Б.БАРС

Холливуд болон хойд хөршийн “Биелэшгүй даалгавар”, “Вампируудын ангууч Линкольн” “Бид ирээдүйгээс ирэгсэд-2”, “Питер FM” зэрэг 50 гаруй кинонд ерөнхий зураач, концепт-зураачаар ажилласан Солбон Дондокович Лыгденов ОХУ-ын БуриадынТүнх дүүргийн Хүрэн тосгонд 1971 онд төржээ. Тэрээр “Булаг-ариун ус”нэртэй бүрэн хэмжээний уран сайхны киногоо Улаан-Үдийн кинотеатруудад саяхан толилуулжээ. Энэ нь түүний найруулсан хоёрдахь кино аж. “Россия для всех” цахим хуудас түүнтэй хэрхэн ярилцсаныг толилуулья.

-Солбон, та барууны орнуудад олон жил амьдарч дэлхий даяар алдартай блокбастер кинонуудад бишгүй ажилласан. Холливудад өөрийн хүн болсон Тимур Бекмамбетов хүртэл тантай хамтарч уран бүтээл хийх санал тавьж байсан. Юуны учраас та тэр бүхнээ хаяж төрөлх нутагтаа эргэн ирэв ээ?

-Би концепт-зураач бус найруулагчийн хувьд хүч сорихыг эрмэлзсэн гэх үү дээ. Дээр нь Буриад нутгийн минь тухай дэлхий даяар мэдээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Манай нутаг өнө эртний уламжлалтай, дэндүү сайхан байгальтай юм шүү дээ. Бид хэзээнээс ахмадуудаа хүндлэн өвөг дээдсийн ёс заншлыг марталгүй зүрхэндээ үргэлж шүтэж тээж ирсэн ард түмэн.

Гэвч одоо юу болж байна аа. Сэтгэлийн гүндээ тээж явдаг уламжлалт соёлоо бид үгүй хийжээ. Өдгөө хүмүүс ариун газрууд, сүм хийдээр орсон төдийгөөр өөрсдийгөө хуурдаг болж. Гэтэл шүтээн, бурхан гэдэг чинь хүний дотор байдаг зүйл. Сүм хийдээр явалгүйгээр сэтгэлдээ шүтээнээ тээн нүгэл хийлгүй  амьдарч болдог юм.

Ер нь буриадууд бидэнд үндэсний үзэл санаа гэж юм бүр байхгүй болжээ. Иймээс үгээгүй архичин шиг амьдралд хөлөө олж чадахгүй бэдрэх юм. Үндэсний үзэл санаагаа ороотойгүй дээр нь сэргээх нь чухал байна. Үүнийг л би киногоороо харуулахыг ямар нэгэн хэмжээгээр хичээлээ. 

-“Булаг-ариун ус” шиг ийм цар хүрээтэй кино хийхэд мэдээж багагүй хөрөнгө шаардагдана. Санхүүжилтийн асуудлаа хэрхэн шийдсэн бэ. Таны өмнөх “Дариймаа” киноны зураг авалт чухам санхүүжилт дутсанаас болж зогссоныг сонссон. Буриадын Засгийн газар хөрөнгө мөнгөөр тусалсан юм биш биз?

-Засгийн газраас тусламж хүсээд нэмэргүй юм билээ. Би киногоо дуусгахын тулд хотын төв дэх хоёр төвшинтэй байраа зарж, зураачаар ажиллаж олсон бүхий л мөнгөө тавиад туучихсан. Мөн нутгийн бизнес эрхлэгчид ч тусласан. Нэрт жүжигчин Петренко, Голубев хоёр миний хүсэлтээр Москвагаас ирж кинонд минь үнэгүй тоглосон. Тэд чинь нэг өдрийн зураг авалтаар дор хаяж таван мянган ам.доллар авдаг хүмүүс шүү дээ.

Түүнчлэн Монголын чадварлаг орлон тоглогчид өөрсдийн зардлаараа хүрэлцэн ирж тус болсон юм.

-“Булаг-ариун ус” кино яг юуны тухай өгүүлдэг вэ?

