Намуухан хөгжмийн аялгуу эгшиглэхэд, өнгө хослох зургууд амилах мэт нам гүмхэн ч өөр өнгө, өөр ертөнцийг нэгэн дор илтгэсэн үзэсгэлэнд саатлаа. “Blue moon” уран зургийн галерейн гишүүн зураачдын хамтарсан үзэсгэлэн шинэ оны өмнөхөн нээлтээ хийсэн нь энэ. 2015 оны отгон үзэсгэлэн 20 гаруй уран бүтээлчийн зургаар өнгө нэмсэн байв. Уран бүтээлч бүхэн өөр, өөрийн арга барил, онцлогийг илтгэсэн болохоор зургууд дахин давтагдашгүй, өвөрмөц юм. Үүнээс “Мөрөөдөл” зураг илүү содон санагдсан. Зураач Б.Баярцэнгэлийн тус зурагт хүн төрөлхтөний хүслэн болсон эрх чөлөөний хөшөө рүү Монголын жанжин Сүхбаатарын хөшөө цэцэг барьсаар тэмүүлж буйг дүрсэлжээ. Цаана нь үзэсгэлэнт Нью-Йорк хот сүндэрлэнэ. Дэлхийд хөгжлөөрөө тэргүүлж буй АНУ-тай бид гурав дахь хөрш хэмээн найрсаг харилцаатай байдаг. Тиймээс ч монгол зураачийн сэтгэлээс ундарсан энэ бүтээл хоёр орны эв найрамдлыг дүрсэлсэн мэт. Энэ зурагны цаах нь зураач Х.Ууганбаярын “Хүсэл шунал” бүтээл өлгөөтэй харагдав. Зоосон мөнгөн дундаас өндөлзөх толгой. Духанд нь үрчлээ суусан, нүд нь ямар ч галгүй юм. Зурагт дүрслэгдсэн хүмүүс амьдралынхаа турш зөвхөн мөнгөний төлөө амьдарч, жинхэнэ амьдралын амт юу болох, мөнгөөр худалдаж авч болдоггүй аз жаргал олон байдгийг ухаараагүй аж. Тиймээс ч мөнгөний боол болж, зоосны нүхээр амьдралыг харж байна. Үүнээс гадна бүсгүй хүний гоо үзэсгэлэнг илтгэсэн “Толь”, “Саран дор”, “Үзэхүй” хэмээх зургууд ч өвөрмөц юм. “Blue moon” галерей нь 2012 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ хугацаандаа мэргэжлийн уран бүтээлчидтэй хамран ажиллаж, тэдгээрийг дэмжсээр иржээ. Жил бүр гишүүн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэнг он дамнуулан зохион байгуулдаг уламжлалтай. Эдгээр уран бүтээлчдээсээ шилдгийг нь шалгаруулж, Франц улсын Парис хотноо бүтэн сарын турш бүтээлээ хийн, үзэсгэлэнгээ гаргах эрхээр шагнадаг юм байна. Уг эрхийг энэ жил галерейн гишүүн зураач Д.Ганболд авч 2016 онд Парис хотноо бүтээлээ туурвин, үзэсгэлэнгээ гаргахаар болжээ.
[caption id="attachment_26103" align="alignright" width="750"] "Хүсэл, шунал"[/caption] [caption id="attachment_26102" align="alignright" width="750"] “Blue mоon” галерейн гишүүн зураачдын хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийжээ.[/caption]Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин