Д.ЖАВХЛАН
Нутаг нутгийн шигшмэл хурдан хүлгүүд шандас сорьсон “Их-хурд 6” наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд Арвайхээрийн талд боллоо. Гурван жилд нэг удаа болох энэхүү наадамд улсын болоод аймаг, бүсийн даншиг наадамд түрүү айраг хүртсэн шигшмэл хурдан хүлгүүд урилгаар оролцдогоороо онцлог. “Их хурд-6” уралдаанд 57 азарга, их насанд 74 морь уралджээ. Мөн энэ жил уралдах морьдын зай хэмжээг наашлуулсанд уяачид ам сайтай байлаа. Тухайлбал азарга 22 км, их насны морьд 24 км-ээс уралдав. Түрүү хүртсэн хүлгүүд, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмаар түрүүлсэн бөгөөд энэ жилийн баяр наадамд түрүү айраг хүртсэн таван морьдын дөрөв нь “Их хурд-6” наадамд айрагдсан юм.
АЗАРГАНЫ УРАЛДААНД УЛС ХАЛЗАН ТҮРҮҮЛЛЭЭ
Эртний нийслэл Хархорины хөндийгөөс 57 азарга гарааны зурхайгаас эргэхэд энэ жилийн баяр наадмын түрүү магнай болсон Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, алдарт уяач Д.Бат-Эрдэнийн улс халзан түрүүлж хурсан олныг баярлууллаа. Улс халзан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын малчин Ө.Шинэтулгын унаган адуу юм. Ардын хувьсгалын 90 жилийн ойд түрүүлж, тэр жилээ Дундговь аймгийн 70 жилийн ойн баяр наадмаар айрагдаж, Сүхбаатар аймгийн 70 жилийн ойд түрүүлж байв. Өнгөрсөн жил “Дүнжингарав” уралдаанд айргийн тавд, Ардын хувьсгалын 91 жилийн ойд дахин түрүүлж Даян түмэн эх хэмээх цолыг хүртсэн. Харин өнөө жилийн хувьд аймгийнхаа “Аварга хүлэг”-ийн уралдаанд хоёр дахиа түрүү авч давхар уяагаар “Дүнжингарав”-ын уралдаанд айргийн таваар хурдалж, Ардын хувьсгалын 92 жилийн баяр наадмаар өмнөх амжилтаа бататгаж сүүлийн гурван жил завсаргүй төрийн наадамд алтан жолоо өргүүлсэн агуу шаргын нэгэн амжилттай эн зэрэгцээд байгаа билээ.
Уралдааны аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат Д.Сугарын хул орлоо. Аман хүзүүнд хурдалсан хул азарга Тод манлай уяач Д.Ононгийн унаган адуу бөгөөд залуу уяач О.Батбилэг уяж хурдлуулсан юм. Хул азарга одоогоор улсын наадмын хоёр айраг, “Их хурд”-ын нэг аман хүзүү, бүсийн уралдааны нэг түрүү аваад байна.
Тэгвэл айргийн гурваар Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Б.Батбаярын хул оров. Залуу уяач Б.Батбаярын хул азарга Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат н.Ганбатын унаган адуу бөгөөд энэ жил Орхон аймгийн баяр наадамд түрүүлсэн байна.
Хурдан азарганы уралдаанд дөрвөлсөн Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул Д.Баяраагийн хул. Дорнод аймгийн алдарт уяач Чадраалбалын унаган адуу бөгөөд уяач С.Ганзориг уяж хурдлуулжээ.
Тэгвэл айргийн таваар Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын уугуул н.Жаргалсайханы бор хурдалж уясан эзэн хурсан олныг баярлуулав.
Бор азарга Баруун бүсийн даншиг наадамд гурван жил дараалан айрагдсан юм.
ИХ НАСАНД Х.БАТ-ЭРДЭНИЙН ХҮРЭН МОРЬ ТҮРҮҮЛЭВ
Энэ жилийн “Их хурд”-ын гарааны зурхайгаас их насны 74 хурдан хүлэг уралдсан. Газар газрын хурдан буянгуудаас магнайдаа тоосгүй орж ирсэн Даян түмний эх хүрэн морь энэ жилийн “Их хурд” уралдаанд түрүүллээ. Хүрэн морь Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн унаган адуу Ардын хувьсгалын 91, 92 жилийн баяр наадмын түрүүг дараалан хүртсэн билээ. Даян түмний эх хүрэн морь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын харьяат н.Эрдэнэбатын унаган адуу. Энэ хурдан буяныг манлай уяач Б.Бат-Эрдэнэ уяж хурдлуулсан бөгөөд улсын наадмын хоёр түрүү, “Их хурд”-ын нэг түрүү, бүсийн наадмын нэг түрүү, дөрвөн айраг хүртээд байна. Харин энэ уралдааны аман хүзүүнд Ховд аймгийн Чандмань сумын уугуул Б.Ерөөлтийн хүрэн халзан оржээ. Энэ адуу Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат О.Үнэнбаярын унаган адуу юм байна. Хүрэн халзан морь улсын наадмын нэг айраг, “Их хурд”-ын нэг аман хүзүү, бүсийн уралдааны гурван түрүүг хүртжээ.
Харин айргийн гурваар Баянзүрх дүүргийн уяач Ц.Энхтайваны хонгор халзан хурдалсан юм. Хонгор халзан Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Б.Буян-Оршихын унаган адуу. Улсын наадамд нэг айраг, “Их хурд”-ын нэг айраг, бүсийн наадмын нэг айраг аваад буй бөгөөд алдарт уяач Т.Ихбаяр уяж хурдлуулжээ.
Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул, Орхон аймгийн харьяат Б.Амарбаясгалангийн хүрэн морь оров. Энэ адуу нь улсын наадмын нэг айраг, “Их хурд”-ын нэг айраг хүртээд буй хурдан буян юм. Хүрэн морийг алдарт уяач Т.Ихбаяр уяж хурдлуулсан байна.
Айргийн таваар Орхон аймгийн уугуул Ц.Бат-Энхийн хүрэн морь орлоо. Түүнийг тодманлай уяач Ц.Батсайхан уяж хурдлуулсан бөгөөд бүсийн наадамд нэг айраг, “Их хурд”-ын нэг айраг хүртжээ. Сонирхуулахад энэ жилийн баяр наадамд түрүү айраг хүртсэн таван морьдын дөрөв нь “Их хурд-6” наадамд ийнхүү айрагдлаа.