Ч.ЗОТОЛ
Манай сурвалжлах баг хотоос анх гарахдаа л хөдөөгийн эгэл жирийн уяачийн галаар орох зорилго тавьсан юм. Энэ жил олон аймгийн ой тохиож байгаа болохоор уяачид цөөхөн иржээ. Багагүй эрэл хайгуул хийсний эцэст нэгэн жижиг галтай таарав. Тэд Н.Өлзийбаяр тэргүүтэй Сүхбаатар аймгийн уяачид байлаа. Биднийг очиход 50 гаруй насны хижээл эр тосч уулзсан нь Онгуугийн Дүүрэнбилэг хэмээн өөрийгөө танилцуулав. Тус галд түүний дүү О.Дүүрэнбаяр, мөн аймгийн алдарт уяач Ноогийн Өлзийбаяр нар яваа.
Галынхан азарга, соёолон, даага, их нас уралдуулахаар авчирсан. Наадам угтаж эрт ирснийх Сонгинохайрханы тахилгын наадамд морьдоо уралдуулж, их насны түрүүг авсан гэнэ.Морьдын угшлыг сонирхоход “Манай галын гол хүн аймгийн алдарт уяач Н.Өлзийбаяр. Та бүхэн түүнтэй уулзаж ярилцах хэрэгтэй” гээд дээхнэ үед аав нь Ноо гэж нэртэй уяач байсан юм. Тэр хүнээс хүүдээ үлдээсэн буян, тэдний унаган адуунууд яваа. Харин манай адууны хувьд өвөө маань Түнтэгийн Бадамсүрэн гэж сайхан буурал байсан. Тэр хүний хурдан буян. Өвөөгөөс хойш аав маань цэргийн хүн байсан болохоор морь мал руу нэг их ороогүй. Сүүлд аавынхаа адууны угшлаас цуглуулж бидэнд өгсөн юм” гэв. Ийнхүү ярьж суух зуур галын гол хүн хэмээгдсэн Н.Өлзийбаяр уяач хүрч ирснээр түүнтэй ярилцах завшаан олдлоо.
-Уясан морьд хурдан, наадмын дэнж өгөөжтэй сайхан наадаж байна уу?
-Наадам сайхан болж байна. Жилээс жилд төрөөс наадмыг зохион байгуулах, Хүй долоон хулагт болдог хурдан морины уралдаан, уяачдын тав тухыг хангахад анхаарч ирсэн. Энэ жил улам дэгтэй, илүү сайхан болсон санагдлаа. Бид нутгаасаа гараад сар гаруй, энд ирээд нэлээд хэд хонож байна.
-Морьд өнгөтэй байгаа гэж дуулсан. Хэр уралдаж байна?
-Бид таван насны морьтой ирсэн. Энэ наадамд битүү даага сойсон. Эхний гуравт давхиж байгаад 20-доор орчихлоо. Наадмын өмнөх сунгаанд цээжинд давхисан. Мөн нэг соёолон Сонгиохайрханы тахилгад түрүүлсэн. Нутгаас морьдоо авч гарлаа, харин унаачгүй ирсэн. Уг нь манай хүү унаж уралддаг байсан юм, энэ жилээс моринд хүнддэх болсон. Энд нийслэлийн алдарт уяач н.Батболдын галыг түшиж, тэдний уяач хүүхдүүдийн зав чөлөөгөөр морьдоо унуулж байна.
-Таны аав Халзан сумын хурдан хонгор морьтой Ноо гэж нутагтаа нэртэй уяач байсан гэсэн. Аавынхаа тухай, адууныхаа угшил, амжилтын тухай хуучлахгүй юу?
-Миний аав Жигмэдийн Ноо гэж удмын хурдан адуутай хүн байсан. Аав минь Халзан сумын хүн. Харин өвөө Асгат сумын уугуул байлаа. Би зургаан хүүхэдтэй айлын таван хүүгийн отгон нь. Аавынхаа гал голомтыг сахиж, үйл хэргийг нь үргэлжлүүлж, бидэнд үлдээсэн хурдан буяныг уяж, уралдуулж явна. Адууны угшлын хувьд аавын минь уяж, уралдуулж явсан унаган хүлгүүдийн үргэлжлэл. Тухайн үед адууг ачиж уралдуулж байсан биш. Аав минь наадамд зургаан насны морь уядаг, нутгаасаа гадна зэргэлдээ аймаг, сумын наадамд уралдуулдаг байсан. Одоо цаг сайхан болж, техник хөгжсөн. Уяачид адуугаа тэжээдэг болсон. Мөн автомашинд ачиж энд тэндхийн наадамд шандсыг нь сорьж байна. Тийм болохоор аавынхаа хийж чадаагүйг гүйцээж, нэгэн цагт уяж уралдуулж, шандсыг үзэж магнай тэнийн наадаж явсан хурдан хүлгүүдийг нь улсын наадамд уралдуулж, нэрийг нь гаргаж яваадаа баяртай байдаг. Манай адуунаас халхын наадамд хэд хэдэн айраг, түрүү авч сайхан уралдаж байна.
-Тухайлбал?
-Халтар халзан гэж сайхан хүлэг бий. Мөн шуурган хонгор байна, 2010 оны Хэнтийн бүсийн наадамд түрүүлж байсан. Удмын хувьд эх тал нь ч, эцэг тал нь ч манай унаган адуу, Халзангийн Ноогийн хурдан хонгорын угшил юм. “Сайхан монгол даага -2011” наадамд Завханы Отгонбаатар гэдэг залууд өгсөн манай хонгор даага түрүүлж байсан. Жижиг наадмуудад уралдахад айраг, түрүү ер нь алгасахгүй шүү.
-Танайх хаагуур нутаглаж байна?
-Хар худаг гэдэг газар нутагладаг. Ихэнхдээ аймгийнхаа төвд байна.
-Багадаа хурдан морь унаж байв уу?
-Айлын бага нь болохоор уналгүй яах вэ. Манай ах нар ч унаж байсан.
-Аавын тань морь уяж ирсэн “школ”, нэг үгээр хэлбэл Ноо гэдэг хүний арга барил танд өвлөгдсөн болов уу?
-Тэгэлгүй яах вэ. Уяач болгон адилгүй, өөр өөрийн гэсэн өвөрмөц арга барилтай. Аавыгаа дагаад морь унаж ч, уралдуулж ч байлаа. Миний аав моринд нүдтэй, нутаг усандаа морь сайн таньдаг гэж хүндлэгддэг хүн байсан.
-Та хэдэн оноос морь уясан бэ?
-1994 оноос морь уяж, тэр жилийн наадамд үрээ айрагдуулсан. 1995 онд соёолон түрүүлүүлж, 1997 онд хязаалан айрагдуулж, Хэнтийн бүсийн наадам, Эрдэнэцагаан суманд болсон Егүзэр хутагтын наадамд соёлон азарга түрүүлүүлж байлаа.
-Танай аймгийн наадам хэзээ болох вэ?
-Түрүү жил аймгийн 70 жилийн ой тохиосон болохоор долдугаар сарын сүүлчээр наадсан. Энэ жил улсын наадамтай давхцаж байгаа. Гол нь улсынхаа наадамд морио уралдуулах гэж зорьж ирлээ.
-Улсын наадамд анх удаа ирж байна уу?
-90 жилийн ойгоор ирсэн. Энэ жил хоёр дахиа ирж наадаж байна.
-Одоо морьдоо уралдуулъя гэж зорьж байгаа наадам бий юү?
-Буцах замдаа Хэнтий аймагт болох бүсийн наадамд уралдуулна. Улсын наадамд ирэхдээ морьдоо давхар уяж ирсэн юм.
-Та бүхэнд амжилт хүсье. Морьд хурдан, олон айраг түрүү авч, сайхан наадаарай.