Д.БИЧЭЭЧХҮҮ

 

“Бөхийн мэдээ” сонины бөхийн уламжлалт таавраа “Шинэ цолтон хэн хэн болох вэ?” гэсэн асуултаар зарласан билээ. Манай тааварт Сэлэнгэ аймгийн Хөтөлөөс Д.Болдбаатар, Увс аймгийн Ховд сумаас Ш.Батсүх, Өмнөговь аймгаас Ц.Мягмарсүрэн, Улаанбаатараас Д.Жамбалдорж, М.Лувсан-Иш, Ж.Батхишиг, Т.Зоригтбаатар нарын 40 гаруй хүн оролцсон юм. Наадмын дараа уншигч, бөх сонирхогчдоос ирүүлсэн тааврыг дэлгэн үзэхэд тун сонин үзүүлэлт харагдав. Үнэхээр таавар “будаа болсон” наадам болж дээ. Гэхдээ олон хүн улсын арслан Г.Эрхэмбаярыг түрүүлж аварга болно гэж таасан нь үнэн байж таарав. Г.Эрхэмбаяр аргагүй л өнөө цагийн шалгарсан хүчтэн гэдгээ харуулж түвэггүйхэн түрүүллээ. Тэр сүүлийн зууны түүхэнд аваргагүй байсан Сэлэнгийг аваргатай аймгийн нэгэн болголоо.

Ердөө хоёр жилийн өмнө түрүүлэхдээ улсын арслан болсон нь “боохой” хэмээх Данзан арслангаас хойш 78 жилийн дараа уг цолыг авсан бөх болсон юм. Тэгвэл сая аварга цол хүртэж Сэлэнгийнхнээ баярлууллаа. Сайн хүний нэрийг арав худалддаг гэгчээр сайхан бөхөд бас нутаг олон болчих юм. Аварга Г.Эрхэмбаярыг Завханыхан “манайх” гэлцэж байна. Бас ч үнэний хувь бий бололтой. Яагаад гэхээр түүний аав, ээжийн уугуул нутаг нь Завхан юм билээ. Бас Завханыхан манайх  аваргаас гадна гарьдтай, заантай гэж байгаа гэнэ. Наадамд үзүүрлэсэн Б.Гончигдамба яах аргагүй Завхан нутгийн хүү. Гэтэл шинээр заан болсон Б.Батмөнхийн эцэг, эх Завханы гаралтай гэж байгаа юм байна. Сайн эд, сайхан бөх хоёрт эзэн мунддаггүйн жишээ энэ биз ээ. Яг эзнээ олсон тааварт аварга Г.Эрхэмбаяр, улсын начин Т.Баасанхүү, Л.Цэрэнтогтох гурав л орж байна. Начны тааварт багтаж байсан аймгийн арслан Н.Батсуурь, Н.Түвшинбаяр, Э.Оюунболд нар харцага цолонд хүрч таавар эвдэв. Начин Б.Батмөнх, Б.Гончигдамба нарыг цолоо ахиулах бөх гэж тааварласан хүн олон байсан ч тэд тааварт зааснаар харцага биш заан, гарьд цол хүртэж наадамчдаа баярлуулав. Тэдний үзүүлсэн амжилт таавар эвдсэн. Бас Б.Батмөнхийн хувьд улсын гарьд, арслан цол хүртэх бөхийн тоонд бичигдэж байсан улсын заан Ч.Санжаадамба, улсын харцага Ц.Содномдорж нарыг шороодуулснаараа таавар будилуулсан “хэргийн эзэн” болов.

