Ч.ҮЛ-ОЛДОХ
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ө.Рагчаасүрэнг “Polit-ийн нэг өдөр” булангийн зочноор урьсан юм. Түүхч, урлаг судлаач, уран зураг болон гэрэл зураг сонирхогч, сэтгүүлч гээд олон талтай тэрээр Дархан-Уул аймагт ажиллаж амьдарч, уран бүтээлээ туурвидаг. Түүнтэй ярилцах зуур ОХУ-ын Буриадын уран бүтээлч, Монгол Улсын Төрийн соёрхолт Намдагийн Дашнямын бүтээсэн Чингис хааны хөшөөний тухай, энэ үйл явдлын эргэн тойронд тун сонирхолтой байр сууриас үзэл бодлоо хуваалцлаа.
МАНАЙ ДАРХАН ЭРҮҮЛ-УХААЛАГ ХОТ БОЛОХ ЗОРИЛТ ТАВЬСАН
-Сайхан өвөлжиж байна уу, уран бүтээлийн олз арвин уу. Танаар болон Дархан-Уул аймгаар сүүлийн үед сонин сайхан юутай байна даа. Сэтгүүлч нөхөддөө дуулгах ховор сонин мэдээлэл зөндөө байгаа байх?
-Дарханы оюун санааны амьдралд том үйл явдал саяхан тохиолоо. Дархан хотын 55 жилийн түүхэнд соёл урлагийн бүх зүтгэлтэн, уран бүтээлчид, гар урчууд, хэвлэл мэдээллийн ажилтнууд, хэвлэх үйлдвэрийн ажилчид, дизайнерууд хамтран “Урлагийн чуулган” нэртэй урлагийн бүтээлийн наадам зохион байгуулсан. “Залуучууд” театр хоёр өдөр олны хөлд дарагдаж, Дархан хот бүхэлдээ соёл урлагаар амьсгаллаа. Урлаг гэдэг нэгэн малгай дор үйл ажиллагаа явуулдаг бүх байгууллага, хүн нэгэн дээвэр дор нэгдэж цогц байдлаар ажиллахаар нэгдлээ. Энэ сүүлийн үеийн том ажил, шинэ сонин мэдээлэл юм даа. Цаг улирлын тухайд бол манай Дарханд өвөл хүйтэн болдог. Ойрын өдрүүдэд дулаахан сайхан байна.
[caption id="" align="alignright" width="202"] -Тэрээр бага залуугаасаа “Битлзийн анд нөхөд” клубд үнэнч яваа гишүүн нь. “Битлз”-ийн дуунууд, тэдний тухай “Өчигдрийг хайрла” эсээний ном гаргаж байв.[/caption]-Аливаа юм байгаадаа суурилж хөгждөг. Дарханд ямар давуу тал байгаа юм бэ?
