Б.БАРС
Бага Олимпийн наадам гэгддэг оюутан залуучуудын 27 дугаар Универсиад ОХУ-ын Казань хотноо 12 хоног үргэлжлэн урьд шөнө ёслол төгөлдөр өндөрлөлөө. Энэ удаагийн универсиадад тив тивийн 162 орны 13500 гаруй тамирчин 27 спортын төрөлд 350 гаруй багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Урьд өмнө байгаагүй олон орны тамирчид оролцсон энэ наадамд хүлээн авагч орны баг медалийн тоогоороо хол тасархай тэргүүллээ.
ОХУ-ын баг дөрвөн тэмцээний дүн гараагүй байхад нийтдээ 151 алт, 72 мөнгө, 62 хүрэл медаль цуглуулсан нь бүх цаг үеийн Универсиад наадмын дээд амжилт болжээ. Харин хоёрдугаар байрны төлөө Азийн хоёр гүрэн ширүүн өрсөлдөв. Хамгийн сүүлд авсан мэдээллээр, Япон, БНХАУ-ын алтан медалийн тоогоороо (тус бүр 25) тэнцсэн ч нийт медалийн багцаар мандах нарны орон манай урд хөршийн өмнө гишгэсэн юм.
Монголын хувьд хөрш зэргэлдээ улсад болсон Универсиадад түүхэндээ анх удаа 15 төрөлд 202 тамирчнаа илгээсэн билээ. Энэ нь ч үр дүнгээ өгч манай баг тамирчид Казаньд ёстой л медалийн хур буулгав. Оюутан тамирчид маань гурван алт, зургаан мөнгө, 16 хүрэл, нийт 25 медальтайгаар нүүр бардам эх орондоо эргэн ирэх гэж байна. Монголын баг медалийн чанараар 19, нийт медалийн тоогоор 11-т жагслаа. Хэрэв зургаан мөнгөн медалийн ганцыг нь ч болов алт болгон хувиргаж чадсансан бол ХБНГУ, Бразил, Казахстан зэрэг спортын гүрнүүдийг ардаа орхин медалийн чанараар 15 дугаарт эрэмбэлэгдэх байлаа.
Манай улс Универсиадад 1965 оноос оролцож ирэхдээ зургаан алт, долоон мөнгө, зургаан хүрэл, нийт 19 медаль хүртээд байсан юм. Тэгвэл ганцхан наадмаас 25 медаль авсан нь яахын аргагүй бахдам амжилт. Өмнө нь манайхаас 1977 онд Софид ах дүү З.Ойдов, З.Дүвчин нар чөлөөт бөхөөр, 1999 онд Испанийн Пальма де Мальоркаас Х.Болдбаатар жүдогоор, 2005 онд Туркийн Измирээс Б.Наранбаатар чөлөөт бөхөөр, 2007 онд Тайландын Бангкокоос М.Бундмаа жүдогоор аваргын алтан медалийг эх орондоо авчирж байжээ.
Хоёр жилийн өмнө БНХАУ-ын Шенжень хотноо болсон 26 дугаар Универсиадад манай баг тамирчдаас жүдогийн О.Чинбат, шатрын Б.Мөнгөнтуул, буудлагын Ч.Нарантуяа, буудлагын эрэгтэй баг энгэрээ мөнгөн медалиар мялааж байлаа. Тэгвэл Татарстаны нийслэл Казаньд манайхан амжилтаа хэд дахин ахиуллаа.
Алтан медалийн салхийг бүстэй барилдааны +100 кг.жинд хүч үзсэн Б.Сугаржаргал хагалсан. Улмаар 18 настай боксчин Х.Энхдэлгэр медалийн тавцангийн оргилд гарч төрийн далбаагаа намируулсан юм. Дараа нь Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга С.Батцэцэг чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн өрсөлдөгчдөө илт илүүрхэн ялсаар түвэггүй аваргалсан билээ.
