Ч.ГАНТУЛГА
Бөөрөнхий малгай хазгайдуулан тавьж, нүүрэндээ үл мэдэх инээмсэглэл тодруулах түүнийг харахад нэг л танил. Хэдийгээр 30 гаруй жил өнгөрсөн ч дугуй малгай, нүднийх нь харц төдийлөн өөрчлөгдөөгүй байв. Үзэгчдийн сэтгэлд хүүхэд насны гэнэн төрхөөрөө тодхон үлдсэн долдугаар ангийн хүүтэй уулзахаар цаг болзлоо. Тэр бол “Зуслангийн найзууд” киноны атаман Чинбат буюу хурандаа Г.Мөнхдөл юм. Түүнийг “Дэлгэцийн танил” буландаа урьчихаад өнөөх атаман төрх, томоогүй дүрээр нь төсөөлж суулаа. Зуслангийн атаман маань хэдийнэ 40 насны босго алхсан ч киноныхоо тухай ярихдаа нүд нь сэргэж, тухайн үеийн үйл явдлыг өчигдөрхөн юм шиг тод санаж, дүрслэн ярьж байгаа нь яг л бяцхан жаал шиг хөөрнө. Сэтгэл хөдлөл нь дээд цэгтээ хүрч, хамт тоглосон найзууд, эрхэм найруулагчийнхаа тухай хүүрнэхийг нь ажихад “Зуслангийн найзууд” кино түүний амьдрал, хүүхэд насных нь хамгийн нандин дурсамж болон үлдсэн нь илт. Үнэхээр Г.Мөнхдөл өнөөдрийг хүртэл 30 гаруй жил “атаман” хэмээн дуудуулж, овоглуулж явна.
ХУЛГАНЫ АРААС ЭЛДЭЖ ХӨӨСӨН НЬ
1970-аад оны үед Монгол кино нэгтгэл жилд 10 гаруй кино хийх төлөвлөгөөтэй ажиллаж байв. Үүний 1-2-ыг нь заавал хүүхдэд зориулсан кино хий гэсэн лүндэнтэй. Тухайн үед Г.Мөнхдөл 21 дүгээр сургуулийн долдугаар ангийн сурагч байлаа. Кино багийнхан хуваагдан, ерөнхий боловсролын сургуулиудаар явж, дүрийн эрэлд гарчээ. Давтлагаа тарсан бяцхан жаал сургуулийнхаа үүдэнд Б.Дамчаа гуайтай таарч. Хүүхэд насны дэггүй зангаасаа болж “Япон Дамчаа гуай үхээгүй байсан юм уу” гээд хэлээд тавьчихав. Киноных нь дүрээр хэлчихсэндээ жүжигчнээс эмээсэн хүүг Б.Дамчаа гуай дуудаад өөдөөс нь нэлээд удаан харж, зогссоноо “Маргааш хоёр цагт кино үйлдвэр дээр яваад очоорой” гэжээ. Загнаагүйд нь баярласан хүү “За” гэж хэлчихээд бушуухан явахын түүс. Маргааш нь шалгалтаа өгчихөөд юун кино үйлдвэр рүү явах. Найзуудтайгаа нийлж, голын хөвөөн дээр очиж өдөржин тоглов. Өдрийн дөрвөн цагийн үед найз нь “Чамайг кино үйлдвэр дээр ирээрэй гэсэн шүү дээ” гэжээ. Гэнэт санасан хүү гүйсээр кино нэгтгэлийн үүдэнд очвол хүүхдүүдийг нэрээр нь дуудаад оруулж байв. Зааланд кино багийнхан суучихсан, хүүгээс асуулт асууна. Өмнө нь зураг авалтад орж байгаагүй хүүд энэ нь содон мөртлөө сонин мэдрэмж байв. Найруулагч түүнийг өөрөө сэтгээд жүжиглэ гэсэн даалгавар өгчээ. Г.Мөнхдөл нэг удаа гэрт нь хулгана гүйж харагдахаар нь араас нь элдэж, сонингоор хөөж байснаа санаад жүжиглэж л дээ. Түүнийг харсан группийнхэн инээлдэж, “Маргааш заавал ирээрэй” гээд явуулжээ. Маргааш нь фото пробонд оров. Хэдэн талаас нь зураг аваад л хүүгийн хувьд баярласан гэж жигтэйхэн. Ингээд Чинбатын дүрд Г.Мөнхдөл, н.Жаргалсайхан гэсэн хоёр хүү тэнцжээ. Харин Өлзийд анх н.Баатар гэсэн хүү тэнцсэн юм байна. Хэлгүй охин Цэцэгээд Т.Гэрэлбатыг сонгожээ. Гол дүрээ сонгосон кино багийнхан хүүхдүүдэд зохиол өгч уншуулан, киноныхоо тухай ярьж өгнө. Тухайн үед өнөөгийнх шиг зурагаа аваад шууд үзэх боломж байсангүй. Дүрсээ орой нь угааж байж маргааш нь үзэх боломжтой. Найруулагчид зөвлөлдсөний эцэст Өлзийд тоглосон н.Баатарын оронд н.Цогтдэлгэрийг, зуслангийн атаманд Г.Мөнхдөлийг сонгосон түүхтэй.
АЛТ ШИГ ҮНЭТЭЙ ХАЛЬСНЫ ӨРӨНД ОРОХОО ШАХАВ
Ийнхүү кино багийнхан гол дүрд сонгосон гурван хүүхдийн эцэг, эхээс кинонд тоглуулах зөвшөөрөл авснаар сурагч Г.Мөнхдөл жүжигчин болов. Тухайн үед аав нь өнгөрөөд жил гаруйхан болж байж. Г.Мөнхдөл ээж, ихэр эгч болон хоёр дүүгийнхээ хамт амьдардаг байжээ. Харин 1977 оны тавдугаар сард ээж нь нутгаа бараадна гээд тэднийх Дорнод руу нүүх болов. Кино багийнхан ээжтэй нь зөвлөлдсөний эцэст Г.Мөнхдөлийг кино зураг дуустал хотод хамаатныд нь үлдээхээр ярилцаж. Ингээд Майхан толгойд байрлаж, зураг авалт эхэллээ. Зургийн багийнхан өдрийн нартай уралдаж зурагаа дуусгах гэж эрчимтэй ажиллана. Халуун зун, нарны гэрэлд, хажууд нь нэмэлт гэрэл тавиулаад зурганд орно гэдэг бяцхан хүүхдүүдийн хувьд мэдээж хэцүү. Өмнө нь кино зурганд орж үзээгүй, кино яаж хийдгийг мэдэхгүй атаман маань эхэндээ найруулагчдаа их загнуулдаг байж. Зургийн үеэр алдаа гаргахад нь Х.Дамдин гуай “Энэ алт шиг үнэтэй хальсыг чи төлөх юм уу” гэж зэмлэнэ. Энэ бүхэнд хоёрдугаар найруулагч Б.Дамчаа агсан түүнд зааж зөвлөнө. Анхны зураг авалт хоёрдугаар эмнэлгийн гадаа хүүхдүүд эргэж ирдэг хэсгээс эхэлжээ. Энэ үед Чинбат хамгийн их загнуулсан гэнэ. Хоёр тийшээ алхахаар нь найруулагч түүнийг баавгай шиг эв хавгүй алхаж байна. Наад алхаа гишгээгээ анзаараач гэж уурлана. Харин хэд хоногийн дараагаас хүү камертаа дасаж, загнуулах нь багасчээ. Харин ч найруулагч түүнийг “Сайн байна. Мундаг. Чинбатаа чи нэг дублиэр гарлаа шүү” гэж магтдаг болов. “Зуслангийн найзууд” киног бодох бүрт Чинбатын усны тэргэн дээр түрүүлээд ирж буй хэсэг тодхон харагддаг даа. Харин энэ хэсгийн тухай зохиолд тусгагдаагүй бөгөөд найруулагчийн бодолд амилж, буусан юм байна. Мөн түүний дугуй малгай ч зохиолд бичигдээгүй. Эхний зураг авалтын дараа хувцаслалт хийх болж, Х.Дамдин гуай өөрөө тэр малгайг сонгож өгчээ. Энэ нь атаман төрхийг нь тодотгож өгөх гэсэн найруулагчийн санаа байв.
ЧӨТГӨРИЙН ДҮРД ТОГЛОЖЭЭ
Зуны гурван сар нөхөрлөж, найзууд болсон хүүхдүүдэд зураг авалтгүй өдөр тоглож, наадах таатай мөчийн нэг. Кино группийн 10 гаруй гэрийг эмэгтэй, эрэгтэй гэж хуваажээ. Оройн цагаар багачууд нэг гэрт бөөгнөрч, аймшгийн юм ярьж хөгжилдөнө. Зургийн группэд туслахаар Дүрслэх урлагийн анги төгссөн н.Лхагваа гэж хүн байж. Г.Мөнхдөл зураг сонирхдог учир н.Лхагваа ахтайгаа дотно найзална. Нэг удаа тэр хоёр хүүхдүүдийг айлгах төлөвлөгөө зохиожээ. н.Лхагваа “Ах нь өнөө орой хүүхдүүдэд чөтгөрийн тухай ярьж байгаад дуугаа өндөрсгөнө. Тэгэхээр миний дүү мод цохиод гэр тойроод гүйгээрэй” гэж. Ахынхаа хэлсэн ёсоор Чинбат гүйжээ. Хүүхдүүд ч айгаад бөөн юм болж. Харин маргааш нь шуугиан дэгдэлгүй яахав. Айсан охидууд найруулагчдаа шөнө чөтгөр орж ирсэн гээд хов хүргэчихэж. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиур болсон том, бага хоёрт найруулагч банга хүртээсэн нь бяцхан хүүгийн дурсамжинд өнөөдрийг хүртэл хадгалаастай байна. Харин багачуудын хамгийн сайн найз, зөвлөгч нь Б.Дамчаа гуай. Тэрээр чөлөөт цагаараа хүүхдүүдтэй их дотно байжээ. Хамтдаа тоглож, гитар тоглож тэднийг хөгжөөнө.
“АТАМАН” ГЭДЭГ ҮГ ЁС СУРТАХУУНД НИЙЦЭХГҮЙ
Есдүгээр сард зураг авалт дуусаад аравдугаар сард нээх ёстой кино дараа жилийнхээ зургадугаар сарын 1-нд нээсэн нь учиртай. Тухайн үед шинэ кино бүрийг уран сайхны зөвлөлөөр оруулдаг, чанга хатуу, урлаг үнэ цэнэтэй үе байлаа. Гэтэл зөвлөл хуралдаад “Атаман” гэдэг үг хүүхдүүдэд муу үлгэр дууриалал үзүүлнэ. Ёс суртахуунд нийцэхгүй гээд “ахлагч” болгож өөрчил гэжээ. Зургийн багийнхан дуу оруулалтаа дахин хийж эхний хэсгүүдийг ахлагчаа болгон өөрчилжээ. Харин зураг авалт дуусаад Дорнод руу гэртээ харихаар явсан Г.Мөнхдөлийн оронд өөр хүү дахин дуу хийсэн юм байна. Кино хотод нээлтээ хийхэд хөдөө байсан учир Г.Мөнхдөл үзэж чадсангүй. Харин наймдугаар ангид орсон жил нь хүүхдүүд түүнийг барьж аваад “Чи кинонд тоглосон хүүхэд мөн үү, чамтай их адилхан хүүхэд гарч байна” гээд сүйд болж. Тэгэхээр нь сумын кино клубт очоод үзтэл “Зуслангийн найзууд” кино нь аль хэдийнэ дэлгэцэнд гарчихсан байжээ. Кино үзлэгийн дараа хүүхдүүд түүнд баяр хүргэж, клубын захирал хүртэл гарын бэлэг гардуулсан удаатай. Үүнээс хойш “Атаман Чинбат” гэсэн нэр түүнээс салаагүй юм. Хурандаа Г.Мөнхдөл цааш нь “Кино намайг хүмүүжүүлсэн. Би айлын том хүү. Нэлээд эрх, дураараа өссөн. Үеийнхэндээ дээрэлхүүлэх дургүй, хөдөлгөөнтэй хүүхэд байлаа. Харин кинонд тоглосноос хойш хүүхдүүдтэй муудалцахаар энэ бүр атаман дүрдээ орчихож гэхээр нь ичдэг болсон. Мөн хүнтэй харилцах ухаанд суралцсан юм” гэв. Түүнээс Чинбат, Мөнхдөл хоёрт адилхан зан чанар байдаг уу гэж асуухад “Би Чинбатаас тэс өөр. Хэдийгээр хөдөлгөөнтэй сахилгагүй хүүхэд байсан ч атаман болъё гэж бодож байгаагүй. Харин ч тухайн үеийн атамануудаас найзуудаа өмөөрдөг байсан. Гэхдээ Чинбат муу хүүхэд ерөөсөө биш. Харин ч эсрэгээрээ сайхан сэтгэлтэй, сайн жаал шүү. Энэ нь киноны хамгийн сүүлчийн хэсэгт ногооны талбай руу ямаа оруулах гэж байхыг болиулдаг хэсэгт илэрдэг дээ” гэж дүрээ өмөөрлөө.
Кино зураг дууссаны дараа ч Чинбат, Өлзий, Цэцэгээ гурвын үерхэл насан туршид үргэлжилсэн юм. Тэд жил бүр уулзаж, хүүхэд насныхаа гэгээн дурсамжийг ярьдаг байж. Г.Мөнхдөл цэргийн мэргэжилтэй, хурандаа цолтой. Тэднийх удам дамжсан цэргийн хүмүүс. Тиймээс ч аавынхаа мэргэжлийг өвөлж, Орос руу цэргийн сургуульд сурахаар явжээ. Гэхдээ зуны амралтаараа заавал найзуудтайгаа уулздаг уламжлалаа алдсангүй.
“Зуслангийн найзууд” киноны зохиолыг бичиж, өөрөө найруулсан Х.Дамдин гуай ертөнцийн мөнх бусыг үзүүлээд удаагүй байна. Тэрээр Монголын кино урлагт “Мартагдашгүй намар”, “Зуслангийн найзууд”, “Загийн алим” зэрэг хүүхэд залуусын үерхэл нөхөрлөлийг өгүүлсэн олон сайхан бүтээлээрээ нэрээ мөнхөлсөн гавьяатай нэгэн. Түүний тухай Г.Мөнхдөл буюу зуслангийн атаман нь “Х.Дамдин багш хүүхдүүдтэй ажиллах нарийн мэдрэмжтэй хүн байсан. Биднийг атгасан гар шиг хамт байлгаж, нэгтгэж чадсан юм. Би үргэлж багштайгаа холбоотой байсандаа баярладаг” гэж дурслаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин