Ч.ГАНТУЛГА

Хурдан хүлгээ дээдэлж, эрчит сумаа тахиж, эрэмгий бөхчүүдээ хүндэлдэг монгол зон олноос өөр эрийн гурван наадамтай үлс үгүй билээ. Дэлхийн хаана ч байхгүй энэ өв соёлоороо манай ард түмэн бахархаж, хүндэлж ирсэн түүхтэй. Хүү төрвөл бөх болно, хүлэг төрөхөд шандастай болно гэж бэлгэшээдэг монголчууд тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жилийн ойн их баяр наадамтайгаа золголоо. Жил бүрийн наадам урианхай сурын харваагаар эхэлдэг. Энэ жил ч энэхүү уламжлалаа даган урианхай сурын харваагаар Монгол наадам эхэлсэн юм. Эмэгтэй хүн урианхай сур харвахыг цээрлэдэг. Сурын талбайд очиход харваачид бэлтгэлээ хийж сум тавина. Энэ жилийн наадамд өмнөх жилээсээ олон харваач бүртгүүлжээ. Нийт 230 гаруй харваач цэц билэг, ур ухаанаараа уралдлаа. Баян-Өлгий, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл зэрэг манай орны өнцөг булан бүрээс харваачид иржээ. Тэдгээрийн 70 гаруй хувийг залуу харваачид эзэлж байна. Харвааны үндсэн гурван төрөл байдгаас эртний язгуур шинжээ хадгалан үлдсэн нь урианхай сурын харваа юм. Дотор нь мөсний болон газрын хэмээн  хоёр ангилдаг. Шинийн гуравны билэгт сайн өдөр мөсөн дээр харвадаг уламжлалтай аж. Урианхай сурыг өвөг сум хэмээн бэлгэшээдэг. Учир нь МЭӨ III, IV-р зууны үеэс үүссэн гэж үздэг. Тухайн үедээ ан гөрөө хийх, биеэ хамгаалах зорилгоор уламжлалт хавчаахай хэмээх нум сумыг хэрэглэдэг байжээ. Энэ нь анхны нум сумны үүсэл юм. Сум нь 90-100 см урт, 1.1-1.3 см хөндлөн голчтой, 50-60гр жинтэй. Эвэр сумыг нь хар модоор хийдэг. Урианхайчууд эрт дээр үед нум сум харвааны тэмцээн зохиодог байж. Түүнд зэв нүүлгэх, бөмбөг намнах, Саранбай харвах  зэрэг эртний ёс уламжлалтай харвааны төрлүүд багтдаг байсан нь өнөөгийн сур харвааны үндсэн хөшүүрэг хэмээн үздэг. Урианхай сурын байг чих хэмээдэг. Энэ нь 350-400 кг жинтэй, бөмбөг хэлбэртэй. Сурын бай нь урд хойд талдаа өтвөөгтэй, уултай. Энэ нь уулын дундах дайсныг хөнөөн устгаж байна гэсэн утгыг бэлгэддэг аж. Өтвөөгийг малын өтөг бууцаар хийдэг байна. Урианхай сурын уухайг “Хайда” хэмээдэг. Халх сурыг 75 метрээс харвадаг бол урианхай сурыг 45 метрээс харвадаг. Нэг харваач 30 сум тавина. 20-оос дээш оновол спортын мастер, түрүүлвэл улсын мэргэн цолны эзэн болох юм.