Ч.ЗОТОЛ
“Амьдралын тойрог” булан энэ удаа “Гарьд магнай” киноны Богдын хатны дүрээр үзэгчдийн сайн мэдэх ахмад жүжигчин Т.Чойжилсүрэн гуайнд зочиллоо. Сүүлийн хэдэн жил хүүхдүүдээ дагаж АНУ-д амьдарч байсан тэрээр эх орондоо ирээд удаагүй байгаа, хүүхдүүд бүр ирсэн учраас одоо дахиж гадагшаа явахгүй хэмээн ярьж байна.
Тэднийх 40 мянгатад амьдардаг. Хуучны таван давхар ягаан байранд тэр үеийн урлаг, соёлынхон, багш нар, нийгмийн нэрт зүтгэлтнүүд амьдардаг байсныг уншигчид юу эс андах вэ. Тэр хавийн хүүхдүүд наадмаар “Богдын хатан эмээ явж байна” хэмээн шуугилдаж, зарим нь “Бөх чинь уначихлаа” хэмээн дэггүйтсэн тухай Т.Чойжилсүрэн гуай хуучилсаар биднийг угтав. Биднийг ороход амралтанд явахаар зэхэж байсан юм хэмээн жижигхэн чемодан дэлгэчихсэн сууснаа эвхээд “Миний хүү энэ хүмүүст цай хийж өгөөрэй” гэсэнд нөгөө өрөөнөөс 50 орчим насных болов уу гэмээр хүн орж ирэв. Хүүхдүүд нь өөртэй нь хамт өтөлж явааг бодоход Т.Чойжилсүрэн гуай нас нэлээд өндөр болсон нь илт. Гэхдээ урлагийн хүн болоод тэр үү, ануухан харагдах юм.
Олон хүн түүнийг тайз, дэлгэцийн 100 гаруй дүр бүтээсэн жүжигчин гэдгийг мэддэггүй, “Богдын хатанд тоглосон азтай эмэгтэй” гэх нь бий. Тэгвэл тэрээр Завхан аймгийн улаан буланд сайн дурын уран сайханч болсноор ажил, амьдралын гараагаа эхэлж, Ховд аймгийн хөгжимт жүжгийн театрын шилдэг ажилтнаар тодорч, Хүүхэд залуучуудын театрын “Алтан гургалдай” хэмээн нэрлэгдэж, хожим “Богдын эрх хатан” гэгдэх болсон түүхтэй. Өдгөө 80 насны босгыг давж, дөрвөн хүүхэд, 25 ач, зээгээ тойруулан суугаа түүний зам хаанаас хэрхэн эхэлсэн хийгээд кинонд гардаг шигээ эрх дураараа, жаргалтай амьдарч чадсан уу гэдгийг хамтдаа сониръё.
АЙЛЫН ГАНЦ ОХИН, ЭРХ ТАНХИЛ ӨСЧЭЭ
-Сайхан зусч байна уу. Таны тухай хүүхдүүдтэйгээ хамт гадаадад байгаа гэсэн сураг сонсоод удсан санагдана. Хэзээ монголдоо ирэв?
-Сүүлийн 5-6 жил Америкт амьдарсан. Гэхдээ одоо монголдоо бүр ирсэн, хүүхдүүд эндээ ажиллаж, амьдрахаар болсон.
-Сая наадмаар “Гарьд магнай” кино телевизийн суваг болгоноор гарлаа. Та өөрийнхөө бүтээсэн дүр, залуу сайхан насаа дурссан нь лавтай?
-/инээв/. Наадмаар тэр кино олон гарлаа. Энд тэнд явж байхад хүмүүс “Та Богдын хатанд тоглосон хүн мөн үү” гэдэг юм. Дэлгүүрт ороход хүүхдүүд “Энэ зайрмагийг чинь идэхгүй, яршиг” гээд инээлдээд гүйлдэх нь бий. Ер нь тэгээд хаа явсан газар “Үүнийг чинь идэхгүй, тэрийг чинь үзэхгүй яршиг” гээд л хошигнох, цаашлуулах хүн мундахгүй шүү. Тэгэхээр хаашаа ч юм, хачин санагдаад байдаг.
-Таныг тэр дүрээр хүмүүс сайн мэддэг ч хаана төрж өссөн, уран бүтээлч үү, эсвэл тохиолдлоор кинонд дүр бүтээсэн юм уу гэдгийг тэр болгон мэддэггүй. Урлагт зүтгэсэн таны зам хаанаас эхлэв?
-Би Завхан аймгийн Идэр сумын Оноон гэдэг газар төрсөн хүн. Миний аав, ээж малчин, би гурван хүүхэдтэй айлын отгон нь. Хүний амьдралд янз бүрийн юм тохиолддог. Ээж, аав хоёр маань нэг хүүхдээ алдчихаад нөгөөг нь хүнд өргүүлчихээд намайг авч хоцорсон юм билээ. Би айлын отгон, ганц охин гээд эрх дураараа, танхил өссөн. Сумынхаа бага сургуулийг төгсч, аймагтаа долдугаар анги төгссөн. Тэр жил аав минь бурхан болж ээжтэйгээ үлдсэн болохоор амьдралын төлөө зүтгэхээс аргагүй болсон юм. Миний аав уртын дуу сайхан дуулдаг байлаа. “Цомбон туурайтай хүрэн”, “Оломгүй далай” дууг их дуулна. Би аавыгаа дагаж найр, наадамд очдог багаасаа урлагт дуртай шүлэг уншдаг, дуулдаг байлаа. Аймагт очоод клубт сайн дурын уран сайханч болсон. Тэр үеийнхэн дуулах, бүжиглэх, шүлэг унших, жүжиглэх, хөгжим тоглох гээд орохгүй юмгүй, чадахгүй зүйл үгүй. Ингэж явсаар аймгийн Соёлын ордны жүжигчин болсон. Сайн ажилласан гээд Улс, хувьсгалын 30 жилийн ойгоор хотод ирж наадам үзэх эрхээр шагнуулж явлаа. Нийслэлчүүд Яармагийн дэнжийг хотойтол сайхан нааддаг байсан юм, тэр үед.
-Хэзээ хадамд гарч, айлын эхнэр болов?
-Аймгийн Соёлын ордны жүжигчин байхдаа ханьтайгаа учирч том охиноо төрүүлсэн. Манай хүн эмч байсан юм. 1952 онд өвгөн маань Ховдод ажиллах томилолт авч манайх тийшээ нүүсэн. Би Ховд аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчнээр орсон. Тэндээс миний амьдрал, уран бүтээлийн хамгийн гэрэлтэй сайхан зам эхэлсэн юм. Хүү, охин хоёроо төрүүлж, манайх гурван хүүхэдтэй болсон. Мөн олон жүжигт тоглосон. “Далан худалч”, “Учиртай гурван толгой”, “Урагшлах замд” зэрэг 60 гаруй жүжгийн гол дүр бүтээж, олон концертын гоцлол дуучин байлаа. 1957 онд Ховдын театраас дөрвүүлээ ирж, Дуурь бүжгийн эрдмийн театрт томоохон тоглолтод оролцож, мөн БНХАУ-д болох Монголын соёлын өдрүүдэд оролцож долоон хотод нь аялан тоглолт хийсэн. Би олон улс оронд очсон ч тэр тоглолт санаанаас гардаггүй. Түүнээс гурван жилийн дараа өвгөн маань Анагаахын дээд сургуульд томилогдоход би Хүүхэд, залуучуудын театрт жүжигчнээр орох Соёлын яамны бичигтэй ирж байлаа.
Л.ВАНГАН, “ӨГӨР ТОЛГОЙ” ГҮРСЭД НАР МИНИЙ БАГШ
-Таныг ажиллаж байхад “Алтан үе”-ийнхэн бүгд байсан уу?
-Цагааны Цэгмид, Нямын Цэгмид, Э.Рэнцэнноров, Б.Ичинхорлоо, Б.Цэвээнжав. “Улаан малгайт” гэгддэг Лувсан, Байды агаа, С.Базаррагчаа, С.Мядагбадам, “Цоохор морины худалдаачин” Д.Сэдэд нарын алдартнууд бүгд энх тунх, ид хийж бүтээж явсан сайхан цаг байлаа. Байды агаа гэдэг чинь “Гарьд магнай”-д Богдын дүрд тоглосон хүн шүү дээ.
Хамт дүр бүтээхэд түшигтэй, олон зүйлийг зааж зөвлөдөг сайхан хүн байсан юм. Тэр сайхан хүмүүсийн дотор орж ажиллана гэдэг маш том сургууль байлаа, надад. Тэр үед гурван театр нэг дор хамт байсан юм. Одоогийн Дуурийн театрын ягаан байшинд гурван айл амьдарч байсан гэсэн үг. Миний үеийнхэн ахмадуудаа хүндэлдэг, айж эмээдэг. Гэтэл тэдний хувьд бидэнд ойр дотно, халамжтай, сургамжтай сайхан ханддаг байсан. 1973 онд гурван театр салж, Хүүхэд, залуучуудын театр маань Эмнэлэг, гэгээрлийн ордонд орж, тэнд би олон сайхан уран бүтээлчтэй мөр зэрэгцэн ажилласан.
-Таны багш нар хэн байв?
-Намайг Ховдын театрт хүлээлгэж өгч хоолтой залгуулсан хүн бол Л.Ванган багш. Харин Хүүхэд, залуучуудын театрт ирэхэд тосч авсан багш “Өгөр толгой” Гүрсэд гэгддэг Н.Дугарсанжаа гуай. Тэнд би Б.Энхтуяа, “Итгэлт баян” А.Очирбат гээд олон сайхан уран бүтээлчтэй хамт ажилласан. “Улаан бүч” кинонд Ц.Төмөрбаатарын эмээ болж тоглосон. “Ялалтын жигүүр” жүжгийн Шоовдорт тоглосон, энэ дүрдээ би их хайртай. Анхны бүтээл бол “Хүү” жүжигт бүтээсэн Норжмаа гэж 18 настай охины дүр байж, түүгээр манай ахмадууд намайг их тоосон. “Баавгай дуулах уу” жүжигт “Алтан гургалдайн дуу”-г дуулсан. Тэр үед барагтай жүжгийн дууг драмын жүжигчдээр дуулуулдаггүй байсан. Гэтэл Г.Дарамзагд багш заавал надаар дуулуулна гэснээр би дуулсан. Тэр дуугаараа театртаа алдаршиж, нэг хэсэгтээ “Алтан гургалдай” гэж дуудуулж явлаа. Одоо манайхан намайг “Алтан гургалдай” гэж дуудах нь бий.
-“Гарьд магнай” киноны Богдын хатны дүрд ямар шалгуураар тоглов?
-Би 20-иод кинонд тоглосон. Анхных нь “Улаан дарцаг”-ийн эмээ. Дараа нь “Үүрийн цолмон”-д Доной баяны эхнэрт тоглосон. “Ээждээ л үнсүүлэх сэн”, “Говь хянганд тулалдсан нь”, “Зарлаагүй дайны оршил”, “Зугтаарай” гээд олон кино бий. Харин Богдын хатны дүрийг Ж.Бунтар найруулагч проб авалгүйгээр шууд намайг тоглуулна гэсэн. Тэр үед нэг дүрд хэчнээн зуун хүнээс проб авдаг байлаа шүү дээ.
Гэтэл намайг шууд сонгосон. Том дүр атлаа кинонд дөнгөж гараад өнгөрдөг юм. Гэвч хүмүүст их хүрч, намайг олонд таниулж одоо хүртэл ярьж байдагт баярладаг.
-Та айлын ганц хүүхэд, танхил охин байсан гэсэн. Кинонд баяны эхнэр, Богдын эрх хатны дүрийг бүтээсэн. Бүтээсэн дүр шигээ тийм жаргалтай, эрх дураараа амьдарч чадсан уу?
-Миний бага нас, ханьтайгаа хамт туулсан амьдрал сайхан байсан. Одоо ч би хэдэн хүүхдийнхээ дунд жаргаж, бас тэдэндээ эрхэлж явна.