-Дархан хот өөрөө соёлын ихээхэн уламжлалтай. Маш соёлч хот байсан. Сүүлийн 20-оод жил тэр нь жаахан алдагдсан. Автобусанд дугаарлаж ордог цорын ганц хот байлаа, 1990 оноос өмнө. Тэр үед шугамын автобус явдаг, иргэд дугаарлаж орно. Улаанбаатарт бол шавааралдаад чихээд ордог шүү дээ, түүн шиг биш. Ямар сайндаа гаднаас ирсэн хүн дугаарлалтын өмнүүр дайрах гээд явахад бүгд гайхаж харахаар нөгөө хүн нь ичээд толгойгоо илээд буцаж байсан гэдэг. Үүгээрээ алдартай. Дархан хотын орон сууцанд амьдардаг айл өрхүүд бүгд тагтан дээрээ цэцэг тарьдаг. Үүгээрээ бас соёлын уламжлалтай. Тэгэхээр одоо энэ уламжлалаа сэргээе гэж байгаа юм. Дархан хот зүгээр нэг эрүүл хот болъё гэсэн зорилт тавиагүй. Ухаалаг-эрүүл хот болъё гэсэн зорилт дэвшүүлээд байгаа. Ухаалаг гэдэг нь оюуны өндөр чадамжтай, оюунаа өндөр үнэлдэг, оюуны бүтээлийг дэлхийд гаргах төвшний хот болъё гэсэн зорилт тавьсан. Энэ зорилтод бүх талын түншлэлийн утга учир оршиж байгаа юм. Нөгөөтэйгүүр, бүх шатанд ухаалаг системийг нэвтрүүлсэн, иргэдээ хүндэлсэн, тэдний цаг завыг хэмнэсэн, ямар нэгэн чирэгдэлгүй, бүх зүйл ил тод байх ухаалаг-шилэн системийг хаа хаанаа ярьж, нэвтрүүлж эхлээд байна. Бас нэг сонин сайхан зүйл гэвэл зөвхөн дарханчууд төдийгүй монголчууд бүгдээрээ энэ цагийн нэгэн сод бүтээлийн эзнийг Монголын төр үнэлсэнд талархан шагшиж байгаа ийм цаг үе шив дээ /инээв/.
МОНГОЛ ЦУСТАЙ ЗУРААЧ, БАРИМАЛЧДААС ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДСЭН НЬ НАМДАГИЙН ДАШНЯМ
-Намдагийн Дашнямд Монголын төр Төрийн соёрхол хүртээснийг, их Эзэн Чингис хаанд зориулсан түүний бүтээлийн талаар та ямар бодолтой байна?
-Намдагийн Дашням ОХУ-ын Буриадын төдийгүй дэлхийн зиндааны том уран бүтээлч. Түүний бүтээсэн Чингис хаан сэдэвт бүтээлүүд болон ер нь Монголын анхны төрт улсын тухай түүхэн бүтээлүүдийг үнэлсэн Төрийн соёхолыг Монгол Улсын Ерөнхийлөгч түүнд гардууллаа гэж харж байна. Энэ маш ач холбогдолтой юм. Дээр нь би хагартлаа баярласан, нэг юманд.
-Тэр нь юу билээ?
-Намдагийн Дашнямд Төрийн соёрхол хүртээхэд би хэвлэл, мэдээллийн хоёр байгууллагад хагартлаа баярлалаа. Гурав дахийг нь анзаараагүй, магадгүй амжиж үзээгүй байж болох юм. Монголын үндэсний телевиз, “Өдрийн сонин” хоёр түүнийг буриад овог ,нэрээр нь биш, монгол нэрээр нь сурвалжлага, нэвтрүүлгээ нийтэлж, нэвтрүүлсэн. Энэ том үйл явдал. Монгол сэтгэлгээний, дэлхийд даяаршиж дуурсах том илэрхийлэл тэр байсан. ОХУ-ын Буриад улсын бүх иргэдийн аав ээж нь буриад, өөрсдөө буриад. Харин нэр нь оросжсон. Хэл нь оросжсон. Тэгвэл, анх удаа энэ хоёр хэвлэл, мэдээллийн байгууллага яг монголоор нь нийтэлж, нэвтрүүлсэн нь бид нэг цустай улс, яс махны тасархай гэдгээ харуулсан том үйл явдал. Оюун санаагаараа нэг гэдгээ тунхагласан алхам.
-Ихэнх нь ингэж баярлаж, хөөрч байхад шүүмжлэх хүн ч бас байна. Гадны хүнд өгчихлөө, тэр дайны юм хийсэн уран бүтээлч Млнголд бишгүй байна гэхчлэн таагүй үгс дуулдаж байгаа?