-Шууд хэлэхэд энэ кино зугаа цэнгээнийх биш. Тэгээд ч орчин үеийн үзэгч янз бүрээр пологдтол нь зугаацуулсан болов уу. Одоо харин юм бодогдуулсан уран бүтээл дутагдаж байгаа гэмээр.

Зах зээлийн эдийн засагт шилжээд бид мөнгөнөөс өөр зүйл харж чадахаа больсон нь том эмгэнэл. Амьдралд материаллаг тал давамгайлж, сэтгэлийн, оюуны зүйл үнэгүйджээ. Энэрэнгүй сэтгэл, хүний мөс гэх ойлголт бараг үгүй болсон юм биш үү. Хүмүүсийг баян-ядуу гэж л хууваах болж. Гэтэл бид хөх тэнгэрийн дор бүгд ижилхэн, адилхан хүмүүс.

Кино маань материаллаг болон оюунлаг мөн чанарын тэнцвэрийг хэрхэн олох вэ гэсэн эрэл хайгуулын тухай л юм даа. Дахин хэлэхэд энэ бол зугаацуулах кино огтоос биш.

-Буриадын үндэсний соёлыг хэрхэн сэргээх вэ. Хүмүүсийн ухамсраас харийн суперменүүдийг хэрхэн үлдэн хөөх вэ. Ер нь тийм боломж бий юу?

-Өөрийн үндэсний суперменийг олж моодонд оруулах нь үнэхээр чухал. Үүнийг мэргэжлийн хүмүүс л хийж чадах нь ойлгомжтой. Тэгж чадвал төрөлх хэл ч хүмүүсийн дунд моодонд орно.

-Буриадын супермен гэхээр Гэсэр хаан л санаанд орох юм?

-Яагаад болохгүй гэж. Гэхдээ Гэсэр хаан бүх хүнд таалагдах учиртай. Түүнийг хүмүүс үлгэрлэн дууриах ёстой. Ийм учир энэ домогт дүрийг дэлгэцнээ хэрхэн амилуулах нь маш чухал. Жишээ нь бүжигчин хүн дор хаяж Майкл Жексон шиг сайн бүжиглэж бусдыг араасаа хуйлруулна. Гэвч энэ бүхэнд мөнгө хэрэгтэй. Мөнгө үгүй бол чи хичнээн авьяастай ч бүх юм талаар өнгөрнө. 

-Та киногоо санхүүгийн хувьд амжилт олно гэж бодож байна уу?

-Үгүй дээ. Гэхдээ зорьсон ажлынхаа төлөө эцэст нь хүртэл зүтгэж, итгэж, бүр шатаж байж л амжилтад хүрнэ шүү дээ. Энэ бол амжилтын томьёо. Мөн аз жаргалын томьёо. Итгэлгүйгээр амьдрал утгагүй. Манай залуусыг ажиглахад нэг юм эхэлчихээд ямар нэгэн саад бартаа гарахад дорхноо сэтгэлээр унаж байна. Би тэдэнд хандан битгий шантар, битгий бууж өг гэж хэлмээр байгаа юм. Та нар хийхгүй бол хэн хийх юм бэ. Зоригтой байцгаа л даа. 

-Та аз жаргалын тухай дурдлаа. Ер нь аз жаргал гэж юу вэ?

-Дуртай ажлаа хийнэ гэдэг жинхэнэ аз жаргал. Дээр нь миний гэр бүл-миний аз жаргал.

 -Та чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

-Ажил дээрээ. Дээр хэлсэнчлэн би дуртай ажлаа хийж байна. Миний хувьд ажил мэргэжил маань баяр баясгалан авчирдаг тул үүнээс өөр амралт гэж юуг хэлэх вэ. Мэдээж ганц, хоёр хоногоор гэр бүлтэйгээ хөдөө хээр гарч, эсвэл зүгээр л хүүхдүүдийнхээ дунд гэртээ байх сайхан. Би нутгийнхаа хээр тал, уул ус, гол мөрөнд дэндүү дуртай.

Буриад нутаг надад асар их эрч хүч өгдөг юм.