М.ХҮСЛЭН

Тулгар төрийн 2222, Их Монгол Улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн Үндэсний их баяр наадмаар ес давж түрүүлсэн Монгол Улсын отгон аварга Гунаажавын Эрхэмбаярт зориулсан “Сэлэнгэ түмний хүндэтгэлийн наадам” өнгөрсөн амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймагт боллоо. Тус наадамд Сэлэнгэ аймгийн харьяа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат, С.Баярцогт болон тус аймгаас төрөн гарсан алдартнууд оролцсон юм.

Хүндэтгэлийн наадамд хүчит 128 бөх эр бяраа гайхуулж, Хөвсгөл аймгийн харьяат, улсын харцага Ц.Содномдорж  түрүүлж, Өвөрхангай аймгийн харьяат, улсын начин Б.Сугаржаргал үзүүрлэв. Мөн шинэ аваргын хүндэтгэлийн наадамд их нас, соёолон, дааганы уралдаан болж, аймаг, улсын цолтой 80 гаруй харваач цэц мэргэнээ сорьсон юм.

Г.Эрхэмбаяр 2001 онд Хөвсгөл аймгийн баяр наадамд аймгийн начин, 2003 онд Дархан-Уул аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан, мөн онд улсын баяр наадамд тав давж улсын начин болж байв. 2006 онд улсын баяр наадамд дахин тав давж “өсөх идэр” начин чимэг, 2011 онд улсын баяр наадамд 9 даван үзүүрлэж улсын арслан цол хүртэж байжээ. 2012 онд  улсын баяр наадамд долоо давж “саруул сайжрах” чимэг хүртсэн Гунаажавын Эрхэмбаяр тулгар төр байгуулагдсын 2222, Их Монгол улс байгуулагдсаны 807, Ардын хувьсгалын 92 жилийн үндэсний их баяр наадамд түрүүлж  Монгол Улсын “Аварга” цолтон болсон юм.

Г.Эрхэмбаяр аваргын хүндэтгэлийн наадмын үеэр түүний ээж Т.Даваадуламыг Сэлэнгэ аймгийн Хүндэт иргэнээр өргөмжилсөн. Аварга цолыг сэлэнгэчүүдэд авчирсан, 78 жил тасарсан арслан цолыг авчирсан аваргыг хүмүүжүүлсэн ээжийг нь сэлэнгэчүүд хүндэтгэж, ийнхүү нутгийнхаа хүндэт иргэнээр өргөмжилсөн юм.

Наадмын үеэр аварга Г.Эрхэмбаяр сэтгэгдэлдээ “Сайхан наадам боллоо. Анх барилдаж байхдаа улсын начин болох юмсан гэж бодож байсан. Үүний дараа заан цол хүртэж, хүсэл мөрөөдлөө биелүүлж яваад арслан цол хүртсэн. Сэлэнгэ түмэн минь итгэл хүлээлгэж, Монгол Улсын аварга болох хүсэлтэй болгож өгсөн. Намайг дэмждэг олон хүмүүсийн итгэлээр аварга цол хүртсэндээ их баяртай байна. Үндэсний бөхийн спорт өөрөө хүнийг хүмүүжүүлж, аливаа зүйлд тууштай хандах хүмүүжүүлдэг юм байна гэж бэлэгшээж байна” гэв.

Шинэ аваргын төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Мандал сумынхан нь энэ сарын 9-нд мөн анхны аваргаа хүндэтгэж, наадамлах юм.