Ч.ГАНТУЛГА

Сурын талбайд есөн байг эгнүүлэн тавьж, мэргэн харваачид цэц мэргэн, ур ухаанаа уралдуулан эрийн гурван наадмын сурын харваа эхэлсэн. Эрийн хийморь, эд хавыг гайхуулан үзүүлэх тоглолт хийж, Ерөнхийлөгч эхний сумыг тавьсан юм. Жил бүрийн Монгол түмний их баяр наадам урианхай сурын харваагаар эхэлдэг уламжлалтай. Энэ жилийн наадмын харваачид харьцангуй залуужиж, шинэ үеийн төлөөлөл болсон залуус олон байгааг азай буурал харваачид онцолсон юм. Манай улсын өнцөг булан бүрээс мэргэн харваачид цуглажээ. Монгол дээлээрээ гоёж, дэлхийд ганцхан байдаг эрийн гурван наадмаараа бахарахдаг манай ард түмэн сурын харвааны эртний уламжлал, түүхтэй билээ.  III, IV зууны үед анхны “Хавчаахай” нум сум үүссэн гэж үздэг. Хамгийн эртний сурын харвааны төрөл нь урианхай харваа юм. Тэгвэл энэ жилийн урианхай сурын харваанд 160 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо. Урианхай сурын харвааг өвөг харваа хэмээн эрхэмлэдэг нь Их эзэн Чингис хааны үед ан гөрөө хийх, биеэ хамгаалахад хэрэглэдэг байсантай холбоотой гэж үздэг. Урианхай сурын байг чих хэмээдэг. Энэ нь 350-400 кг жинтэй, бөмбөг хэлбэртэй. Сурын бай нь урд хойд талдаа өтвөөгтэй, уултай. Энэ нь уулын дундах дайсныг хөнөөн устгаж байна гэсэн утгыг бэлгэддэг аж. Халх сурыг 75 метрээс харвадаг бол урианхай сурыг 45 метрээс харвадаг.

Энэ жилийн урианхай сурын харвааны тэргүүн байрт Ховд аймгийн харваач Ц.Батлболд 30 сумнаас 30 онож үнэмлэхүй амжилт тогтоосон бол Баян-Өлгий аймгийн Буянт сумын харваач улсын мэргэн Б.Баярсайхан 28 онож, тус аймгийн харваач Д.Мөнхдэлгэр 27 онож удаах байранд орлоо. Сурын харвааны үндсэн гурван төрлийн нэг нь Буриад сурын харваа юм. Энэ жилийн буриад сурын харваанд  140 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос эрэгтэй харваачдын төрөлд Дорнод аймгийн Баяндун сумын харваач О.Сүхбаатар 64 сумнаас 63 онож тэргүүн байрын эзэн болсон бол Сэлэнгэ аймгийн харваач Б.Батбаатар 56 онож, Баян-Өлгий аймгийн харваач З.Нямсүрэн  55 онож удаалсан юм. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын харваач П.Энхтунгалаг тэргүүлж, дэд байрт Дорнод аймгийн харваач Д.Цэцэг 49 онож, Дорнод аймгийн харваач Н.Гандаваа 47 онож гуравдугаар байрт орлоо.

Хүү төрвөл бөх болно, хүлэг төрвөл шандастай болно хэмээн бэлгэшээдэг манай ард түмэн хүүхдүүдээ хөлд орох наснаас нь нум сумтай нөхөрлүүлдэг уламжлалтай. Тиймээс үндэсний их баяр наадмын сурын харвааны төрөлд хүүхдийн харвааны төрлийг оруулдаг билээ. Хүүхдийн сурын харваа өрсөлдөөн ихтэй болов. Энэ жилийн наадмын хамгийн бага харваач есөн настай хүү байв. Харваач хүүхдүүд нийт 30 сум тавьснаас эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт Хэнтий айгийн Бор-Өндөр сумын 10 дугаар ангийн сурагч Э.Төгөлдөр тэргүүн байрын эзэн боллоо. Харин эмэгтэйчүүдийн төрөлд Төв аймгийн Зуунмод хотын 11 дүгээр ангийн сурагч Н.Энэрэл 30 сумнаас 30 онон тэргүүлж, спортын мастер цолны болзол хангасан юм. Хоёрдугаар байрт  Өмнөговь аймгийн есдүгээр ангийн сурагч П.Энх-Эрдэнэ удаалж, Төв аймгийн 11 дүгээр ангийн сурагч Б.Отгонжаргал гуравдугаар байрт орлоо. Харин үндэсний сурын харваа хоёр өдөр уухайн дуу өрсөлдөөн дунд болж үргэлжилсэн юм. 370 гаруй харваачид энэхүү төрөлд өрсөлдсөн. Наадмын ногоон дэвжээг уухайн дуугаараа хурайлж, эрчит нумаа татаж, наадамчин олныг баясгасан сайхан наадам болов. Үндэсний сурын нум сумыг эврээр хийдэг. 75 метрээс харвадаг бөгөөд шилдэгт үлдсэн харваачид онох бүртээ зайгаа уртасгадаг уламжлалтай. Төрийн баяр наадамд олон удаа түрүүлж, Монгол түмний бахархал болсон улсын гарамгай мэргэн А.Цэвээн гуай ирж, наадамчин олноо хүндэтгэн эвэр нумаа тавьсан юм. Түүний хүү гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун, даяар дурсах мэргэн Ш.Даваахүү, улсын мэргэн Отгонбаяр, улсын мэргэн Эрдэнэтуяа, хошой мэргэн Х.Оюунчимэг нар энэ жилийн наадамд өнгөтэй наадлаа. Үндэсний сурын харваа Хана харваа, хасаа харваа гэсэн хоёр үеэс бүрддэг. Хасаа харваа нь байг арай жижигсгэж, харваачаас ур чадвар, өндөр мэдрэмж шаарддаг үе юм. Хасаа харваа нь долоон шаттай. Үүнд мэргэ үе, шил үе, ноён үе, баатар үе, шил үе, хөгдий үе, шувтрага үе зэрэг багтана. Үе бүхэн өөр, өөрийн утгатай. Үндэсний харвааны шувтарга үед улсын мэргэн Л.Отгонбаяр, Б.Баярсайхан, спортын мастер Б.Өлзийхутаг, хошой мэргэн Д.Баасанхүү зэрэг шилдэг долоон харваач үлдсэн юм. Харвааны дүн гарахад нийт 35 оноогоор хошой мэргэн Д.Баасанхүү, улсын мэргэн Л.Отгонбаяр, спортын мастер Б.Батбаатар нар тэнцэж товх харваж шилдгээ тодрууллаа. Энэ үед харваач бүр дөрвөн сум харваснааас улсын мэргэн Л.Отгонбаяр тэргүүлж хошой мэргэн цолоор энгэрээ мялаалаа. Хошой мэргэн Д.Баасанхүү удаалсан юм. Харин эмэгтэйчүүдийн шувтарга үед улсын мэргэн Б.Эрдэнэтуяа, хошой мэргэн Х.Оюунгэрэл, спорын мастер М.Заяа зэрэг найман харваач өрсөлдснөөс хошой мэргэн Х.Оюунчимэг улсынхаа их баяр наадамд гурвантаа түрүүлж, гоц мэргэний болзол хангасан юм. Харин хоёрдугаар байрт улсын мэргэн Б.Эрдэнэтуяа, гуравдугаар байрт спортын мастер М.Заяа шалгарсан юм.