Ч.ГАНТУЛГА
Хийсэн зүйл, хэлэх үгтэй мөртлөө энгүй намтартай тийм л хүмүүсийг “Амьдралын тойрог” булан онцолдог билээ. Энэ удаад бид Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнг урьсан юм. Түүнийг “Суварган цэнхэр уулс”, “Анхны алхам”, “Хүн чулууны нулимс” зэрэг дэлгэцийн олон бүтээлээр нь манай үзэгчид андахгүй.
“Би” гэж онгирох дургүй, бид гэж бардамнах дуртай дур зоргоороо, эрх чөлөөтэй найруулагч Гомбожавын Жигжидсүрэнгийн амьдрал, уран бүтээлийн тойргоор хамтдаа аялацгаая.
АЙЛЫН ГАНЦ ХҮҮ, ЭМЭЭГИЙН ЭРХ БОР
Эрхэм найруулагчтай уулзахаар товлосон цагтаа очиход тэрээр эхлээд номын дэлгүүр орох санал тавьсан юм. “Ойрд номын дэлгүүр орж шинэ ном авсангүй. Ном авахгүй удчихаар сонин байдаг юм” гэсээр цэлгэр том танхимтай дэлгүүрийн лангуун дээрх шинэ ном бүрийг хуудас эргүүлэн сонирхлоо. Нэлээд удсаны эцэст орчуулгын хоёр ном авснаар, бид гэрийнх нь зүг явсан юм. Замдаа уран бүтээлийнх нь тухай сонирхолтой яриа өрнүүлсээр зорьсон газраа хүрэв. Тэдний хаалгаар ороход өөр мэдрэмж төрүүлэхүйц гэрэл зургууд сонирхол татсан. Үүднээс нь эхлээд амьдралын сонирхолтлой агшин, түүх өгүүлэх фото зургууд өлгөөтэй харагдана. Түүн дотор Г.Жигжидсүрэн найруулагчийн залуу үеийн зураг болон хүүхдүүд, ач нарынх нь зураг байх аж.
Бидний яриа түүний ажлын өрөөнд өрнөсөн юм. Бурханаа хоймортоо тавьж, ижий аав хоёрынхоо зургийг хоёр талд нь байрлуулсан нь амьдралынх нь амьд бурхад гэж шүтэж явдгийнх ажээ. Тиймээс ч бидний яриа түүний хүүхэд нас, ээж аавынх нь тухай нандин дурсамжаас эхэлсэн. Тэрээр Төв аймгийн Баянжаргалан суманд Гомбожавын хүү болон мэндэлжээ. Гэхдээ дөнгөж найман сартай байхдаа хот руу шилжиж, суурьшсан байна. Түүний аав Гомбожав насаараа “Монцамэ” агентлагийн ерөнхий нягтлан бодогч хийж. Ээж нь ч эдийн засгийн мэргэжилтэй хүн байсан гэсэн. Түүнийг амьдралын замд хөтөлж, хүн болох суурийг тавьсан хүн нь эмээ Л.Дуламханд нь гэж тэрээр онцолсон юм. Айлын ганц хүү, эмээгийнхээ эрх бор хүү хүн болох анхны алхам, ёс заншил, ахмад буурлыг хүндлэх ухааныг эмээгээсээ сурчээ. Түүний ээж их зохиолч Д.Нацагдоржийг таньдаг байсан гэдэг. Д.Нацагдоржийн олон захиа, гэрэл зураг ээжид нь байдаг тухай сонирхуулсан юм. Түүний хүүхэд нас, үлгэр домог, үүх түүхийн дунд өнгөрчээ. Нутгийн буурлууд, эмээ нь түүнд ардын явган үлгэр, түүх домог ярьж өгдөг байсан нь их түүхээ судлах, танин мэдэх сонирхлыг нь татсан гэдэг. Тиймээс ч уран бүтээлд нь түүхээ дээдлэх, бусдад танин мэдүүлэх эрхэм чанар шингэсэн байдаг гэв.
ЭРХ ИШИГНИЙ ТУХАЙ АНХНЫ ШҮЛЭГ БУЮУ ЗОХИОЛЧ БОЛОХ МӨРӨӨДӨЛ
Г.Жигжидсүрэн найруулагч сурагч байхдаа сурлага сайтны эгнээнд жагсдаг байжээ. Багаасаа эрх танхи, хүссэнээ авч өссөн ч эрхийн балай болоогүйдээ баярладаг гэсэн юм. Сурагч болсон цагаасаа номтой нөхөрлөж, утга уран зохиолд дурлажээ. Түүнд эрх цагаан ишиг байсан аж. Найруулагч маань ишигтэйгээ тоглож, эрхлүүлж, цагийг зугаатай өнгөрөөдөг байсан тухайгаа хуучилсан. Харин нэг удаа эрх цагаан ишиг нь ээжийгээ мөргөж байхыг хараад түүнд зориулж шүлэг зохиосон байна. Шүлэг нь “Эрх цагаан ишиг минь дахиад ээжийгээ мөргөвөл эрхлүүлж чамайг хайрлахгүй шүү” гэж төгсдөг гэсэн. Тэрээр энэхүү шүлгээ анх “Пионерийн үнэн” сонинд гаргаснаар зохиол бичих урам зориг авчээ. Энэ үеэс уран зохиолын дугуйланд суралцаж, зохиолч болох мөрөөдөл өвөрлөсөн байна. Тэр үед буюу 1950 оны дундуур яруу найраг сонирхогчдын шүлгийг ахмад зохиолчид сонсч зөвлөгөө өгдөг байжээ. 10 жилийн жаахан хүү тэр цуглаанд очиж шүлгээ уншсанаар зохиолч Ч.Лодойдамбын хараанд өртжээ. Хадаг барьж ёслоогүй ч анхны багш минь гэж зохиолчийг хүндэлдэг тухайгаа дурссан. Энэ үеэс Горькийн сургуульд сурахаар зэхэж, судалж эхэлсэн байна. Гэвч сургууль төгссөн жил нь ганцхан хуваарь ирснийг нь өөр хүүхдэд өгчээ. Харин Г.Жигжидсүрэн найруулагчид Эрхүүгийн хуулийн сургуулийн хуваарь таарч. Гэвч ээж нь зөвшөөрөөгүй гэдэг. Харин эмч болгоно анагаахын сургуульд хүүгээ оруулна гэжээ.
АМЬДРАЛЫН АНХНЫ АЛХАМ АЧИТ БАГШ НАРЫН БУЯН
Ийнхүү ээжийнхээ үгэнд орж эмч болохоор шийджээ. Нэг удаа намын төв хорооны хажуугаар явж байтал Ч.Лодойдамба багштайгаа тааралдсан гэнэ. Хууч яриа дэлгэж, болсон учир явдлаа хэлтэл “Чи нэг жил кино үйлдвэрт ажил. Би дараа жил чамайг кино найруулагчийн сургуульд явуулж өгье” гэсэн байна. Ийнхүү багшийнхаа үгэнд орсон нь түүний амьдралыг бүхлээр нь өөрчилсөн хамгийн том эргэлт болсон гэдэг. Кино үйлдвэрт ороод анх Д.Жигжид найруулагчийн туслахаар ажиллаж, “Улаанбаатарт байгаа миний аав”киноны туслах найруулагчаар явжээ. Энэ явдал нь түүнд киноны ажлын нарийн нандин зүйл, техниктэй хэрхэн харьцах, кино яаж бүтдэг, жүжигчинг хэрхэн сонгох зэргээр их сургууль төгссөн юм шиг амьдралынх нь анхны сургуулилт болсон гэв. Тэрээр Д.Жигжид найруулагчийн тухай дурсахдаа “Багш минь сайхан хүн байсан. Олон залууст эрдэм мэдлэгээ харамгүй өгсөн дөө. Миний киноны их багш, намайг кино урлагт дурлуулсан буянтан” гэсэн юм. Ийнхүү хоёр жил туслахаар ажиллаад хүсэн хүлээсэн Бүх холбоотны киноны их сургуульд явжээ. Эх орноосоо, ээж ааваасаа холдож үзээгүй хүү үүргэвчээ үүрээд, хүсэл мөрөөдлөө тээгээд тэр үеийн ЗХУ-ын гудамжаар алхаж байхад үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрсөн гэдэг. Киноны сургуульд дэлхийн өнцөг булан бүрээс оюутнууд ирдэг, алдартай сургууль байв. Ангийнх нь багш нь ЗХУ-ын киноны эцэг хэмээдэг Лев Владимирович Кулешов гэх буурал байжээ. Тэрээр киноны түүхэнд эвлүүлгийн онолыг бий болгосон түүхтэй. Харин түүний эхнэр нь Александра Сергеевна Хохлова хэмээх сайхан бүсгүй байж. Тэд хамтдаа насаараа киноны сургуулийн найруулагчийн ангид хичээл заажээ. Багш нар нь яагаад ч юм бусад оюутнуудаас илүү монгол шавьдаа элгэмсүү хандаж зааж, зөвлөдөг байсан гэх. Багш нарынхаа хайрыг татсан оюутан Г.Жигжидсүрэнгийн уран бүтээлч болох, кино урлагаас холдож чадахааргүй татагдсан сэтгэл хоёр багшаас нь эхтэй аж. Төгсөх ангийн оюутан дипломын ажлаа “Анхны алхам” киногоор хамгаалсан гэдэг. Энэ үед багшийнх нь бие муудаж хэвтэрт орсон байж. Дипломоо хамгаалж дуустлаа сар гаруй багшийгаа асарчээ. Орон дээрээс нь өндийлгөж, хоолыг нь өгч, чадах хэрээрээ тусласан байна. Энэхүү сэтгэлд нь талархсан Хохлова багш нь өөрөө хийсэн таягийг нь дурсгал болгон өгчээ. Г.Жигжидсүрэн найруулагч тэрхүү таягийг одоо хүртэл хадгалж, ажлын өрөөнийхөө хойморт хүндэтгэн залсан байна лээ. Найруулагчийн ангид сурч байхдаа кино зохиолчийн эчнээ ангид сурч төгсчээ. Зохиолын ангийн багш нь А.Я Каплер хэмээх мундаг зохиолч байж. Ийнхүү амьдралын замд хөтөлсөн багш нараа дурсан ярихдаа нүдэнд нь үл ялиг нулимс цийлэгнэж, хоолой нь чичирч байсныг дурсах хэрэгтэй. Багш нар нь түүнд хүн байхын утга учир, хүн хүнээ хайрлах эрхэм сэтгэлийг төлөвшүүлсэн нь энэ аж. Энэ бол найруулагч хүнд байх ёстой хамгийн том чанар юм. Тэрээр оюутан насныхаа эрхэм андуудын тухай дурсан ярьсан. Тэдний ангид Тусман Садьков гэдэг Татар оюутан сурдаг байв. Мөн Юсут Даниялов хэмээх Дагестан залуу байж. Тэр гурав үй зайгүй дотно найзууд байсан гэнэ. Оюутан насны зугаатай мөчүүд, нандин дурсамж олон бий гэсэн юм. Одоо ч Г.Жигжидсүрэн найруулагч Орост очихоороо заавал Даниялов найзынхаараа ордог гэв. Шинэ уран бүтээлийн тухай, залуу насныхаа тухай дурсаад суух сайхан шүү гэсэн юм.
ЖҮЖИГЧИНДЭЭ ЗОРИУЛЖ ЗОХИОЛОО БИЧДЭГ
Тэрээр эх орондоо ирээд уран бүтээлийн ажилдаа шаргуу оржээ. Түүнийг хамгийн удаан зовоосон бүтээл нь “Хатанбаатар” кино гэсэн. 10 жилийн турш бодож, тунгааж, жүжигчин хайсаар явжээ. Гол дүрд нь тоглосон Эрдэнэбулган тэр үед сургууль төгсч ирээд дуурийн театрт ажиллаж байв. “Учиртай гурван толгой дуурь”ийн Юндэнд дуулахыг нь Г.Жигжидсүрэн найруулагч өөрөө очиж сонсчээ. Тэндээс л Хатанбаатарт тоглож болох юм байна гэсэн бодол төрж, санал тавьсан гэдэг. Кинонд найруулагчийн хувь араншин илэрдэг гэж тэрээр яриагаа үргэлжлүүлсэн юм. Учир нь түүний бүтээсэн бүтээлд гэгэлгэн хайр, уянгын төрөл давамгайлдаг. Найруулагч маань өөрөө энгийн, төлөв даруу, хүн шиг санагдсан. Тэрээр байлдаантай кино хийхийг хүсдэггүй гэсэн юм. Ямар сайндаа уран бүтээлч нөхдийнх нь дунд “Хос хун гарч байвал Жийгээгийн кино” гэсэн хошигнол дэлгэрээд буй тухай ярьсан. Хүн бүхний сайн мэдэх, үзэх дуртай “Суварган цэнхэр уулс” киноны найруулагч нь Г.Жигжидсүрэн гуай билээ. Энэхүү кино нь С.Эрдэнээгийн “Нарангарав” өгүүллэгээс сэдэвлэсэн аж. Тэрээр жүжигчиндээ зориулж зохиолоо бичдэг гэсэн. Болж өгвөл хүний зохиолоор биш өөрийнхөө зохиол дээр ажиллахыг эрхэмлэдэг гэв.
УРАН БҮТЭЭЛИЙН ХАВЧИГДМАЛ ҮЕ
Түүний уран бүтээл үргэлж дардан замаар амархан бүтээгүй аж. Нийгмийн үзэл суртал, бодлогод нийцэхгүй бол хийлгэхгүй гэсэн хатуу журмын дор сөхөрсөн үе байдаг аж. Түүний “Амин мөр” кино тухайн үеийнхээ нийгэмд хүчтэй нөлөөлж, шүүмжлэл, магтаал хоёрыг зэрэг авчирчээ. Энэхүү киноны санааг санамсаргүй олсон гэдэг. Хөдөө замд явж байтал замын хажууд бяцхан хүү уйлаад зогсч байж. Хүүгээс учир явдлыг нь асуувал эмээ бурхан болчихсон гэснээс өөр үг хэлээгүй гэнэ. Г.Жигжидсүрэн найруулагч хүүг аваад гэрт нь очтол үнэхээр эмээ нь өнгөрчихсөн байжээ. Сумын төврүү орж хэл дуулгатал сумын Засаг дарга нь “Энэ хүү эмээтэйгээ хамт амьдардаг юм. Ээжийг нь цэргээс халагдсан залуу эхнэрээ болгоод аваад явсан. Настай эмээтэйгээ хоёулахнаа амьдардаг байсан” гэжээ. Энэ үед “Амин мөр” киноны санаа орж, иймэрхүү маягаар үлдсэн олон хүүхдүүдийн өмнөөс эцэг эхэд нь сануулга болгох гэж бүтээсэн гэдэг. Киноны гол дүр болох хэлгүй хүүд Г.Жигжидсүрэн найруулагчийн хүү Ж.Батбаатар тогложээ. Түүнийг нэгэн үе уран бүтээлээр нь хавчиж, кино урлагийн түүхээс арчина гэсэн удаатай аж. Гэвч найруулагч Г.Жигжидсүрэн бууж өгч, шантрахыг хүсээгүй. Харин ч уран бүтээлээ эрчимтэй хийж, “Хүн чулууны нулимс”, “Бүлээн нурам”, “Амин мөр” зэрэг нийгэм рүү чиглэсэн, нийгмийн, хүн ардын дуу хоолой болсон уран бүтээл хийсээр байсан ажээ.
ХАМТЫН АМЬДРАЛ ИТГЭЛ ДЭЭР ТОГТДОГ ЮМ
Ардын жүжигчин найруулагч Г.Жигжидсүрэнгийнд зочлоход түүний гэргий Цэцгээ эгч найрсагаар угтсан юм. Амьдралынх түшиг тулгуур болсон ханийх нь тухай найруулагч Г.Жигжидсүрэнтэй ярилцлаа.
-Та манай уншигчдад гэр бүлээ танилцуулаач?
-Миний ханийг Цэцгээ гэдэг. Манайх гурван хүүтэй.
-Ханьтайгаа яаж танилцсан бэ?
-Манай хүний мэргэжил нь дулааны инженер. Гэхдээ над шиг кинонд дурласан хүн. Насаараа миний хажууд Зургийн даргын алба хашиж байна. Эхлээд хүүхдүүдээ асраад, надад хоол цай бариад ирдэг байсан. Сүүлдээ ханийгаа кино урлаг руу уруу татчихсан юм. Надтай адилхан халуунд халж, хүйтэнд хөрч, өдрийн ихэнхийг зургийн талбай дээр өнгөрүүлсэн.
-Уран бүтээлч хүний амьдралд цаг нар гэж байдаггүй. Энэ хугацаанд ар гэрийн амьдралыг зохицуулж ирсэн нь таны хань л байх даа?
-Би нэг ч удаа ар гэртээ санаа зовж үзээгүй. Хэрэв өөр хүнтэй учирсан бол надаас ямар уран бүтээл төрөх байсныг хэлж мэдэхгүй байна. Би өөрийгөө азтай хүн гэж боддог. Хань минь байхгүй байсан бол би гэж байхгүй байсан байх. Миний нэг тал гэж ойлгож болно. Одоо надтай хамт Үндэсний олон нийтийн телевизэд ажилладаг юм. Миний туслах найруулагч.
-Хоёр найруулагч нэг гэрт байхаар ямар байдаг вэ?
-Аливаа зүйл хоёр талтай гэдэг үнэн байх шүү. Нэг бодлын надад амар байдаг ч хааяа ханийгаа харахаар өрөвддөг юм. Заримдаа уран бүтээлээс болж маргалдах үе гаралгүй яахав. Гэхдээ тэр бүр зөрөөд байдаггүй. Орой хүртэл хамтдаа төлөвлөгөө гаргаж, ярьж хонодог.
-Өнгөрүүлсэн амьдралаа эргээд харахад хэр сайн хань, аав байсан гэж боддог вэ?
-Үнэхээр хэлж мэдэхгүй юм. Ар гэрийн амьдралыг эхнэр маань л зохицуулдаг байсан. Гэхдээ хайраар дутаагаагүй байх гэж итгэдэг. Хамтын амьдрал итгэл дээр тогтдог. Хань минь надад итгэсээр ирсэн. Би итгэлийг нь алдахгүйн төлөө амьдарч байна.
-Танай хүүхдээс аавынхаа мэргэжлийг өвлөсөн хүн бий юу?
-Манай хөвгүүд багадаа кинонд тоглож байсан. Бид хоёрыг дагаж явсаар байгаад кино урлагт элэгтэй шүү. Гэхдээ би хүүхдүүдээ киноноос хол яваасай гэж хүсдэг.
-Яагаад. Хүмүүс хүүхдүүддээ мэргэжлээ өвлүүлэхийг хүсдэг шүү дээ?
-Хэцүү шүү дээ. Би энэ мэргэжлийн хэцүүг насаараа мэдэрч яваа хүн. Хүүхдүүдээ толгой амар байгаасай гэж хүсдэг юм. Манай хүүхдүүд өөр өөрийнхөө эзэмшсэн мэргэжлээр ажиллаад, амьдарч байна.
-Одоо компьютер графикаар хийсэн кино давамгайлах болжээ. Нөгөө хүний сэтгэлд хүрэх, сэтгэлийн утсыг нь хөндөх нь бага болчихсон юм шиг?
-Техник хөгжиж байгаад баярлаж, олзуурхаж явдаг. Гэхдээ хэтэрхий тэр талаа баримтлах нь буруу. Өнөөдөр өдөр бүхэн шинэ кино нээлтээ хийж байна. Гэхдээ уучлаарай би тэр бүхнийг бүтээл гэж хэлж чадахгүй. Хуулбарласан кинонууд олон болсон шиг санагддаг. Кино цаанаа хэлэх үгтэй байх ёстой шүү дээ.
-Кино урлагаас та яг юуг мэдэрч байна?
-Би одоо хүртэл амьдралын их сургуульд суралцсаар байна. Миний хийж, бүтээх хүсэл дуусаагүй. Улам их рүү тэмүүлж явна. Кино урлаг надад хүн байх утга учрыг сургасан гэж боддог. Энэ урлагаас олсон хамгийн том ололт хүн чанар юм шүү.
-Энэ амьдралыг далай, таныг онгоцны ахмад гэвэл хэр сайн сэлүүрдэгч вэ?
-Далайн ёроолд живэхгүйн төлөө хичээж л явна. Би өөрийнхөө амьдралыг уран бүтээлээ өөрийнхөө хүсэл сэтгэлээр хэнээс ч хараат жолоодож яваа.