Л.ХЭРЛЭН

Хэдхэн хоногийн дараа бид 2015 онд баяртай гэж хэлэх нь. Ирэх он монголчуудын хувьд түүхэн жил байх болно. Учир нь, дөрвөн жил тутамд болдог сонгуультай. Шинэ парламентаа бүрдүүлнэ гэсэн үг. Өөр нэг чухал үйл явдал нь яах аргагүй олимп. Хүн төрөлхтний эв найрамдалын бэлгэ тэмдэг болсон олимпийн наадамд дэлхийн өнцөг булан бүрт байгаа улс, орнууд идэвхтэй бэлтгэж байна. Манай улс ч мөн ялгаагүй тэдний л нэг. Одоогоос долоон жилийн өмнө олимпийн аваргатай болсон. Бүр хос шүү. Түүний дараагийн олимпоос анх удаа таван цагаригийн тоогоор медаль авсан. Бид хоёр олимп дараалан түүхэн амжилт бүтээлээ. Харин энэ амжилтын буухиа ирэх онд үргэлжлэх эсэх нь Монголын тамирчид, тэднийг чиглүүлэгч дасгалжуулагчид, холбогдох албаны мэргэжилтнүүдээс шууд шалтгаална. Олон улсын шинжээчид ирэх олимпоос Монголын баг тамирчдыг есөн медаль хүртэнэ. Бүр 2-3 алтан медальтай гэж таамаглал дэвшүүлсэн. Боломж хангалттай бий. Гаднынхан ийнхүү таамаглаж байхад бид яагаад том зорилго тавиад зүтгэж болохгүй гэж. Гагцхүү олимп хүртэл эв найрамдалтай байхыг эрхэмлэх хэрэгтэй байна. Баг тамирчдаа чиглүүлж буй Спортын хөгжлийн төвийн \одоогийнхоор\ үе үеийн удирдлагууд боломжийн хэрээр  ажилласаар өнөөдөртэй золголоо. Монголчууд одоогоор олимпийн 11 эрхтэй. Энэ эрх 30-аас дээш болох магадлал өндөр. Ялангуяа чөлөөт бөх, жүдогийн шигшээ багийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ олимпийн наадамд хүч үзэх бүрэн боломжтой гэдгийг өнгөрсөн онд болсон тэмцээнд оролцсон байдал, үр дүн, тамирчдын чансаа харуулж байгаа юм. Олимпийн эрх олгох тэмцээн ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх учиртай. Үлдсэн эрхийн төлөө Монголын тамирчид Спортын хөгжлийн төв дээр бэлтгэлээ хангаж байна. Гэхдээ тамирчин хүний амжилт дан ганц бэлтгэл сургуулилтаас бус олон хүчин зүйлээс хамаардаг гэдгийг санаж явахад илүүдэхгүй биз. Нэг тамирчны цаана маш том баг бий. Дасгалжуулагч, сэтгэлзүйч, эмч, бэлтгэл хангагч, шигшээ багийн албаныхан гэх мэт. Энэ бүх ачааг Спортын хөгжлийн төв нуруундаа үүрдэг. Тэр ч утгаараа тамирчдын амжилтыг дагаад тухайн байгууллагын нэр хүнд хэлбэлздэг гэвэл илүү үнэнд ойртоно. Тамирчид тааруу амжилт үзүүлбэл шигшээ баг, хөгжлийн төвийнхөн, тухайн спорт холбоо муу ажиллалаа гэсэн үг. Амжилт арвин байвал тэд сайн ажиллажээ гэж дүгнэж болно. Уг нь спортын байгууллага хамгийн ариун газар байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд хамгийн их хэрүүл тэмцэлтэй, хардлага сэрдлэгтэй байгууллага болон хувирчээ.Өөрөөр хэлбэл, бид дарга, цэрэггүй улстөржиж суухад дэлхийн бусад орон Риогийн олимпод хүч үзэх тамирчдынхаа бэлтгэл сургуулилтад анхаарч, зүүх медалийнхаа тоог хэдийнэ гаргасан байна. Ердөө долоохон сарын дараа хүн төрөлхтний олимпийн наадам эхлэх байтал энэ салбарт хэрүүл тасрахгүй хэвээр. Өнөөдөр шигшээгийн тамирчдыг Спортын хөгжлийнтөвболонзаримнэгспортхолбоо анхаарч байгаа эс тооцвол тэднийг анхааралдаа авсан газар ховорхонбайгаагэнддурдахад ч илүүцсанагдана. Харин өнөөдрийн байдлаар Үндэсний шигшээ багийн тамирчид олимпийн эрх авах, оноо цуглуулах болон тив, дэлхий, олон улсын чанартай спортын 59, параспортын 19 буюу нийт 78 тэмцээнд оролцож, “Рио 2016” олимпийн эрхийг 11 тамирчин, “Рио 2016” паралимпийн эрхийг таван тамирчин буюу нийт 16 тамирчин аваад байна.Тиймээс спортыг улс төржүүлдэг хийрхлээ зогсоож, сандал ширээний хэрүүл хийх биш үндсэн ажлаа хийцгээе.Ингэхийн тулд тамирчдын ялалтын төлөө мэргэжлийн холбоог төртэй холбодог гүүр нь болж ажиллаж буй Спортын хөгжлийн төвийн тогтвортой үйл ажиллагаа чухал.Хэн нэгнийг халж, сэлгэснээрээ ажил урагшилдаг бол шигшээ багийнхан өдийд жинхэнэ утгаараа мандан бадарч байх ёстой байлаа. Харин халаа, сэлгээ нь тухайн салбарт уналт авчирдаг гэдгийг бид өнгөрсөн хугацаанд хангалттай харсан. Тиймээс энэ салбар ажиллаж буй дарга, цэргээр оролдохоо 2016 оны олимп хүртэл түр зогсоохыг хүсье. Тэр болтол эв найрамдалтай байцгаая. Ингэж чадвал бид олимпод хүссэн амжилтаа үзүүлж чадна. Бас тамирчдын сэтгэл санаа ч тогтвортой байх нь дамжиггүй.

Эх сурвалж: www.polit.mn