Ч.ГАНТУЛГА
Амьд хөгжим сонирхогч залуусын хүссэн хүлээдэг наадам нь “Coken beat” билээ. Долоо дахь жилдээ амжилттай зохиогдсон энэхүү наадмын ялагчаар “Rec on” хамтлаг шалгарсан. Хамтлагийн залуустай ярилцлаа.
Б.Баасандорж/Хамтлагийн ахлагч/: НААДМЫН ХҮРЭЭ ЖИЛЭЭС ЖИЛД ТЭЛЖ БАЙНА
-Энэ жилийн “Coken beat” наадмын тухай яриагаа эхэлье. Ямар онцлогтой наадам болов?
-Жил өнгөрөх тусам наадмын хамрах хүрээ, үзэгчдийн тоо ихэссээр байна. Залуус амьд хөгжмийг мэдэрч, ойлгодог болсонд залуу уран бүтээлчийнхээ хувьд олзуурхаж явдаг. Энэ жилийн наадамд 20 гаруй хамтлаг бүртгүүлснээс 18 нь тайзнаа дуулсан. Үүнээс шилдэг дөрвөн хамтлаг шалгарсан. Эцсийн шалгаруулалтаар манай хамтлаг ялагч боллоо. Наадмын онцлог нь тусгай шүүгч байгаагүй. Үзэгчдийн таашаалаар шилдгүүд тодорсон.
-Хамгийн ширүүн өрсөлдөгч чинь ямар хамтлаг байсан бэ?
-Наадамд оролцсон бүх хамтлаг чанга байсан. Өөр өөрийн стиль, дуулалт, дуугаралт зэрэг дахин давтагдашгүй өвөрмөц хамтлагууд байна лээ. Өрсөлдөгч гэхээсээ илүү сайхан найзууд болж, туршлага солилцсон.
-Наадмын ялагч болсон хамтлаг дэлхийн алдартай фестивальд оролцоно гэж байсан?
-Индонезид болох амьд хөгжмийн наадамд оролцох эрхийн эзэн болсон. Дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг хамтлагууд ирнэ. Бидний хувьд эх орноо сурталчлах, харилцан туршлага солилцох том боломж гэж бодож байна.
Ө.Нямсүрэн/Бөмбөрчин/: АМЬД ХӨГЖИМ ҮНЭН МЭДРЭМЖИЙГ ТӨРҮҮЛДЭГ
-Хамтлаг хэзээ байгуулагдсан бэ. Яагаад заавал амьд хөгжмийн хамтлаг байгуулсан юм бэ?
-2011 онд зургаан хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Багаасаа дуулах сонирхолтой хүүхдүүд байсан. Хүсэл мөрөөдөл биднийг нэгтгэсэн гэж боддог. Амьд урлаг өөрөө гайхалтай шүү дээ. Бүх зүйл бодитоороо, дуугаралт нь хүртэл яг хажууд ямарч автомат засвар байхгүй, сонсч байгаа хүнд үнэн мэдрэмжийг төрүүлдэг.
-Амьд хөгжмийн хамтлагт тоглохын хамгийн сайхан үе нь хэзээ вэ?
-Бид тухайн цаг үед хөлсөө гартал дуулж, бүжиглэж, хөгжимддөг. Тэр үед үнэхээр их ядардаг ч биднийг сонсч байгаа сонсогчид, хөгжмийн дуугаралт зэргээс эргээд эрч хүч, сэтгэлийн таашаалыг авдаг. Уран бүтээлч тэр тусмаа амьд хөгжмийн хамтлагт тоглодог хүний хамгийн жаргалтай мөч тэр байх.
-Ам барьж дуулдаг хамтлаг, дуучид олон болсон. Энэ тухай ямар бодолтой байна?
-Дөнгөж урлагийн тайзнаа гарч байгаа залуусын хувьд энэ нь байж болохгүй асуудал. Хүмүүсийг хуурах муухай шүү дээ. Нэгэнт л уран бүтээлч, дуучин болохыг хүссэн бол авъяасаараа өрсөлдөх нь зүйтэй.
Б.Билгүүн/ Дуучин/: МӨРӨӨДӨЛ БАЙГАА ЦАГТ УРАН БҮТЭЭЛЭЭ ЗОГСООХГҮЙ
-Танай хамтлагийн нөхөрлөлийн түүх хэзээнээс эхтэй вэ?
-Бидний олонх нь багын найзууд. Өдийг хүртэл бие биенээсээ урваагүй, гэмгүй сайхан нөхөрлөж явна. Хамтлаг байгуулах шалтгаан маань ч нөхөрлөлөөс эхтэй. Магадгүй бид найзууд биш байсан бол “Rec on” гэж байхгүй. Нэг айлын таван хүүхэд шиг өссөн. Долоо хоногийн зургаан өдрийг бэлтгэлтэй өнгөрөөдөг.
-Танай хамтлаг хэр хугацаанд оршин тогтнох бол?
-Бидний хүсэл мөрөөдөл байгаа цагт уран бүтээлээ хийнэ гэж боддог. Магадгүй бид үхтлээ хамт байж магад.
-Эрчүүдийн нөхөрлөл хэр зузаан байдаг вэ. Маргалдах асуудал бишгүй гарна биз?
-Хүн юм чинь уурлах, бухимдах, гомдох, шаналах үе тохиолдолгүй яахав. Гэхдээ аливаа асуудлыг эвээр шийдэхийг хүсдэг. Бүгд эрчүүд учраас элдэв хэрүүл гардаггүй. Гарсан ч түүнийг хүндрүүлэхийг хүсдэггүй.
Д.Цэнд/ Гитарчин/: БИД БИЕ БИЕДЭЭ ИТГЭДЭГ
-Танай хамтлагийн хамгийн, хамгийнаас сонирхоё?
-Бид бүгдээрээ бие биедээ хамгийн, хамгийн шүү дээ /инээв/ Хамгийн зөрүүд нь манай Билгүүн, ажилсаг нь хамтлагийн ахлагч Бааска
-Та өөрөө?
-Хамгийн эрх нь байх шүү.
-Хамтлагийн найзуудынхаа ямар зан чанараар бахархдаг вэ?
-Миний найзуудад олон сайхан чанар бий. Хамгийн эхэнд нөхөрлөлдөө үнэнч гэж онцолмоор байна. Бид бие биедээ итгэдэг. Ямар ч үед хамт байж чаддаг. Эцэст нь хамтлагийнхаа найз нарт чин сэтгэлээсээ хайртай шүү гэж хэлье.
Г.Дөлгөөн/Гитарчин/: АХ НАРААСАА ҮЛГЭР ДУУРАЙЛ АВДАГ
-Танай хамтлаг бусдаас юугаараа ялгардаг вэ?
-Бид хард рок блус стилээр дуулдаг. Монголд энэ чиглэлээр дуулдаг хамтлагууд цөөхөн. Харанга, Нисванис Булсарагийн ах нараас өөр байхгүй.
-Ах нараасаа сургамж сонсоно биз?
-Үргэлж үлгэр дуурайлал авч, хүндэлж явдаг. Тэднээс тайзан дээр яаж чөлөөтэй байх, үзэгчдийг хэрхэн байлдан дагуулах зэрэг олон зүйлийг тусгаж авдаг.
-Хамтлагийнхаа гурван жилийг урьдчилж харвал?
-Тодорхой хэмжээгээр уран бүтээл маань олонд хүрчихсэн, цомог гаргаад бие даасан тоглолтоо хийчихсэн байна.