Н.БАТМӨНХ

 

 Б.ЖамъяндоржБ.Жамъяндорж Булган аймгийн Сайхан сумын нутаг “Нарийн хүрэмт” гэдэг газар 1931 оны төмөр хонин жил төржээ. багадаа эхээсээ өнчирч аав, ээжийнхээ төрсөн дүү Чүлтэм, Уртнасан нарынхаа халамжинд бага насаа өнгөрөөжээ. Б.Жамъяндоржийн эх Сосорын садангийн Лувсандэндэв гэдэг аймгийн арслан цолтой, хөнтөрч суйлдаг хурдан барилдаантай сайн бөх байсан ба эцэг Бямбын төрлийн ах Манал гэдэг их хүчтэй бөх байсныг үзэхэд Б.Жамъяндорж нь бөхийн удамтай ажээ. Багаасаа бөхөд дуртай тэрээр 18, 19 настайдаа сумын наадамд барилдаж гурав дөрөв давдаг болоод 1951 онд цэрэгт татагдан Улаанбаатар хотноо хязгаарын цэрэгт алба хаахдаа гурван жил өвөлдөөууланд мод бэлтгэж, зун нь усаар мод салаар урсгах ажил хийсэн нь түүний бие бялдар, хүч чадлын өсөлтөд онцгой их нөлөөлжээ.

Хожим тэрээр өөрийгөө бөх болоход ихээхэн ач тус дасгал сургууль болсон тухайгаа дурсан ярьсан байдаг. 1953  оны улсын баяр наадамд анх удаа зодоглож хоёр даваад Завхан аймгийн харьяат улсын заан Өлзийн Гарамдагвад унажээ. 1954 онд гурав даваад Архангай аймгийн харьяат улсын заан Жанчивын Найдандоржид унажээ. Тэр наадмын дараа болсон Төв аймгийн Эрдэнэ, Мөнгөнморьт сумын наадамд очиж барилдан түрүүлж сумын заан цолтой болж байныхаа даагыг сумангийн даргадаа бэлэглэж байжээ. Б.Жамъяндорж нутагтаа очиж Рэнцэн зайрангийн охин Цэнд-Аюуштай гэрлэж өрх гэр тусгаарлаж багийн малын санитар байжээ.

1955 оны тавдугаар сарын нэгний Майн баяраар барилдахаар сумын төв оржээ. Энэ үед малчин өвгөн Маналжав алдуул тэмээгээ олж суманд бүртгүүлэхээр очсон байлаа. Тэгтэл Жамъяндоржийн үе тэнгийн улс, аймгийн цолтой бөхчүүд чамайг их бяр тэнхээтэй болсон гэж сонссон, чиний тэр их багтаж ядсан бярыг үзнэ. Чи Маналжав гуайн олж ирсэн тэмээг өргө гэж шахаж эхлэв. Тэгээд Б.Жамъяндорж тэмээний урд хоёр хөлийг баглан тэвэрч, цээжин дороос нь өргөж, нохой шиг цогнойтол суулгаснаар “Тэмээ өргөдөг” хэмээн олноо алдаршжээ. Тэгээд 1957 онд Булган аймгийнхаа баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол авчээ. Мөн аймагтаа 1967 онд түрүүлж, 1968 онд үзүүрлэжээ. Улаанбаатар хотын үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 64 бөх шатарчлан барилдахад 59 давж гуравдугаар байрт оржээ. Ингээд нутаг буцах гэж байтал МОНЦАМЭ-гийн хоёр сурвалжлагч “Та тэмээ өргөсөн гэдэг. Таныг тэмээ өргүүлж бяр тэнхээг чинь баталгаажуулна” гэжээ.Ингэж хоёрдохоо тэмээ өргөжээ.

Б.Жамъяндорж 1958 оны улсын баяр наадамд хөдөөнөөс ирж барилдан зургаа давж Монгол Улсын начин цолыг 27 настайдаа авчээ. Монголын залуучууд, оюутны анхдугаар наадам 1959 онд болоход аймаг, хотын нийгэмлэгүүдээс шалгарсан хүчит 37 бөх тойргийн журмаар барилдахад Б.Жамъяндорж начин 31 давж дөрөвдүгээр байр эзэлж улсын заан цол авсан байдаг.

1959 оны улсын баяр наадамд дөрөв давж Архангай аймгийн Хашаат сумын харьяат, залуу бөх Цэндийн Гомбодоржид унажээ.

1960 онд зургаа давж улам өрнөн өсөх чимэг.

1961 онд улс хувьсгалын 40 жилийн ойн баяр наадмаар долоо давж дөрөвт үлдэж, улсын арслан цол хүртжээ.

1962 онд тав давж өсөх идэр чимэг.

1963 онд зургаа давж харилтгүй жавхлант чимэг.

1966 онд дөрөв давж улсын начин Данзандаржаагийн Сэрээтэрт унажээ.

1981 оны улс хувьсгалын 60 жилийн ойн баяр наадмаар уригдан ирж барилдан хоёр даваад өөрийн сумын бөх, аймгийн арслан Дондовын Нансалд унажээ.

1971 онд гурав давж улсын заан Цанлигийн Дамдиндоржид унажээ.

1990 онд Монголын нууц товчооны баяраар уригдан ирж нэг давжээ. Бас аймгийнхаа үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаанд 11 удаа түрүүлжээ. Б.Жамъяндорж арслан 1971 онд бөхчүүдтэй хамт ЗХУ-д очиж Монгол үндэсний бөхийг сурталчлах арга хэмжээнд оролцож байв.

Б.Жамъяндорж арслан салтаадаж өргөх, ямар ч хүнийг хүзүүн дээр нь дарж байгаад буулгадан өргөж хаях, дэгээдсэн буюу тонгорсон хүнийг заавал унагадаг, хөлд гүйсэн хүнийг дагуулж дарах зэрэг бяр заан баррилддаг байсан. Тэрбээр ид барилдаж байх үедээ 180 см өндөр, 109 кг жинтэй байж. Б.Жамъяндорж арслан бол олон сонирхолтой домгийн эзэн бөхийн нэг юм. Товчоор хэлэхэд орон нутагтаа хонины чинээ чулуу өргөж өөр газар аваачиж тавьсан. Цэрэгт байхдаа үнээ өргөсөн, хожим нь тэмээ өргөсөн гээд... Б.Жамъяндорж арслан одоо хоёр хүү таван охинтой, олон ач нартай өнөр өтгөн айл Булган аймгийн төвд амьдран гавьяаныхаа амралтыг эдэлж ануухнаараа гялалзаж яваа.