Дөнгөж насанд хүрээд буй залуу боксчин Х.Энхдэлгэр аваргын төлөө ОХУ-ын хамгийн хайртай боксчдын нэг, Олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Миша Алоянтай тулалдсан билээ. Танхим дүүрэн үзэгч нэртэй боксчноо дэмжсэн нь мэдээж. Нутгийн рингний хашир боксчин ч эхний үед илүү байлаа. Гэвч хоёрдугаар үеэс манай тамирчин рингийн төвийг хяналтдаа аван Миша Алояныг үнэхээр илүүрхэж, гуравдугаар үед санаачилгаа алдалгүй давшилсаар өрсөлдөгчдөө ямар ч боломж өгөөгүй юм.
Ингээд шүүгчдийн шийдвэрийг хүлээх л үлдсэн. Хаана ч гэсэн илт илүүрхэхгүй л бол шүүгчид нутгийн тамирчинд талтай байдаг даа. Тэгтэл хажуугийн гурван шүүгчээс хоёр нь зүй ёсоор манай боксчинг ялсан гэж үзсэн билээ. Ийнхүү Миша Алоян гурав дахь удаагаа Монголын боксчинд ялагдсан юм.
Тоглолтын дараа тэрээр сэтгүүлчдэд ярихдаа,”Энэ мөнгөн медаль минийх биш. Минийх алтан медаль байх ёстой. Би хоёрдугаар үед хожигдсон гэж үзлээ ч нэг, гуравдугаар үед илүүрхснийг үзэгчид бүгд л харсан. Шүүгчид л миний медалийг булаалаа” гэж гоморхжээ. Шагнал гардуулах тавцан дээр Миша Алоян медалиа хүзүүнээсээ авч гартаа барьж байсан нь их л жудаггүй харагдана лээ.
Манай залуу тамирчин харин орос сэтгүүлчдийн асуултад сайхан хариулсан даа. Тэрээр,”Би рингэнд зөвхөн хожих гэж л гарч ирдэг. Өрсөлдөгч аварга байна уу, үгүй юу надад хамаа байхгүй. Би хэнээс ч айдаггүй. Би биш, миний өрсөлдөгч л нутгийн рингэндээ тулалдсан шүү дээ. Шүүгчид булхайцсан бол түүний талд л орох байсан бус уу” гэсэн юм.
Универсиад ийнхүү амжилттай өндөрлөж Казань хот тус наадмын далбааг Кванжуд шилжүүллээ. Хоёр жилийн дараа БНСУ-ын чухам энэ хотод дараагийн Универсиад болох ажээ.
Медаль хүртсэн Монголын тамирчид:
АЛТ
Б.Сугаржаргал, бүстэй барилдаан
Х.Энхдэлгэр, бокс
С.Батцэцэг, чөлөөт бөх
МӨНГӨ
Д.Анар, бүстэй барилдаан
Б.Жанчивдорж, жүдо
Эмэгтэй баг, буудлага
Э.Сумья, чөлөөт бөх
О.Насанбурмаа, чөлөөт бөх
Ч.Марал-Эрдэнэ, самбо
ХҮРЭЛ
М.Отгон-Эрдэнэ, бүстэй барилдаан
Б.Сугаржаргал, бүстэй барилдаан
С.Энхчимэг, бүстэй барилдаан
Д.Мөнхтуяа, бүстэй барилдаан
Г.Ган-Эрдэнэ, бокс
Э.Идэрхүү, бокс
Д.Отгондалай, бокс
Б.Түвшинбат, бокс
Н.Шинэбаяр, бокс
Г.Нандинзаяа, буудлага
Г.Мандахнаран, чөлөөт бөх
Д.Хүдэрбулга, чөлөөт бөх
Ж.Чанцалдулам, самбо
О.Мөнхцэцэг, самбо
Б.Амаржаргал, самбо
Н.Нямтуяа, самбо
Хамгийн их медаль авсан орнууд:
1.ОХУ
алт-151
мөнгө-72
хүрэл-62
Нийт-285
2.ЯПОН
алт-24
мөнгө-28
хүрэл-32
Нийт-84
3.БНХАУ
алт-24
мөнгө-27
хүрэл-22
Нийт-73
4.БНСУ
алт-17
мөнгө-12
хүрэл-11
Нийт-40
5.БЕЛАРУСЬ
алт-13
мөнгө-13
хүрэл-1
Нийт-40