-Миний хэлье гэж бодож байсан, дотор сэтгэлийг минь эвгүйцүүлж байсан зүйлийг асуулаа. Одоо ч тэгж ярьж байгаа хүмүүс байна л даа. Шаардлага байсан уу гэж асуух нь ч байна. Тэгвэл, би нэг л зүйлийг хэлэх байна. Тэр бол дээд зэргийн шаардлага байсан. Миний нөхөд ч тэгж үнэлж байна лээ. “Нүдээ олсон шагнал” гэж ард түмэн ярьдаг даа. Намдагийн Дашням монгол хүн, түүний судсаар монгол цус гүйж байгаа. Монголынхоо их Эзэн хааныг, Монголынхоо төрт улсыг, монгол үндэснийхээ түүх, уламжлалыг дэлхийн зиндаанд гаргасан шүү дээ, тэр. Өнөөдөр монгол цусны уран бүтээлч, зураач, барималчдаас ийм өндөр хэмжээнд үнэлэгдсэн уран бүтээлч байхгүй. Буриад монгол хүн, буриад монгол үндэстэн дэлхийн хэмжээний бүтээл туурвисан. Тиймээс түүнд Монгол Улс Төрийн соёрхолоо хүртээхээс аргагүй. Тэр аль улсын иргэн байх нь сонин биш, монгол цустай хүн. Ийм учраас хамгийн зөв үнэлгээ гэж бодож байгаа.
800 ЖИЛИЙН ДАРАА ИРЖ БУЙ ИХ ХААНЫ ДҮР АМАР АМГАЛАНГИЙН ТУЙЛ
-Намдагийн Дашнямын бүтээсэн Чингис хааны хөшөөг дүр дүрслэлийн талаас ойлгомжгүй болсон гэхчлэн шүүмжлэх хүн цөөнгүй байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Тэр бүтээлийн тухайд би гурван үзэл баримтлалтай байгаа. Хөшөөг Лондоны төвд сүр дуулиантай нээх үед би хайж байгаад сошиал ертөнцийн буянаар зургийг нь хамгийн түрүүнд олж үзсэн хүний нэг. Тэгээд нэлээд бодсон. Хамгийн нэгдүгээрт, их Эзэн хаан маань Монгол Улсыг Азийн цээжинд төвхнүүлж, дэлхийн талыг морьтойгоо туулж улсынхаа харъяанд авчран нэгтгэчихээд тэнгэрт заларсан шүү дээ. Тэгээд 800 жилийн дараа эргэж ирж байгаа гэдэг нь бидэнд тун сонин. Намдагийн Дашням бүтээтээ тэгж тайлбарласан шүү дээ. Их эзэн хаан эргэж ирж байгаа нь гэж нэрлэсэн. Яг ийм агуулгаар ямар ч уран зураг, хөшөө баримал, жүжиг, хөгжим бүтээгүй. Анхны ийм сонин, бидний хүсэн хүлээсэн сэдвийг Намдагийн Дашням хөндөж гаргаж ирсэн. Үүгээрээ ач холбогдолтой. Хоёрдугаарт, тэнгэрээс ирж байгаа тэр дүр төрх үнэхээр надад таалагдсан. Өнөөдрийн Эзэн Чингис хаан маань зэр зэвсэг агссан XIII зууны тэр л төрхөөрөө, морин дэл дээгүүр явсаар байгаад морин дээрээсээ буулгүй тэнгэрт хальсан. “Монголын нууц товчоо” дахь түүхэнд энэ тухай байгаа. Үүнийг бүх монгол хүн мэдэх болсон байх, мэдэж ч байгаа. Тэгэхээр тийм хүн 800 жилийн дараа ямар амгалан дүрээр морилов. Ямар ч дайсагнал, цэргийн түрэмгийлэл, хурдан довтолгоон тэнд байхгүй, амар амгалангийн, эв найрамдлын билэгдэл болж энэ ертөнцөд бууж ирсэн байна. Энэ нь миний хоёр дахь санаатай уялдаж байгаа юм.
-Тэр нь юу билээ?
