Б.ТУУЛ

Оны шилдэг мэргэжлийн уран бүтээлчид нэгэн тайзнаа чуулж, дэлхийн болоод Монголын сор болсон бүтээлүүдийг үзэгчдэд сонордуулдаг “Virtuoso” гала тоглолт энэ жил 13 дахь жилдээ амжилттай сайхан болж өндөрлөлөө.  Энэ жилийн гала тоглолтод мэргэжлийн ур чадвараар тэргүүлэгч таван хөгжимчин оролцож, олныг гайхан бишрүүлсэн уран бүтээлийнхээ дээжээс толилуулсан юм. Тухайлбал, монгол түмний хайртай хөгжимчин, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, морин хуурч Д.Шинэцог, Итали улсад хөгжмийн дээд сургууль, хөгжмийн академи төгсөөд ирсэн, төгөлдөр хуурч, Ямаха артист С.Одгэрэл, эвэр бүрээч О.Чинбат, шилдэг залуу хийлч Х.Санчир гэсэн таван хөгжимчин оролцлоо. Эдгээр уран бүтээлчид дор бүрнээ  ахицтай, амжилттай яваа юм байна. Бүгд  олон улсын чансаатай томоохон тэмцээн  уралдаанд  амжилттай оролцож, ганзага дүүрэн ирсэн  гэдгийг  урлагийн салбарынхан, тоглолтын зохион байгуулагчид онцолж байв.

Жил бүрийн гала тоглолт нэг л онцлогтой болдог.  Энэхүү тоглолтоос Монголын хөгжмийн урлагт  хэн ямар чиглэлээр манлайлж байгааг цогцоор нь харах боломж бүрддэг. Үүнийг үзэгчдийн зарим нь Монголын хөгжмийн  урлагийнханы тайлан тоглолт гэж хүлээж авдаг.  Ямартай ч “Виртуозо” гала тоглолтод дэлхийд алдартай болон Монголын хөгжмийн зохиочдын сор болсон бүтээлүүдийг нэгэн тайзнаа эгшиглүүлдэг  учраас жил ирэх тусам үзэгч, сонсогчдын тоо нэмэгдсээр байгаа ажээ. Өнөө жилийн тоглолтод гадны улс орноос ирсэн мэргэжлийн уран бүтээлчид, үзэгч сонсогчид цөөнгүй харагдаж байв.

Хамгийн сонирхолтой нь, зургаан  настай бяцхан хүү  төгөлдөр хуурын хар, цагаан даралт дээр жижигхэн гараа бүжиглүүлэн дэлхийн суутнуудын сонгодог аялгууг тун чадмаг тоглох нь  дуурийн театрын тайзнаа амилах “Виртуозо” гала тоглолтын салхийг хагалсан уран бүтээлчдийн нэг  байв. Мөн төгөлдөр хуурч С.Одгэрэл, морин хуурч Д.Шинэцог, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ гээд  үзэгчдийг уярааж, уйлуулж, догдлуулж сэтгэлийн утсыг нь хөндсөн часхийсэн уран бүтээлч цөөнгүй байсан.  Тоглолтыг улсын филармонийн симфони найрал хөгжим удирдаач Д.Нямдаш, Б.Батбаатар нарын удирдаж, өнөө жилийн  “Виртуозо” гала тоглолт  ирэх жилийн наадам хүртэл сэтгэлд үл мартагдах сайхан тоглолт боллоо.

Эх сурвалж: www.polit.mn