Д.НАДМИД
Ердөө хоёрхон хоноод дэлхийд ганцхан Монгол наадам эхэлнэ. Уяачид хурдан хүлгээ хурдлуулах гэж нойр хоолоо хасан шамдаж, тавьсан сум нь байгаа алдаж үзээгүй мэргэчүүл эрхийгээхөвчилж, нумаа эвшээлгэн нартай мэндэлж, хүчит бөхчүүд бэлтгэл сорилгоо гүйцээгээд наадмаа зорьж буй үе боллоо.
Наадамчид, бөх сонирхогчид энэ жилийн наадмаар хэн гэдэг аавын хүү улсын шинэ цол хүртэх бол, тэднээс хэн нь түрүүлэхэв гэсэн яриа өрнүүлж дор бүрнээ таавраа дэвшүүлж байна. Тэр дотор ид барилдаж байгаа Сэлэнгийн Г.Эрхэмбаяр, Хөвсгөлийн Х.Мөнхбаатар, Увсын П.Бүрэнтөгс, Б.Ганбат_, Говьсүмбэрийн Д.Азжаргал, Өвөрхангайн Д.Ганхуяг нарын улсын зургаан залуу арслангийн тухай яриа гол байртай байна. Өмнөх үед зургаан залуу зааны хэн нь бол гэдэг байсантай л адил юм даа. Шижигнэсэн үе тэнгийн улсад түрүүлсэн бол түрүүлсэн, үзүүрлэсэн бол үзүүрлэсэн тэдний хэн нь түрүүлж аварга цол хүртэхийг таахад бэрх. Гэхдээ хамгийн магдалалтай нь Сэлэнгээр овоглодог Гунаажавын Эрхэмбаяр арсланг гэж олон хүн хэлж байгаа юм. Уржнан түрүүлж арслан болсноосоо хойш оролцсон түүнийг олонхи барилдаан түрүүлсэн бяр хүч нь тэгшхэн буй гэж бөх сонирхогчид ам булаалдан хэлэлцэх нь нэгийг санагдуулна.
Тэр сүүлийн үеийн барилдаанд төдийлэн үзэгдсэнгүй, зодоглосонгүй нь хүчээ нөөж, мэх юугаа бэлдэж байгаа биз. Түүнийг энэ жил түрүүлж Сэлэнгээс төрсөн анхны аварга болно гэж амтай бүхэн ярих нь цагаан хэл ам биш ерөөл болох болтугай л. Өнгөрсөн наадмаар аймгийн арслан цолтойдоо ид хаваа гайхуулан цоорхой түрүүлсэн Увсын бөх П.Бүрэнтөгс арслан ч найдварын нэг л дээ. Тэр наадмын одтой бөх. Дахиад түрүүлэхэд нь хэн ч гайхахгүй л байх. Даян аварга Г.Өсөхбаяр үзүүр, түрүүнд зогсож байх магадлал бий. Түүнд дархан аварга цолыг хуулиар биш хүч бяраар авах чадал байж л байгаа шүү дээ. Арслан Х.Мөнхбаатар, Б.Ганбат, Д.Ганхуяг нар туршлага зааж ямартай ч шөвгөрнө болов уу. Харин тэднийг яг түрүүлчихнэ гэж хэлэх хүн цөөн байгаа. Залуу арслангуудын ард хэнийг нь яаж унагах вэ гэдгээ бодож суугаа нэг бөх бол залуу аварга С.Мөнхбат. Тэр хашир, хэнтэй яаж барилдахаа сүрхий тооцоолдог бөх. Харин ноднин дөрвийн даваанд гэнэдэж од нь гийсэн П.Бүрэнтөгст өвдөглөсөн. Энэ унаа нь түүнд ихийг “хэлсэн” байж таарна. Аргагүй л хүний санаагүй барилдаан гаргадаг, мэхэнд үлдэцтэй нь онцлог бөх дөө.
“Дотор хүн”” дээ тэр.
-Мөнхбат аа чи түрүүлж даян аварга болно шүү гэж л захиж буй байлгүй. Увсынхан сүүлийн гурван жилийн наадмын түрүүг авч болсон юм чинь дөрөв болгоно гэсэн санаатай байгаа байх. Тэгвэл түрүүлэх магадлалтай өөр нэг бөх нь Архангайн Ч .Санжаадамба. Элдэв юм гаргалгүй, сэтгэл зүйгээ зөв жолоодож, тооцоотойхон үзвэл түүнийг хазайлгах бөх ховор байж болно. Наадмын өм дутдагаа бодож заслаа сайн хийлгэвэл тэр аймгийнхаа 90 жилийн ойд очихдоо арслан гэж цоллуулж мэдэх л юм даа.
Мөн Хөвсгөлийн бөх, улсын харцага Ц.Содномдоржийг цолоо ахиулах байх гэж ярьж байгаа. Харцага цолоо л лав өөрчлөх нь мэдээж байх. Харин үзүүр түрүүнд үлдэнэ гэдэг Ц.Содномдоржийн барилдахаас илүү хэлэхэд ч хэцүү юм. Ч.Санжаадамба, Ц.Содномдорж нар долоогийн даваа хавьд тунах магадлал бий. Бас Булганы бөх улсын заан М.Өсөхбаяр, улсын начин Э.Энхбат, Говь-Алтайн гарьд Н.Ганбаатар нарын “дайснууд” гэж саад хүлээж байх.
М.Өсөхбаяр гэхэд “Би энэ жил түрүүлнэ” гэж зоригтой хэлсэн удаатай. Энэ үгээрээ өөрийгөө хурцалж тэсрэлт хийхэд үгүй гэх газаргүй л дээ. Явц дунд даваа ахиулаад өгчих бөхчүүд ч Булганд бий. Гарьд И.Доржсамбуу, заан Д.Баасандорж гээд л. Цаана нь улсын цол шинээр хүртэх бөхийн тоонд Баянхонгорын аймгийн арслан Б.Эрдэнэхүү, Хэнтийн Э.Оюунболд, Сэлэнгийн Б.Одгэрэл, Увсын Н.Батсуурь, Т.Баасанхүү, Говь-АЛтайн Л.Цэрэнтогтох нарыг нэрлэж байна.
Дундговийн А.Алтанхуяг арслан, Сүхбаатарын Ш.Мөнгөнбаатар нарт олон жилийн мөрөөдлөө биелүүлэхийг бөх сонирхогчид захиж байгаа юм.
Тэгэхээр шинээр цол горилон барилдахад наадмын од гэж юм л ивээдэг гэдэг. Хэний нь од гийхийг харах тэр өдөр хаяанд иржээ. Аварга төрөх магадлалтай наадам л гэж хэлээд байна даа. Хүмүүс.