- Эзэн Чингис хаан бол мянганы хүн бөгөөд дэлхийн хүн. Дэлхийн хүн гэдгийг уран бүтээлч барималдаа дүрслэн харуулсан байгаа юм. Дэлхий өнөөдөр дэлхийчлэгдэж байна. Монгол үндэстэн дэлхийчлэгдэж байгаа энэ ертөнцийн, энэ ганцхан цэнхэр бөөрөнхий гариг дээр хамгийн нөлөө бүхий эртний түүх соёлтой, сайхан сэтгэлтэй, зөв уламжлалтай. Агуу түүх, соёлыг өөртөө тээсэн улс шүү, бид гэдгийг дэлхийчлэгдэж байгаа энэ улс үндэстэнд Эзэн Чингис хаан маань харуулж байгаа юм. Цаг үеийн нэг чухал сэдвийг хөндөж ярих юм бол өнөөдөр хүн хүнээ хайрлах, сайхан сэтгэл байхгүй болсон үед, хүчирхийлэл, түрэмгийлэл газар авч байгаа, тэр нь дэлхий даяар бүрхэж байгаа айхтар үед эв найрамдлыг, эв нөхөрлөлийг , амар амгаланг билэгдсэн сайхан бүтээл болжээ, Намдагийн Дашнямын Чингис хааны хөшөө.
-Амар амгалангийн туйл гэж та хэллээ. Тэрийгээ жаахан тодруулахгүй юу?
-Залуучууд харна биз дээ, Намдагийн Дашнямын тэр бүтээлээс амар амгалан уншигдаж байгаа. Их Эзэн хааныг гэгээрсэн дүрээр бүтээсэн. Тийм дүрээр бууж ирсэн байх нь, Чингис хаан. Юун морин дэл дээгүүр дайтаж явсан дайчин хаан маань тийм гэгээрсэн дүрээр бууж ирсэн байна шүү дээ. Үүгээрээ ч надад таалагдаж байгаа.
МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ТҮҮХЭЭ АРИУН БАЙЛГАХ ЁСТОЙ
Ө.Рагчаасүрэн “Пикассо ирлээ” эсээний номоороо алдарт Пикассог Монголд “авчирсан” юм.
-Дүрслэх урлаг дахь Чингис хааны дүрийн тухайд та ийм бодолтой байгаа юм байна. Түүх бичлэг, уран зохиол дахь эзэн хааны дүрийн тухайд шинэ содон юу байна. Тухайлбал, “Чонон сүлд” байна?
-Манайхан хуйларч, туйлширч байна л даа.” Чонон сүлд” роман, түүгээр бүтээсэн киноны тухай. Зарим нь зөв гэх юм. Зарим залуу уран бүтээлч үзээд “Шөнө нойр хүрсэнгүй, ээ гэгээн минь ийм юм үздэг байх гэж. Монголын түүхийг ингэчих гэж” гээд л бачуураад, ийм хоёр талтай, эсрэг тэсрэг хоёр туйлд байна. Миний хувьд Хятадын уран бүтээлчдийн хийсэн бүтээлийг бид зөв ойлгох ёстой. Хүмүүс өнөөдөр цээжээ дэлдэж, бид Чингисийн монгол гэж хий хоосон дуугаа өндөрсгөөд яах вэ, харин дотроо нэг л юмыг бодох ёстой гэсэн бодолтой байдаг.
-Жишээ нь?
-Өнөөдөр бид Монголынхоо эртний уламжлалт түүхийг, монгол сэтгэлгээг аваад ирж чадсан уу, үгүй юу. Бид өөрсдөө эвдсэн байна шүү дээ, түүнээс гадны хүн эвдээгүй. Гадны үндэстэн үүнд ерөөс нөлөөлөөгүй. Биднийг илэрхийлээгүй. Монгол Улс тусгаар тогтносон улс шүү дээ. Өөрийнхөө соёлыг өөрсдөө авч үлдэж, өөрсдөө хадгалж нандигнаж ариун сайхан авч явах ёстой. Гэтэл түүнийгээ алдагдуулаад байна. Гадныхан манай түүх рүү, Чингис хаан руу, уламжлал руу орж юм хийж байна гэдгээр бид харин бахархах хэрэгтэй.
-Монгол үндэстнийг тэнд нэг ч доромжлоогүй гэж үү?
- Монгол үндэстнийг доромжилсон, манай түүхийг гуйвуулсан юм байхгүй. Нэг бодитой жишээ нь, Бодровын “Чингис хаан” кино шүү дээ. Монголд зургийг нь авах ёстой байтал хэдэн тэнэг дарга зөвшөөрөл өгөөгүйгээс болж өөр газар авсан, амжилтад ч хүрсэн. Түүнд Чингис хааныг доромжлоогүй. Тэгэхэд Чингис хааныг Хятдад аваачиж шоронд хорьсноор гаргалаа, ямар сонин юм бэ гээд л зарим нь шуугисан. Тэр бол түүхээ гүнзгий судлаагүй, нөгөө талаас сэтгэлгээний хоцрогдол бидэнд байна. Бид өөрсдийн түүхээ өөрсдөө ариун байлгах ёстой болохоос гадны хүн манай түүхийг доромжлоогүй байгаа.
-Үнэхээр илэрхий гуйвуулсан юм байх аваас яах вэ?
-Тийм байх юм бол харин үг дуугаралгүй яахав. Гэхдээ өнөөдөр тийм ноцтой дайрсан, доромжилсон, монгол үндэстний дархлаанд, үндэсний үнэт зүйлд нь халдсан юм алга.
ИЛГЭЭЛТИЙН ЭЗНИЙ ХАЛААСАНД ИХ СУРГУУЛИЙН УРИЛГА ЯВЖЭЭ
-Монголын хойд бүсийн гэрэл зурагчдын “Нарыг хайрла” клуб Дархан хотод байгуулагдаж нээлтээ хийх үеэр.
-Одоо асуултаа жаахан өөрчлөөд таны Дархан хотын иргэн болсон, бас түүхч мэргэжлээр сургууль төгссөн тухай хуучилъя гэж бодлоо. Та юу гэж бодож байна?
-Бид нэгэнт ярилцаж суугаагийнх, та асууж байгаа хойно хариулъя /инээв/. Би Дархан хотод Эвлэлийн илгээлтээр Өмнөговиос ирж байлаа. Дөнгөж аравдугаар анги төгсөөд илгээлт өвөртөлсөн нь тэр. Дархан хотын силикатын үйлдвэрт ажиллаж байсан юм. Тухайн үед МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байсан, Хөдөлмөрийн баатар, эрдэмтэн зохиолч Л.Түдэв гуай намайг хойш нь сургуульд явуулсан. Илгээлтээр ирсэн залуус нэг ёсондоо хэлмэгдсэн юм шүү дээ. Аравдугаар анги төгссөн хүүхдүүд ирээд нас нь хорь гараад явчихсан. Бүгд үйлдвэрийн ажилчид. Тэр дотор төрөл бүрийн авьяастай, олон сайхан залуус байсан. Тэгээд Л.Түдэв гуай нэг удаа хэлдэг юм, энэ хүүхдүүдийг сургуульд явуулахгүй бол болохгүй гэсэн. Ингээд 30-40 залууг сургуульд явуулсан.
-Тэдэн дотор ямар хүмүүс байсныг хэлээч, одоо ямар ажил алба хашиж яваа бол?
-В.Алзахгүй гэж агуу том сэтгүүлч, уран бүтээлч байна. БСШУЯ-ны магадлан итгэмжлэлийн дарга байснаар нь хүмүүс илүүтэй таньдаг. Их засаг олон улсын сургуулийн захирал, Монгол Улсын гавьяат багш, яруу найрагч Н.Ням-Осор байна. Г.Төртогтох гэж том сэтгүүлч байсан. Монголын чөлөөт сэтгүүлзүйн түүчээ болсон Б.Эрдэнэбаатар байна. Ш.Энхтөр гэж сайн сэтгүүлч, сайхан уран бүтээлч байлаа. Энэ мэтчилэн олон сайн уран бүтээлч төрж гарсан. Бидний нэг үед сурч байсан, эрхэм хүн бол О.Дашбалбар байгаа юм. Мөн л эвлэлийн илгээлтээр гарч, сургуульд явж чадаагүй байхад нь Л.Түдэв гуай сургуульд явуулсан даа. Л.Түдэв гуайн холч ухаан, алсын хараа биднийг хойш нь сургуульд явуулсан юм. Тэгэхдээ нэг л шалгуур тавьсан. Урлаг, уран сайхны мэдрэмж байна уу гэдгийг харсан. Миний саяын нэрлэсэн бүх хүн нэг бол зураг зурдаг, эсвэл шүлэг, өгүүллэг бичдэг авьяасын зах зухтай. Гэхдээ түүнийгээ маналзуулж, дүрэлзүүлж хараахан чадаагүй, боловсрол эзэмшээгүй хар ажилчин болчихсон тэгээд өөрийн унаган авьяасаар явсан хэрэг. Ийм хүмүүсийг сургуульд явуулсан юм даа. Энэ нүргээнд би Москвагийн хүмүүнлэгийн ухааны их сургуульд түүхч мэргэжлээр суралцаж төгссөн. Намайг төгсдөг жил Монгол Улсын одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сурахаар зөрөөд очиж байлаа. Их хурлын нэлээн олон гишүүн, цөөнгүй сайд тэр сургуулийн бүтээгдэхүүн юм шүү дээ.
-Та ирээд Дархандаа ажилласан юм билээ. Хуваарь тэгж таарсан уу?
-Би Дарханаас сургуульд явсан. Ирээд шууд Дархандаа ирж ажилласан. Телевизэд редактороос одоог хүртэл ажиллаж байна.
СЭТГҮҮЛЧ ХҮН ТҮҮХЧ МЭРГЭЖИЛТЭЙ БАЙХ НЬ ДАВУУ ТАЛ
-Ингэхэд та түүхч мэргэжлээр ажиллаагүй юм уу?
-Төгссөн мэргэжлээрээ нэг цаг ч ажиллаагүй /инээв/. Тэгэхдээ түүхч мэргэжилтэй хүн сэтгүүлч хийх маш давуу талтай. Ялангуяа уран бүтээл туурвих, нийтлэл, өгүүлэл бичих, түүх соёлын сэдвээр ярилцлага хийхэд толгой өвдөхгүй.
-Таныг сэтгүүлчийн мэргэжлийг их өвөрмөц эзэмшсэн гэж дуулсан?
-Тэр үнэн. Би Монголын хэвлэлийн хүрээлэн, Дани улсын Засгийн газрын буянаар сэтгүүлч болсон хүн байгаа юм. “Данида” төслийн хүрээнд орчин үеийн сэтгүүлзүйн чиглэлээр 10 жил дамнасан сургалтад сууж байж сэтгүүлч болсон хүн байгаа юм.
-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Уран бүтээлчтэй уулзсаных сүүлийн үед хийж буй бүтээл туурвилыг сонирхохгүй өнгөрч болохгүй нь?
-Дэлхийн сонгодог уран зургийн эсээнүүд бичиж ирсэн юм. Түүгээрээ сонгодог уран зургийн эсээний ном гаргаж байсан бол одоо орчин үеийн дэлхийн уран зургийг үзээд мэдэрсэн сэтгэгдлээрээ эсээнүүд бичиж байна. Удахгүй ном гаргана.
-Бидний урилгыг хүлээж авч цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье. 2016 онд шинэ бүтээл, шинэ сэдэвтэй эргэн уулзахын ерөөл дэвшүүлье.
Эх сурвалж: www.polit.mn