Ч.ГАНТУЛГА

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын авьяаслаг охин Б.Амаржаргалтай ярилцлаа.

 

-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Б.Амаржаргал гэдэг. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд амьдардаг. Энэ жил 10 жилийн сургуулиа төгссөн. Удахгүй хотод очиж оюутан  болно.

-Мэргэжлээ сонгосон уу?

-Инженер болохыг хүсч байгаа. Мэдлэгтэй, мундаг боловсон хүчин болоод эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гэж боддог.

-Их мундаг бүжиглэдэг юм билээ. Яагаад бүжигчин болж болохгүй гэж?

-Дуулах бүжиглэх нь миний хобби. Чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлж, бүжгээр хичээллэдэг. Бүжиг надад сайхан, сэтгэл ханамжийг бэлэглэдэг. Түүнээс биш миний ирээдүйн мэргэжил гэж бодохгүй байна. Гэхдээ урлагаа орхихгүй гэж бодож байгаа. Цаг заваараа илүү олон бүжиг, дуу сурах төлөвлөгөө бий.

-Сэлэнгэ аймгийн унаган охин төрөлх нутгийнхаа юугаар нь илүү бахархдаг вэ?

-Би Сэлэнгэ аймагт төрж, өссөндөө үнэхээр их баярладаг. Манай нутаг өргөн уудам тал нутагтай, байгалийн үзэсгэлэнт, дурсгалт газар олонтой. Хүн ард нь сайхан сэтгэлтэй шүү. Амуу тариагаараа алдартай. Монгол Улсын үр тарианы тодорхой хувийг хангадаг. Мөн Орхон гол, Тужийн нарс, Ээж мод зэрэг хүн бүхний сайн мэдэх олон газар бий. Зун цагт манай нутагт олон жуулчид ирдэг. Түүхийн дурсгалт газруудаар аялдаг. Тэр бүрт төрөлх нутаг, Монгол Улсаараа бахархдаг.

-Танай Сэлэнгийн залуучууд чөлөө цагаа яаж өнгөрөөдөг вэ?

-Ганцхан манай нутаг гэлтгүй хөдөө орон нутгийн сумдууд хөгжиж байгаа гэж бодож байна. Бид хотын залуусаас юугаар ч дутдаггүй. Адилхан цахим ертөнцөөр аялж, дэлхийн сонин сайхантай танилцаж байна. Бидэнд бүх боломж нээлттэй болсон. Манай нутгийн залуус бусадтай адилхан чөлөөт цагаа өнгөрөөдөг.

-Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар хэр олон бэ?

-Наадах чинь хамгийн хүндрэлтэй асуудал. Бидэнд чөлөөт цагаа өнгөрөөх газар арай ховор байна. Найзуудаараа нийлж спортоор хичээллэх заал, зугаалах цэцэрлэгт хүрээлэн дутмаг.

-Энэ асуудлыг яаж шийдвэл зүгээр вэ?

-Бид зүгээр суухыг хүсээгүй. Үе тэнгийн залуус нийлээд чөлөөт цагаа зөв өнгөрөөх клуб байгуулсан.

-Танай клубын үйл ажиллагааг сонирхоё?

-Бид хамгийн түрүүнд өөрсөддөө тулгамдаад байгаа асуудлыг ярилцдаг. Яаж зөв шийдвэрт хүрэх, яаж төрөлх нутгийнхаа хөгжилд багахан ч болтугай хувь нэмрээ оруулах вэ зэрэг олон сэдвээр ярилцаж, санал бодлоо хуваалцдаг. Өөрсдийнхөө чадах хэрээр бүтээн байгуулалт хийе гэж төлөвлөж байгаа.

-Албаны хүмүүс залуусаа хэр дэмжиж байна?

-Бид тодорхой хугацааны дараа санал хүсэлтээ илгээнэ. Залуусынхаа дуу хоолойг сонсоно гэдэгт итгэж байна. Удахгүй манай нутаг улам цэцэглэн хөгжинө. Залуу хүний хувьд, энэ нутгийн залгамж халаа болох ирээдүйн боловсон хүчний хувьд өөрийнхөө хувь нэмрийг оруулмаар байна.

-Бидний эмээ өвөө, эцэг эх одооны хүүхдүүд залхуу болчихсон, бэлэнч­лэх сэтгэлгээтэй гэж зэмлэх нь байдаг шүү дээ. Залуу хүний хувьд хөдөлмөрлөхийн тухай ямар бодолтой явдаг вэ?

-Бэлэнчлэх сэтгэлээ давамгайлсан гэдэг нь үнэн байх шүү. Учир нь тэртээ тэргүй бүх зүйлийг нь бэлдээд өгчихдөг болсон. Хоол хийсэн ч гурилыг нь зуураад, элдээд, хэрчээд зарна. Мөнгөтэй л бол өөрийнхөө гараар хоол хийж идэх шаардлагагүй болчихсон. Гэхдээ бүх зүйлийг бэлэнчлэх нь муу л даа. Залуусыг өөрийнхөө хүчээр хөдөлмөрлөж, амжилтад хүрээсэй гэж  уриалмаар байна. Их сургуульд орсон ч сурлага муутай ч мөнгөтэй айлын хүүхдүүд хэзээ ч сургуульгүй хоцордоггүй шүү дээ. Бид ирээдүйн их Монголын эзэд.

-Залуучууд архи тамхи хэрэглэж, цэнгээний газраар орох нь ихэссэн шүү дээ. Танай нутгийн залуус яадаг вэ?

-Найз нөхдөөрөө уулзаж, хааяа гадуур гарахыг үгүйсгэхгүй. Залуу хүн бүхэн зугаацаж  цэнгэдэг. Гэхдээ аливаа зүйлийг хэмжээ хязгаартай хэрэглэх нь зүйтэй гэж боддог. Биеэ авч явах тэнхээтэй байх хэрэгтэй шүү дээ. Цэнгээний газар ууж идэхдээ биш алжаалаа тайлж бүжиглэх гэж орох нь чухал байх. Тиймэрхүү газар тасарч унатлаа согтууруулах ундаа уусан залуус муухай харагддаг.

-Мөнгөний үнэ цэнийн тухай ямар бодолтой явдаг вэ?

-Аав ээж минь биднийг өсгөхийн төлөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөдөг. Би эцэг эхийнхээ хүч хөдөлмөрөөрөө олсон мөнгөөр нь хэнээс ч дутахааргүй сурч, боловсорч байгаа. Тиймээс мөнгөний үнэ цэнийг мэдэх хэрэгтэй гэж боддог. Эцэг эхийнхээ зовж олсон мөнгийг зүгээр л цаас юм шиг үрж болохгүй. Гэхдээ мөнгө хүний амьдралын утга учир гэж боддоггүй. Мөнгөөр аз жаргалыг, гэр бүлийг, хайр сэтгэлийг худалдаж авч болохгүй шүү дээ. Мөнгө зүгээр л хэрэгцээ. Мөнгийг үнэнч шударгаар, өөрийнхөө хүч хөдөлмөрөөр олох ёстой гэж боддог.

-Хэрвээ чамд өндөр цалин амлаад гадаадад ажиллаач гэсэн санал ирвэл яах вэ?

-Би Монголдоо ээж, аавынхаа хажууд ажиллаад, амьдрахыг илүүд үзэх байх. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж чадвал хангалттай цалин аваад ажиллаад амьдрах боломж байгаа гэж бодож байна.

-Залуус гадаадад гарч ажиллаж, амьдрах сонирхолтой байдаг шүү дээ?

-Яагаад заавал эх орноосоо явах хүсэлтэй байдаг нь тодорхой шүү дээ. Цалингаа голдог байх. Гэхдээ явсан ч эргээд эх орондоо ирдэг байгаасай. Яагаад заавал хүний нутагт хар хөдөлмөр хийж, бусдын боол болж, эрүүл мэндээрээ хохирч амьдрах ёстой гэж. Эх орны минь газар нь хүртэл зөөлөн ээлтэй гэдэг байх аа.

-Залуу хүн ухамсар ямар байх хэрэгтэй вэ?

-Ах захаа мэддэг, ахмад буурлууддаа хүндэтгэлтэй харьцаж чаддаг байх хэрэгтэй. Аливаа зүйлийг уураар биш ухаанаар шийдэх нь зүйтэй.

-Эх орны ирээдүй болсон залуухан бүсгүйтэй ярилцаж байгаагийн хувьд эх орон минь үнэхээр хөгжиж байна уу гэж асуумаар байна?

-Манай улс хөгжиж байгаа. Залуу, чадварлаг боловсон хүчин олон болсон. Дэлхийн улс орнуудтай өрсөлдөхүйц өндөр хөгжилд хараахан хүрээгүй байгаа ч удахгүй тэр сайхан цаг ирнэ гэдэгт итгэдэг шүү.

-Ирээдүйн зорилгоо хуваалцаач?

-Эх орон, ээж аавынхаа нэрийг гаргасан сайн хүн болмоор байна. Түүний тулд сургуульдаа сайн суралцаж, чадварлаг боловсон хүчин болох хэрэгтэй. Үүний төлөө би хичээх болно.