Сэтгүүлч Ц.ЭНХМАА

Сэтгүүлч, яруу найрагч Цээнзэнгийн Галбадрах гэж элдэвтэй нөхөр уран хайчилбарын “Цаасан хөрөг” номынхоо нээлтийг 2015 оны 12 дугаар сарын 08-нд Үндэсний түүхийн тузейд хийв.

Түүний уран хайчилбар бүхий “Цаасан хөрөг” бүтээл нь энэ төрөлд манай улсад анх удаа хэвлэгдэж буйгаараа онцлог. Ур ухаанаа уралдуулан бүтээсэн энэхүү бүтээлдээ зохиогч 155 хүний хөрөг барыг сонгож багтаасан бөгөөд эдгээр эрхмүүдийг нэрийн үсгийн цагаан толгойн дарааллаар биш, албан тушаал, цол гуншингаар нь биш төрсөн сар, өдрөөр нь дараалуулан хийсэн нь сонирхол татаж буй.

Урлаг, спорт, улс төр, сэтгүүлзүй, хууль зүй, уран зохиол зэрэг салбар салбарын төлөөлөл болсон хүмүүсийн хөрөг хайчилбарыг ийнхүү урлаж баригтагласан нь манай улсын ном зохиолын төрөлд нэгэн шинэ өнгө нэмж, шинэ хуудас нээж байна.

Ц.Галбадрах энэ чиглэлийн ямар нэгэн сургууль соёл төгсөөгүй бөгөөд байгалийн авьяас билгээрээ цаасан хайчилбар хийж сурчээ.

Тэрээр урлагийн өвөрмөц нэгэн төрөл болох цаасан бар буюу уран хайчилбарыг 1995 оноос сонирхож урлаж эхэлсэн байна. 2012 онд “Хар цагааны дэнс”, 2013 онд “Хангарьдат сүлдэн дор” хэмээсэн цаасан хөргийн нэг сэдэвт үзэсгэлэнгээ Улаанбаатарт дэлгэж  байв.

“Задгай тэнгэр”, “Би багадаа” төгсөшгүй цуврал, “Бадрангуй”, “Монголын цуут”, “Нартай хамт” зэрэг яруу найраг, сэтгүүлзүйн хөрөг нийтлэлийн номууд хэвлүүлсэн тэрбээр “Монголын цуут” номоороо Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн нэрэмжит шагналыг 2014 онд хүртсэн билээ.

Сэтгүүлч, сурвалжлагч бид бусдын тухай бичиж, алдаршуулан магтдаг ч өөрсдийнхөө тухай ганц үг ганхийдэггүй улс. Галаагийнхаа өвөрмөц, шинэ номыг мялааж, түүнтэй ийн ярилцлаа.

-Галааг уран хайчилбар хийдгийг нэлээд хэдэн жилийн өмнөөс мэднэ л дээ. Яг хэзээнээс сонирхон оролдож эхэлснийг огт асууж байгаагүй санагдана?

-Уран нь ч юу юм. Ер нь хайчлах нь миний ч биш ер нь монголчуудын хувьд их эртний явдал байх аа.

Бусдыг мэдэхгүй юм. Монголд л лав аав болсон бүх хүн эсгийгээр үнэг хайчилсан байх. Эсгийгээр үнэг хайчилж муу зүгийн эрээн бараан бүхнээс үр хүүхдээ хамгаалж ирсэн домтой.

Үнэг хайчлах л гэж ярьдаг. Түүнээс үнэг зорох, үнэг зүсэх, үнэг шивэх, энэ тэр гэж ярьдаггүй биз дээ. Тийм үйл байхгүй болохоор хэлэхэд ч хэцүү.

Надад бол энэ хайчлах явдал ааваас минь л эхтэй. Намайг төрөхөд аав минь эсгийгээр үнэг хайчилж тоглоомонд минь зүүж толгойн тушаа минь уяа л байлгүй. Ээж минь аавыг эзгүй, малдаа, адуундаа явсан хойгуур үр нь хөлсөж уйлагнахад эсгий үнэгийг хөдөлгөж бүүвэй аялж үртэйгээ хамт тайтгардаг л байсан байлгүй.

Ганц би биш, эр эм гэлтгүй бүх монгол хүн ингэж хэлэх байх. Ийм ёс Хятадад байдгийг мэдэхгүй, Орост байдгийг мэдэхгүй. Цаашаа бүр мэдэхгүй.

-Энэ урлаг чамайг яагаад татаж чангаасан юм бол, хэн уруу татсан бэ?

-Яг хэнийг нь хэлж мэдэхгүй юм. Аав минь уяач малч хүн байсан. Дэвтрийн цаасан дээр морь малыг эвтэйхэн гоё зурчихдаг байсныг нь мэдэх юм. Аавын дүү Дашдорж гэж хүн бий. Морь гоё зурна. Цэрэндаш гэж ганц эмэгтэй дүү нь байсан, сумын төвд амьдардаг. Сийлбэр хийнэ. Хатгамал хатгана. Гэр нь гоё ганган. Арван хэдэн хүүхэдтэй гэхэд цэмцгэр гэж яана. Тэдний алсын нөлөө байдаг байх.

Миний санахад гурав дөрвөн настай л байсан болов уу. Сургуульд орох яагаа ч үгүй хол, гэхдээ нэг муу ухаан орохчоо аядаж байсан юм уу. Гангаа ахыгаа орой малаа хотлуулчихаад лааны гэрэлд юм бичээд суухаар хажууд нь очоод юуг нь ч мэдэхгүй байж хараад л суудаг байснаа бүүр түүр санадаг.

Аав, ээж унт гэхэд нь жаахан харъя гээд л суугаад байдаг байсан гэдэг. Миний хамгийн том ах Ганбат тэгэхэд хөдөө гараад нэгдлийн мал маллахын зэрэгцээ эчнээгээр аравдугаар анги төгсөх гэж байсан юм билээ. Тэгээд л өдөр нь малдаа явж, орой нь хичээлээ хийдэг байж. Би хажууд нь элгэнд наалдсан дэлүү шиг юм нэг их төвөг болохгүй хараад л суучихдаг.

“Гангаа ах шиг гоё зурдаг, гоё бичдэг болох сон” гэж ирээд л санаа алдаад суудаг хүүхэд байсан, энэ Галаа гэж одоо ээж минь дурсдаг юм.

Би яахав, хурга ишигний зах эргүүлэхтэй болсон цагаасаа шилбүүрээрээ харгана бут, сондуулын нөмөрт хунгарласан элс, цасан дээр юу дуртайгаа өөрийнхөөрөө сийлж өсөө юм биз дээ.

Тэнгэр л намайг шоолохгүй бол хэн шоолох вэ. Ёстой зоргоороо юу дуртайгаа сараачна биз дээ. Нөгөө л хээр азаргаа, хүрэн буураа, сүүг нь ууж өссөн зээрэнгээ...

Тэнгэр  намайг ийм “дэмий юм” хийж сурахад илүүтэй “уруу татсан” ч юм бил үү, хэн мэдлээ. Эртхэн шоолж байхгүй.

12-17-8a1

-Сүүг нь ууж өссөн зээрэн гэж...?

-Би ингэн сүүний хүүхэд. Ээж минь намайг төрүүлээд бие нь нялх, тухайн үеийн нэгдэл нийгэм нь малаа л боддогоос хүнээ боддоггүй цаг байсан ч юм уу. Нэгдлийн мянган хонины хойноос муу аав минь морин дэл дээр, ээж минь хурга ишиг гээд, би “хоёрдугаарт” байж л дээ. Тэгээд “Зээрэн” гэж нэртэй ингэний сүүгээр би хүн болсон юм билээ. Ганцхан тэр ингийг тусад нь сааж сүүг нь хөөрүүлээд намайг угждаг байж.

-“Зээрэн”-гээ хайчилсан уу?

-Тээр хойно намайг сургуульд орсны дараа хөөрхий миний муу “сүүн ээж Зээрэн” өтлөөд... Мэлзэн хоншоор нь бууралтаад.

Өвөл сургуулийн амралтаар ирэхэд аав минь намайг аминчилж өвөлжөөний хормойд дагуулж аваачаад “Миний хүү, муу Зээрэн чинь өтөлчихлөө. Одоо энэ өвөл нэг л сөхөрчихвөл босохгүй. Зовоогоод яахав, хүнсэнд авчихъя” гэж билээ...

Тийм болохоор би тэмээний цаасан барыг бараг хийж чаддаггүй. Их зовдог.

-Уран хайчилбар таталбар зураг, зураасан зурагтай төстэй харагдаад байдаг юм. Галаа зурдаг уу. Гарын дөртэй юм чинь бас зүгээргүй байх тийм үү?

-Аав хүү хоёр адилхан харагдаад байх чинь хүү нь аав нь юм уу, аав нь хүү нь юм уу гэдэгтэй адилхан сонсогдож байна.

Зуралгүй яахав. Гэхдээ олигтой биш ээ. Энэ цаасан хайчилбарыг чинь анх сурахдаа би хурууныхаа өндгийг юм хүрч болохгүй хөндүүр болтол нь зурдаг байсан. Гэхдээ дуртай болохоороо түүнийгээ үл тооно.

Хуучны Оросынх л байлгүй, сахлын хутга байв. Төмөр биш. Түүнийг бахиар хавчиж ташуу хугалж байгаад гоё үзүүр гаргаад зүсч өгнө. Хүмүүс энэ тухай ярихаар бараг ойлгодоггүй юм даа.

Би ч хэлж ярихыг хүсдэггүй. Монгол дархчуул үр хүүхэддээ ч нандин нууцаа заадаггүй байсан гэдэг. Харин ганц нэг үнэнч, авьяастай шавьдаа түүнээ өвлүүлсэн байдаг. Авьяасгүй хүнд юу хийж байгаагаа харуулснаас авьяастай хүнд хэлж өгсөн нь дээр гэж үг байдаг.

-Хайчилбар хийхэд хайч хамгийн гол зэвсэг байх, өөр юу хэрэгтэй вэ?

-Сэтгэл. Сэтгэл шингэхгүй аваас бусдын нүдний мананг үргээж чадахгүй. Хэдийчинээ сэтгэлээ шингээнэ төдийчинээ бусдын нүд тунгалагшиж, сэтгэл цэлмэгшин үг яриа нь яруусаад явчихдаг.

-Хөрөг цаасан бараараа ном бүтээж, үзэсгэлэн гаргаж байна. Энэ үзэсгэлэн номд хэчнээн хөрөг хайчилбар багтав. Хийсэн бүтээлүүдийн чинь хэчнээн хувь бол?

-1995 оноос хойш цаас хэрчсэн гээд бодоход янз бүрийн хэмжээ дамжаа, тоо гарах байх. Ширхэглэнэ ч гэж байхгүй... Тодорхой.

Харин хүмүүсийн хөрөг барыг арваад жил “нухлаа”. Лав мянгаад юм байгаа байх.

Түүнээсээ захчлаад л 150 гаруй хүнээр “нэг юм”  гаргаж байгаа нь энэ. Яахав үзэсгэлэн гэх нь хаашаа юм, хүний нүд хужирлах, хана баярлуулах санаагаар уяачдын яриагаар хэдэн цаасан барын “сүүл боолоо”.

-Захиалгаар ч хайчилдаг, өөрийнхөө хөргийг хайчлуулах хүмүүс ямар санал голдуу тавьдаг вэ?

-Ямар санал нь ойлгомжтой. Өөрийнхөө хөргийг л цаасаар барлуулах гэж. Ямар мэргэжлийн хүн юм, ямар зүйлд дур сонирхолтой юм, юугаар энэ хүнийг тодорхойлвол илүү гэрэлтмээр юм гэдгийг нь бодолцоод наана цаана шигтгээ хийж өгдөг л дөө.

Ухаан нь Цээсодролцоогийн Энхмаа чамайг л гэхэд сэтгүүлч гэдгийг нь тодотгох маягаар үс гэзгэнд нь элдэв эрдэнийн шигтгээ сондор бус Монголын сэтгүүлчдийн эвлэлийн үзгэн логог сийлж өгөх жишээтэй.

-“Цаасан хөрөг” ном хэдэн жилийн тань хөдөлмөр вэ, үнэ ханшийг нь сонирхож болох уу?

-Бодсоноос эхэлвэл хорин жил юм. Арваад жилийн өмнөөс ийм ном хийхийн тулд номоо тодорхойлох зүйл хэрэгтэй юм байна гэж бодох болсон. Хүмүүсийн хөрөг цаасан барууд маань байсан ч Монголд урьд өмнө нь ийм цаасан барын ном, тэр дундаа хөрөг цаасан барын ном байж уу, үгүй юү гэдгийг алсуураа хайж эхэлсэн.

Учир мэдэх хүмүүсээс лавлаж, сураг тавьсаар байсан. Дүрслэх урлагийн сургуулийн багш нар, сонгодог уран зохиолын орчуулагчид гэхчилэн бас бус хүнээс үг сонсох, харсан үзсэн ном судар байна уу гэж чимээлсээр өдий хүрэв.

Гадаад дотоод явж гахай шувууны мах зооглосон, өрнө дорнын соёлын наана цаанаас чамгүй мөлжсөн, нэрт орчуулагчид болох Норовын Пүрэвдагва, Жигжидсүрэнгийн Нэргүй, Лувсандамбын Дашням, дүрслэх урлагийн доктор, судлаач С.Бадрал, утга зохиол судлаач, шүүмжлэгч Пүрэвхүүгийн Батхуяг гээд олон хүний чихнээс чангаалаа.

Тэд олон сайхан зүйл хэлж өгсөнд баярлаж байна.

Үнэ ханшийн хувьд хүн цочих тоо хэлэхгүй ээ.

-Хэн хэний хөрөг багтаа вэ?

-Төрийн тэргүүн байсан эрхмээс эхлээд түмний нэг хүртэлх хүмүүс байгаа даа.  Салбар салбарын, мэргэжил мэргэжлийн, алдартан цуутан, авьяастан билэгтэн, ангийн нөхөд минь гээд.

-Энэ номд багтаах хөргүүдээ хэрхэн сонгосон бэ?

-Сонгоогүй ээ. Өөрсдөө л “давхиад” орчихно лээ ш дээ.

-Гэхдээ таны энэ номд сэтгүүлч, хуульч өмгөөлөгч, төрийн хүмүүс зонхилжээ. Яагаад вэ?

-Монголчууд л зонхилсон доо. Ганцхан япон хүн байгаа. Сэтгүүлч дунд нь язгуурын багш хүн байж л байгаа. Хуульч дунд нь язгуурын барилгачин хүн байж байгаа. Төрийн хүмүүс нь гэж эдийн засагч, цэргийн дарга. Анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат гуай чинь ямар мэргэжилтэй гэдэг билээ, геологич бил үү. Тэгэхээр төрөл бүрийн, есөн хэлийн, долоон жорын хүмүүс байгаа. Хойшид ч байх биз.

-Олон хүний хөрөг багтаахад хэнийг эхэнд нь оруулах вэ гэдгээс эхлээд зовлон их байх?

-Их амархан шийдчихсэн. Хорвоод мэндэлсэн өдрөөр нь л жагсаачихсан.

-Бас хөрөгний эзэд бүгд сэтгэлийн үгээ чамд хаягласан байна билээ?

-Бүгд өөрийн гараар бичиж бас гарын үсгээ үлдээсэн нь энэ номны том шигтгээ.

-Санал хүсэлт тавьсан хүн болгоны хөрөг хайчилбарыг хийж өгнө биз дээ?

-Бодож байж.

-Хүмүүс энэ урлагийг ер нь хэр мэдэж дэмждэг вэ?

-Одоо л жаахан гадарладаг болоод байгаа.

-Хүмүүний хөргөөс гадна уул ус байгаль, монгол ахуй, хөдөө нутгийн тухай хайчилбарууд олон биз?    

-Мэр сэр бий.  Нэг хүн сая миний цаасан баруудыг сонирхож байснаа нэг юм хэлсэн.

-Юу гэж...?

-Хоёр азарга ноцолдож байгаа, хонь ямаа хоёр нэг рүүгээ жаахан муухай харж байгаа, хөвчийн цоорхойд хоёр буга мөргөлдөж байгааг онцлоод “ийм сөргөлдөөнөөс жаахан зайлсхий” гэж хэлж байна билээ.

Харин нууранд хөлөө дүрээд унтаж байгаа адуу, хад асган дээр бие биеэ налаад зогсч байгаа аргаль янгир, хээв нэг хивээд хэвтэж байгаа тэмээг хараад “Ийм амар амгаланг бол хийгээд байг” л гэж байна билээ. Насаараа дарга дорго хийж, бусдыг хэмхэлдүүлж явсан хүн л дээ. Их ухаарч байгаа юм байна даа л гэж би бодсон.

-Номынхоо тухай танилцуулаач, хэд дэх ном чинь вэ, энэ?

-Харин л дээ. Хэдэн ном хэвлүүлнэ л гэж боддог юм аа.

Эх сурвалж: “Улаанбаатарын сонин” №32 (132)