Ч.ГАНТУЛГА

“Залуус” булангийнхаа энэ удаагийн зочноор залуу жүжигчин А.Ганчимэгийг урилаа. Түүнтэй шинэ уран бүтээлийнх нь тухай ярилцсан юм.

-Сайн байна уу. Шинэ киногоо нээх гээд зав бага байна уу?

-Хоёр эгчтэйгээ хийж байгаа анхны дэлгэцийн бүтээл. Тиймээс сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө шингээж, чанартай уран бүтээл хийхийг зорьж байна. Бараг жилийн өмнөөс зохиол дээр нь ажилласан. Манай киноны бүх дүрд мэргэжлийн жүжигчид тоглож байгаа. Бид эхнээсээ чанарыг эрхэмлэж, бүхнийг мэргэжлийн төвшинд хийхийг хүссэн. Киноны зураг авалт дууссан. Энэ сардаа багтаагаад нээх төлөвлөгөөтэй.

-Дүрийнхээ тухай сонирхуулаач?

-Би Жоохноо гэдэг охины дүр дээр ажилласан. Миний ажилласан дүрүүд үргэлж эерэг, сайн талынх байдаг. Хүмүүс нэрийг нь сонсоод жоохон, гэнэн, цайлган охинд хувирчээ гэж ойлгох байх. Гэхдээ А.Ганчимэг ямар дүрд хувирсныг үзэгчид ирээд үзвэл сонирхолтой байх.

-Киногоороо үзэгчдэд юу хэлэхийг хүссэн бэ?

-Манай кинонд 1981 оны үйл явдал болон нийгмээс гадуурхагдсан хүмүүсийн тухай өгүүлдэг. Долоон гол дүртэй. Дүр бүхэн өөрийн нууц онцлогтой, үүрэгтэй. Кинонд хүн чанар, хүн хүнээ хайрлах сэтгэлийн тухай өгүүлнэ. Тэр дунд атаа хорсол, хайр сэтгэл, аз жаргал бүгд бий.

-Чамайг театраасаа хөөгдсөн гэсэн. Үнэн юм уу?

-Хөөгдөнө гэхээр алдаа гаргасан, ажлынхаа дотоод дүрэмийг ноцтой зөрчсөн хүнийг хөөх байх. Би дутагдал гаргаагүй, театрын ажлыг цалгардуулаагүй, бэлтгэл, тоглолт таслаагүй. Манай театр ажилчидтайгаа жил бүр гэрээ хийдэг. Гэрээний хугацаа дуусахад сунгалт хийдэг юм. Энэ жил гэрээгээ сунгаагүй.

-Театрын ажил, киноны ажил гээд энэ бүхнийг зохицуулахад хэцүү байв уу?

-Би дөнгөж уран бүтээл хийж байгаа залуу хүн. Тиймээс бүтээл бүхэндээ сэтгэл зүрхээ шингээж, өөртөө байгаа бүхнийг гаргахыг хичээдэг. Нэг ажлаа хийгээд нөгөөхийг нь цалгардуулахыг хүсээгүй. Дэлгэцийн бүтээлдээ 100 хувь анхаарсан. Энэ бид гуравын анхны бүтээл шүү дээ. Тиймээс үзэгчдийн сэтгэлд хүрсэн чанартай бүтээл хийхээр зорьсон. Уран бүтээлч хүн олон зүйлд өөрийгөө сорих хэрэгтэй гэж би боддог. Энэ кино миний хувьд өөрийгөө сорьж, зайлшгүй давах ёстой даваа байсан.

-Тэгэхээр дахиад театртайгаа гэрээ хийхгүй гэсэн үг үү?

-Энэ тухай хариулт өгөхөд арай эрт байна.

-Хүмүүсийн дунд жүжигчин У.Уранчимэг театрын хоёр уран бүтээлчийг уруу татсан гэх яриа байна лээ?

-Бид сэтгэл зүрхээрээ нэгдэж уран бүтээл хийж байгаа. Уруу татаж, уруу татагдсан асуудал байхгүй. Биднийг холбож өгсөн ганцхан хүчин зүйл нь урлаг, уран бүтээл. Хамтдаа хөдөлмөрлөж, хамтдаа шинэ зүйл хийхийг хүсч байна. Би хоёр эгчээрээ бахархдаг. Үргэлж үлгэр дуурайл авахыг хүсдэг. Надад тэр хоёроос сурах зүйл олон бий.

-Театрт ажилласан хэсэгхэн хугацаа чиний амьдралд, хувь хүнд хэрхэн нөлөөлсөн бэ?

-Жүжигчний мэргэж­лээр сурдаг, төгссөн бүх хүний хүсч, мөрөөддөг газар нь драмын театр. Би өөрийгөө азтай гэж боддог. Сургуулиа төгсч амжаагүй, оюутан байхдаа тэр улаан байшингийн хаалгаар алхаж орсон. Энэ цагийн их урлагийг нуруундаа үүрч яваа мундаг уран бүтээлчидтэй хамт нэг тайзан дээр тоглоно гэдэг залуу уран бүтээлч миний хувьд том боломж, амьдралын асар том сургууль болсон.

-Ярианыхаа сэдвийг багахан өөрчилье. Чөлөөт цагаараа юу хийхийг хүсдэг вэ?

-Уран бүтээлч хүнд чөлөөт цаг ховорхон гардаг. Амралтаараа аль болох амарч, унтаж өнгөрөөхийг хүсдэг.

-Манай залуус гадаад­руу гарах сонирхолтой байдаг. Энэ нь зөв юм болов уу?

-Гадаадын сургалтын төвшин гайхалтай шүү дээ. Манай залуус боломж олдвол сурах хэрэгтэй гэж боддог. Түүнээс зөвхөн Монголдоо гээд байх нь утгагүй. Газар орон үзэж, түүх соёлтой нь танилцах нь зүйтэй. Гэхдээ авах гээхийн ухаанаар хандаад, эргээд ирж, сурсан мэдс­нээ эх орныхоо хөгжилд зориулаасай гэж хүсдэг.

-Манайд ажлын байр ховор юм болов уу эсвэл ажиллах чадалтай боловсон хүчин ховор юм уу. Юу гэж бодож байна?

-Манайд хийж бүтээе гэсэн залуу үеийн төлөөллүүд олон бий. Тэднийг багахан дэмжээд өгөх хэрэгтэй. Улс үндэст­ний ирээдүй хойч нь хүү­хэд залуус байдаг шүү дээ.

-Хүссэнээрээ сэтгэл хангалуун амьдрахын тулд хүрэлцэхүйц цалин авдаг байх шаардлагатай. Зөвхөн төсвийн цалингаар амьдрах боломж байна уу?

-Хамгийн гол нь мэдлэг. Мэдлэгтэй хүнийг ямар ч албан байгууллага булаацалдаад авна. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж чадвал эх орондоо ч сайхан амьдрах боломж бий. Өнөөдөр өөрийгөө хөгжүүлсэн, мэдлэгтэй хүн амжилтад хүрнэ. Гэхдээ чадах салбар бүртээ өөрийгөө сорих хэрэгтэй. Зөвхөн төсвийн цалин хараад амьдрана гэдэг хэцүү.

-Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд манай залууст цалин амлаад ажилуулдаг. Чамд тийм боломж олдвол эх орноосоо явах уу?

-Дэлхийн том театраас хүсэлт тавиад ажиллаач гэвэл дуртай хүлээж авна. Гэхдээ цалин гол нь биш, туршлага хуримтлуулж, суралцах нь чухал. Уран бүтээлч бүхэнд нууцхан мөрөөдөл байдаг. Дэлхийн олон орны уран бүтээлчтэй хамт нэг тайзан дээр тоглоход сайхан байх. Залуу хүн бүр боломж олдвол алддаггүй байгаасай. Магадгүй дахиад тийм сайхан боломж ирэхгүй ч юм билүү.

-Бид чөлөөтэй нийгэм гэж ярих дуртай. Гэтэл энэ үгний цаана хүн хүнээ, ахмад настанаа хүндлэх ардын сайхан уламжлал мартагдаад байгаа юм шиг санагддаг. Санал нийлэх үү?

-Ахмад хүнийг хүндлэхгүйгээр, тэднээс үг сонсохгүйгээр ухаажина гэдэг худлаа. Биднээс илүү амьдралыг мэддэг, туршлагатай хүнээс үг сонсох нь чухал гэж боддог. Өнөөдөр дөнгөж танилцсан хүнтэйгээ эвгүй харьцах юм бол ухамсар доройгоо харуулж байна гэсэн үг. Хүмүүс бие биенээ хүндэлж, хайрлаж, ойлгож байж энэ амьдрал гэрэл гэгээтэй, сайхан байна. Тиймээс залуустаа аливаад ухамсартай хандаж, ахмад буурлуудаа хүндэлж яваарай гэж уриалмаар байна.

-Нөхөрлөлийг юу гэж боддог вэ. А.Ганчимэг ер нь хэр олон найзтай вэ?

-Найз гэдэг үгийг үнэхээр нандин гэж хэлэх байна. Цаг хугацаа нөхөрлөлийн шүүлтүүр байдаг. Өдөр бүр уулзаад, дандаа хамт байдаг хүмүүсийг ч найзаа гэх нь өрөөсгөл. Хэдий уулзахгүй удсан ч сэтгэл зүрх нь миний төлөө байдаг, амьдралд сөхөрөхийн цагт ганцхан үг хэлээд босгож чаддаг тийм л хүнийг найзаа гэж үнэлдэг.

-Чиний шалгуурыг давсан нь хэд вэ?

-Багаасаа найзлаж, хамт тоглож өссөн, оюутан ахуй насны жаргал, зов­лонгоо хуваалцсан, сэт­гэлийн минь засч, түшиж чаддаг найзууд бий шүү.

-Ээж аавын чинь тухай яриагаар ярилцлагаа өндөрлөе гэж бодлоо?

-Миний амьдралын түшиж, тулах багана нь ээж аав хоёр минь. Миний мэргэжлийг ойл­годог, намайг дэмждэг. Жүжигчин болох анхны гарааг минь тавьж өгсөн. Тиймээс ээж аавынхаа ачийг эзэмшсэн мэр­гэжилдээ эзэн нь байж хариулах юмсан гэж хичээдэг.