1935-2005

Н.БАТМӨНХ

 

Ж.Чойжилсүрэн Архангай аймгийн Өлзийт сумын хоёрдугаар багийн нутаг Ямаат гэдэг газар малчин ард Жалбуугийн хүү болон 1935 оны модон гахай жил төржээ. Ж.Чойжилсүрэн 15 настайгаасаа сумынхаа наадам, орон нутгийн овоо тахилгын наадамд зодоглон бөх болох гараагаа эхэлжээ. 1951 онд сумынхаа наадамд 16 настайдаа түрүүлж сумын заан цол хүртсэн нь түүний үндэсний бөхөөр барилдах урмыг хөгжөөсөн анхны амжилт байв. Тэрээр удалгүй сургууль соёлын мөр хөөж хот газар барааджээ. Хотод ирээд Б.Түвдэндорж аваргад шавь орж бөхийн гараа дэвээ, мэх заалгаж эхэлжээ.

Ж.Чойжилсүрэн ХААДС-ийн зоотехникч мэргэжлээр суралцаж байхдаа 1957 оны улсын баяр наадамд анх удаа зодоглож 512 бөхөөс дөрөв давж, тавын даваанд энэ наадмын онцлог болсон улсын цолгүй 12 бөх үлдэж хоорондоо оноолтоор барилдахад Төв аймгийн Мөнгөнморьтын А.Нагнайдоржтой таарч барилдан өвдөг шорооджээ. Ж.Чойжилсүрэн арслангийн улсын чанартай баяр наадмуудад барилдсан он дарааллын амжилтаас дурдвал:

1958 оны улсын баяр наадамд цэргийн арслан цолтой барилдаж найм давж үзүүрлэн улсын заан цол авчээ. Дараа нь Монголын залуучууд оюутны анхдугаар наадамд аймаг, нийгэмлэгүүдээс шалгарсан 37 бөх тойргийн журмаар барилдахад наймдугаар байр эзэлсэн амжилтаар өсөн нэмэх чимэг хүртжээ.

1959 онд улсын баяр наадамд долоо давж улам өсөх чимэг.

1960 онд зургаа давж улам өрнөн өсөх чимэг.

1961 онд Монголын бүх ард түмний анхдугаар спартикиад болж, аймаг нийгэмлэгүүдээс шалгарсан хүчит 28 бөх тойргийн журмаар барилдаж Ж.Чойжилсүрэн заан 25 давж тэргүүн байр эзэлж Монгол Улсын арслан цол хүртжээ.

1961 онд дөрөв давж Баянхонгор аймгийн харьяат Пүрэвийн Нямжанцан начинд унажээ.

1962 онд найм давж үзүүрлэж өсөх идэр чимэг.

1963 онд долоо давж бат суурьт чимэг.

1964 онд тав давж уран мэхт чимэг.

1965 онд тав давж бат хүчит чимэг.

1967 онд тав давж олныг баясуулагч чимэг.

1969 онд тав давж харьшгүй хүчит чимэг.

1970 онд тав давж чин зориг чимэг авснаас гадна улсынхаа баяр наадамд 37 жил зодоглож 1971, 1972, 1975, 1976, 1980 онуудын баяр наадамд дөрөв давж 1966, 1968, 1977, 1979, 1981, 1983, 1984, 1986, 1987, 1988, 1989, 1993 мөн 1993 оны Монголын нууц товчооны 750 жилийн ойн номын баярт тус тус гурав давжээ. 1992, 1993, 1994, 1995 онуудад хоёр, 1991 онд нэг давсан байна. Харин 1973, 1974, 1978, 1982, 1985 онуудын баяр наадамд барилдсан эсэх нь тодорхой биш юм. Ж.Чойжилсүрэн арслан аймгийнхаа 40 жилийн ойн баяр наадамд очиж барилдан Өвөрхангайн Цэрэндонойн Санжаа заанд унаж үзүүрлэж байлаа.

Мөн Улаанбаатар хотын болон улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаануудад зодоглож дээгүүр амжилт гаргаж байв. Арслан Ж.Чойжилсүрэн өрж зогсдоггүй, ялимгүй бөхийсөн босоо зогсолттой, үргэлж урагшаа давшиж, энэ үедээ зодогны хоёр ханцуйг дотогш нь шамлаж явдаг зантай, цэрвүү буюу барьцгүйгээр цохьдог, дархан мэхтэйн дээр суйлах, хав барьцнаас тонгорох, хий мурих мэхүүдтэй, уужуу сийрэг, уян зөөлөн барьцтай хийсэн мэх нь даацтай бөх юм. Барьцгүй цохих мэхээ хийвэл өрсөлдөгч бөхөө унасан эсэхийг харахгүйгээр шууд дэвээд явчихдаг нь арслангийн нэг онцлог юм. Ж.Чойжилсүрэн арслан даруу төлөв, шударга шулуун зан харьцаатай, тэр үеийн бөхийн хүрээнийхэн “Чойжоо” гэж хүндэтгэн дууддаг манай ахмад алдартай бөхийн нэг байлаа. Ж.Чойжилсүрэн арслан зоо техникчийн мэргэжил эзэмшсэн ба биеийн тамирын дасгалжуулагч багшаар олон жил ажиллаж залуу бөхчүүдийг сурган бэлтгэх үйл хэрэгт асар их хүч хөдөлмөрөө зориулсан хүн юм.