1932-1990 он
Н.БАТМӨНХ
Д.Жамц 1932 оны усан бичин жил Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн Өвөргэчгэнэ гэдэг газар долоон хүү хоёр охинтой айлын гуравдугаар хүү болон төржээ. Тэрээр бага насандаа мал маллаж, жин тээх, эмнэг хангал сургадаг байж. Д.Жамц багаасаа барилдах сонирхолд хөтлөгдөн үеийн хүүхдүүдтэй ноцолдож өсчээ. Тэрээр хүүхэд байхаасаа хүнд жинтэй, хүч сайтай байсан боловч хөдөлгөөн удаатай, мэх муутай байснаас төдийлөн амжилт гаргаж чадахгүй байв. Харин Төвшрүүлэх сумын наадамд барилдаж үзүүрлэжээ. Д.Жамц сумынхаа бага сургуулийг төгсч ахыгаа даган хот орж ирээд эрдэм ном сурах, бөх барилдах чин эрмэлзлэлд хөтлөгдөн хүсэл зорилгодоо хүрч эхэлжээ.
1955 оны улсын баяр наадамд сугалаагаар барилдахад анх удаа зодоглож гурав даваад улсын сургуульд явж төгсч ирээд 1959 оны МЗО-ны анхдугаар наадамд журмаар барилдахад 24 давж зургадугаар байр эзэлсэн амжилтаар Монгол Улсын начин цол хүртжээ. Түүний улсын баяр наадамд үзүүлсэн амжилтыг сонирхуулья.
1959 онд тав давж өсөх идэр чимэг.
1961 онд нэгийн даваанд унажээ.
1962 онд ес даван түрүүлж Монгол Улсын арслан цолыг 30 насандаа авчээ.
1963 онд зургаа давж улам нэмэх чимэг.
1964 онд тав давж үнэн хүчит.
1965 оны баяр наадамд тав давж бат хүчит чимэг. 1966 онд тав давж үнэн итгэлт чимэг. 1969 онд тав давж харилтгүй хүчит чимэг.
1970 онд тав давж чин зоригт чимэг.
1971 тав давж саруул сайжрах чимэг.
1972, 1973, 1975 онуудад дөрөв давж Архангай аймгийн Хашаат сумын харьяат аймгийн арслан С.Жамц Говь-Алтай аймгийн Халиун сумын залуу бөх Д.Цэрэндаш, Архангайн хотонт сумын харьяат аймгийн арслан Ч.Гочоосүрэн нарт өвдөг шороодсоноос гадна 1976, 1981 онд дөрөв давж дархан аварга Д.Дамдинд хоёр удаа амлуулж унажээ.
Мөн 1974, 1977 онд гурав давж Төв аймгийн Баян-Эрхтэйн аймгийн арслан Д.Номингэрэл, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат цэргийн заан Д.Батбаяр нарт өвдөг шорооджээ.
1967, 1978, 1979, 1980 онуудад барилдсан эсэх нь тодорхойгүй. Хэрэв барилдсан бол доогуур даваанд унасан байж болно.
Д.Жамц арслан МУИС-ийг төгсч хуулийн мэргэжлтэй болсон бөгөөд мөн бөхийн чөлөөт барилдаанаар хичээллэж дэлхийн алдарт бөхчүүдтэй гар зөрүүлж явжээ. Тэрээр аймгийн сум дундын шүүгч, БЗД-ийн ерөнхий прокурор , барилгын цэргийн ангиудад хариуцлагатай албанд тохоон томилогдож ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэж байв.
Д.Жамц арслан тойруулж гуд татах, суйлах, дан ба давхар тойгдох хав барьцнаас бусгах мэхнүүдийг сайн эзэмшсэн бөх байлаа. Түүний ажил хөдөлмөр, спортын амжилтыг төр, засгаас өндрөөр үнэлж төрийн дээд шагнал Алтан гадас одон болон бусад медалиар шагнажээ. Тэрээр хүнд өвчний улмаас 1990 онд насан өөд болжээ.