016 онд орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой тохиож байна. Тиймээс “Дэлхийн Монгол зохиолчдын холбоо”, нийслэлийн Монгол хэл, уран зохиолын багш нарын “Өв их Эрдэнийн холбоо” хамтран ойн ажлын хүрээнд энэ уулзалтыг зохион байгуулжээ. Энэ үеэр “Дэлхийн Монгол зохиолчдын холбоо”-ны ерөнхийлөгч, зохиолч Ц.Хулан, шинжлэх ухааны доктор, профессор, зохиолч С.Лочин нарын сэтгэгдлийг сонирхсон юм.

Шинжлэх ухааны доктор, профессор, зохиолч С.Лочин: Д.НАЦАГДОРЖИЙН ТУХАЙ ЯРИВАЛ Ч ИХ ЮМ БАЙНА

-Д.Нацагдоржийг Монголын уран зохиолыг үндэс­лэгч гэж тохир­лоо. Олон жи­лийн судалгааг үн­дэс­лэж, хэд хэдэн шинэ санаа дэвшүүлж, төрсөн нутгийнх нь тухай маргаантай асуудлыг хөндөж тавьсан. Д.Нацагдорж Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн гэдэг үндэслэлгүй. Мөнгөнморьтод төрсөн гэж үзэж байгаа. Д.Нацагдорж Германаас 1929 оны хавар биш өвөлбуцаж ирсэн.Удам судар, эцгийнх нь тухай, хоёр удаа шоронд орж байсныг нь шинэ баримтуудаар нэлээд дэлгэрүүлж гаргасан. Яривал ч их юм байна.

“Дэлхийн Монгол зохиолчдын холбоо”-ны ерөнхийлөгч, зохиолч Ц.Хулан: ЦААШИД Ч ТҮҮНИЙ АМЬДРАЛ, УРАН БҮТЭЭЛИЙГ СУДЛАХ БОЛНО

-Өнөөдөр ХХI зуунд өв соёл, эх хэл, газар нутгаа хамгаалах цаг үеийн захиалгаар бид Д.Нацагдоржийгоо энэ оны турш төдийгүй цаашид ч дурсан ярьж, судлаачид түүний амьдрал, уран бүтээлийг нь судлах болно. Орчин үеийн утга зохиолыг үндэслэгч тэрээр яндашгүй их авьяас, шавхагдашгүй судалгааны уурхай юм. Түүний бичсэн “Монгол ардын суут” гэсэн сайхан өгүүллэг байдаг. Тэрээр Монгол ардын суут хэрнээ дэлхий хөгжмийн эцэг Моцарт шиг их өрөвдмөөр нас барсан, гашуун эмгэнэлтэй хувь заяатай. Түүнийг хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр дайрсан. Хувийн амьдрал нь бараан, найз нөхдийн урвалтын дунд тухайн цаг үедээ ассан гал шиг үнэнийг хэлж байсныхаа төлөө хоёр удаа шоронд сууж байсан. Д.Нацагдорж жинхэнэ яруу найрагчийн амьдралыг туулсан хүн. Тиймээс орчин цагийн утга зохиолыг үндэслэгч юм. Өнөөдөр түүнтэй холбоотой юм бүхэн устаж, үгүй болж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт 20-оод шүлэг нь байдаг ч Д.Нацагдорж гэж хэн бэ гэдгийг хүүхдүүд сайн мэддэггүй. Өнөөдрийн энэ уулзалтыг уншигч судлаач, доктор, профессор С.Лочин гуай Д.Нацагдоржийг олон жил судалсан лекцээрээ эхэлж байна. Бид цаашид ч энэ сэдвээр ярих болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин