Шатрын спортоор эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж яваа их мастер А.Энхтуултай цахим шуудангаар холбогдлоо. