Д.НАДМИД
Японы мэргэжлийн сүмогийн зуны тэмцээн буюу Нагоя башё өндөрлөв. Энэ башёгийн гол онцлог нь мэргэжлийн сүмогийн 69 дэхь их аварга Хакүхо М.Даваажаргал ээлжит түрүүгээ авбал Асашёорюүгийн 25 түрүүлсэн амжилтыг эвдэх, япон сүмоч, озеки Кисеносато 13-аас дээш давбал түрүүлээгүй ч ёкозүна болох явдал байсан юм.
Хакүхо тэмцээний 13 өдөр дараалан давснаар буюу өрсөлдөгчдийн нэхэл хол (хамгийн цөөн унаатай нь гурав унасан) байснаас сүүлчийн хоёр өдөр унасан ч түрүүлэх болзлоо хангасан байлаа. Ер нь 11 дэхь өдрийн барилдааны дараа л түрүүлэх нь тодорхой байсан гэж хэлж болох юм. Тэгээд ч түрүүлсэн. Эзэн хааны цомыг 26 дахь удаагаа гардан авлаа. Одоо түүнд 32, 35 гэсэн хоёр тоо л харагдаж байгаа. Сүмогийн түүхэнд хамгийн олон түрүүлснээрээ Хакүхо гуравт жагсав. Харамсалтай нь энэ башёд сүүлийн хоёр өдөр озеки Кисеносато, ёкоүзүна Харүмафүжи нарт унасан явдал байв. Тэмцээний 13 дахь өдөр озеки Котоошогикүг давахдаа авсан гэмтэл нь нөлөөлөх шиг болсон. Бас тэртэй тэргүй түрүүлнэ гэсэн тайвшрал ч байсан байж болох юм. Хакүхо эзэн хааны цомыг гардан авах үеэрээ өгсөн ярилцлагадаа:
-Бага зэрэг гэмтэл аваад түрүүлж чадахгүй байж мэднэ гэж санаа зовсон ч зорьсондоо хүрлээ гэдгээ онцлоод
-Би Нагоя башёд гурван жил дараалан түрүүлж чадаагүй байсан. Өнөөдөр дутуугаа нөхөж чадлаа. Бас нэг жаахан харамсалтай нь тасралтгүй 43 даваад байснаа Кисеносатод таслууллаа. Урьд нь 63 даваанд мөн л энэ бөхөд даваа алдсан юм. Сая зодог тайлж байгаа Санчирболддоо цаашдын ажил үйлс, амьдралд нь амжилт хүсье гэлээ.
Ёкозүна Харүмафүжигийн хувьд 10 даваа, дөрвөн унаатайгаар тэмцээнийг дуусгав. Түүний гэмтэл бүрэн эдгээгүй гэсэн тайлбар ч сонсогдож байлаа. Гэхдээ Сүмогийн холбооны анхааралд байгаа л бөх. Ёкозүнагийн хэмжээнд барилдахгүй бол зодог тайлуулна гэж сануулга аваад байгаа. Одоо ямар үг дуулдахыг мэдэхгүй.
Кисеносато азгүйтэв. Уг нь тэр 13-аас илүү давчихвал ёкозүна цол бэлгэнд авах, 12 давж чадсан бол дараагийн башёд аварга цолны болзолтой барилдах байлаа.Гэтэл тэр их аваргыг шороодуулсан хэрнээ озеки Котоошогикүг дийлсэнгүй 11-хэн даваатайгаар тэмцээн өндөрлүүлчихэв. Япончуудын “дотоод үйлдвэрийн аварга”-тай болох зорилго ч нурав даа. Озеки нар Какирюү (10-5), Котоошогикү, Котоошюү нар адилхан (9-6) давж цолоо авч үлдэв. Мөн секиваке Гоэйдо, Миёеогирюү нар тэмцээний сүүлчийн өдөр найм давж цолоо хамгаалав. Харин Шохозан, Токитэнкү нар комүсүби цолоо алдсан биз. Аваяма, Окүнами нар тун сайн барилдсан юм. Залуу сүмоч Такияасу дайчин барилдааны шагнал хүртлээ. Тэр комүсүби болох нь ч тодорхой болов уу. Ийнхүү мэргэжлийн сүмогийн зуны тэмцээн өндөрлөв.
Дашрамд дуулгахад сүмогийн зургаан зиндааны хоёрт нь монгол сүмоч түрүүлжээ.