Б.Гончигдамба ч гэсэн дээ. Бас заан цолонд хүрэх боломжтой гэгдэж байсан аварга С.Мөнхбат, өсөх идэр начин Э.Энхбат, арслан Х.Мөнхбаатар, улсын начин Б.Пүрэвсайхан нарын дээгүүр барилдах бөхчүүдийг дараалан орхисноор тааврыг талаар болгогчийн нэг болсон доо. Начинг алгасаж харцага болсон Н.Түвшинбаяр, Э.Оюунболд нарын хувьд тав, зургаагийн даваа амархан олдсон. Улсын гарьд Д.Рагчаа, И.Доржсамбуу нар тэдэнд даваа “бэлэглэсэн” гэсэн үг. Харин Н.Батсуурийг адилхан начны болзол хангаад байсан Л.Цэрэнтогтохтой тунаж үнэхээрийн хүч үзэж харцага болсон гэж болно. Бөх сонирхогчид, тааварт оролцогчдын төсөөлж байснаар их шөвөгт багтааж гарьд, арслан цолонд “өргөмжилчихөөд” байсан заан Ч.Санжаадамба, харцага Ц.Содномдорж нарын тухай жаахан тодосгоход тэд наадмын дэнж хатуу гэдгийг ухаарсан биз. Ч.Санжаадамба ерөөс амаа зөв авдаггүйгээс л болдог бөх дөө. Ноднин харцага Л.Пүрэвжавыг аваад яалаа. Нүд ирмэх зуурт гэхээр л унаад өгсөн. Энэ жил бас од нь гийсэн Б.Батмөнхийг зургаагийн даваанд амлаад хага шидүүлчихлээ. Олон түмний итгэл найдварыг тэр өөрөөсөө болж алдсан. Уг  нь Ч.Санжаадамба тавын даваанд Ц.Содномдоржийг Б.Батмөнхөд унаж байхаас санаа авах  л байсан. Гэтэл тийм ухаан төрөөгүй л юм байх. Тэгвэл түрүүлэх бөхийн жагсаалт (таавар)-д нэр нь харагдаад байсан Увсын хоёр том бөх аварга С.Мөнхбат, арслан П.Бүрэнтөгс нар үүргээ “хагас” биелүүлэв. Аваргын хувьд одтой бөх Б.Гончигдамбын хурц барилдааныг үнэндээ хааж чадаагүй. Дөрөвт үлдэнэ гэдэг бага амжилт ч биш. Харин залуу арслан П.Бүрэнтөгс  дөрвийн даваанд Н.Батсуурьт амархан өнхөрчихсөн. Тэр өнхрөлт аймгийн арслангаа улсын цолд хүргэх гэсэн Увсынхны мастер төлөвлөгөөнийх байв уу. Наадамчид тэгж л төсөөлсөн. Түүнээс биш залуу арслангийн бяр тэнхээ дутсан гэдэг юу л бол. Мөн шинэ цол авах байж, түрүүлнэ ч гэж хэн нэгний хэлж байсан улсын гарьд Н.Ганбаатар, улсын харцага Ө.Бат-Орших нар бас таавар эвдэгчид мөн.

Дөрвийн давааны хугалаа тэр хоёрын наадмыг дуусгачихсан. Н.Ганбаатар шинэ начин Т.Баасанхүүд даанч харамсалтай унаналэй. Түүний уналт “бөх хүн бүдүүн өвсөнд” гэдгийн үлгэр санагдуулав. Ө.Бат-Орших бас гоомойдож Л.Цэрэнтогтоход тахимаа өгсөн. Бөх сонирхогчдын тааварт Олонтаа дурдагдаж байсан аймгийн хурц арслан А.Алтанхуяг /Дундговь/, Ш.Мөнгөнбаатар /Сүхбаатар/, Ч.Батчулуун /Төв/, Б.Суманчулуун /Говь-Алтай/ нарын хувьд азгүй юм гэхээс өөрийг хэлэмгүй. Тэднээс начны даваанд хүрэх боломжтой болсон нь А.Алтанхуяг байлаа л даа. Яагаад боломжтой гэсэн юм бэ гэвэл нутгийн бөх, улсын харцага Л.Пүрэвжавтай дөрвийн давааны нугалаанд таарсан. Гэтэл “шударга” харцага маань муу Алтанхуягийгаа аваад хаячихав. За энэ Пүрэвжав заан юм уу цолоо нэмэх нь гэж наадамчид ярилцаж байлаа. Гэтэл тэр тавын даваанд улсын заан Т.Санчирт амлуулаад уначихав. Түүний дараа харцагаас цааш замгүй болсон юм чинь Алтанхуягт унаад өгчих нь яав гэж халаглах хүн олон байлаа. Нээрээ ч Л.Пүрэвжав нутаг орныхондоо нэргүй болж буй хүн л дээ. Түрүү нэг жил Алтанхуягийг дөрөв давчихаад зогсож байхад хажуугаар нь жишэм ч үгүй өнгөрөөд өвөртөө мөнгөтэй хүн амлаад унаж байсан нөхөр. Ер нь нэг удаа ч болов “бууж өгсөн” бөхийн хийморь доройтдог гэдэг. Тийм л салхи Л.Пүрэвжавыг дайрсан байх. Жаахан жудаг муутай ч юм уу мэдэхгүй.

Дундговийнхон хэдийгээр “Хур харцага” дэвжээний нэрээ голсон ч шинээр улсын цолтон төрөх найдвар ойрын жилд үгүй л юм шиг. Ч.Батчулуун, Б.Суманчулуун, Ш.Мөнгөнбаатар нар адилхан л барилдаан бүрт таарч байдаг аймгийн арслангууддаа унаж таавар будилуулав. Наадам ганц биш ч гэлээ тэдэнд хойтонгийн наадам бас хол бодогдох биз ээ. Ер нь бөхийн таавар таана  гэдэг хэцүү юмны нэг болсон бололтой. Гэхдээ наадмын өмнө таавар тааж “барилдана” гэдэг өөрөө наадам гэлтэй. Эцэст нь хэлэхэд ерөөс таавар будилсан наа­дам л сонирхолтой, сайхан байх юм байна шүү дээ. Хэн нэгний хэлснээр л болоод өнгөрвөл наадам маань наадам биш болчихдог оо. Тийм ээ. Наадмын бөх таашгүйдээ л сайхан болдог юм байна аа.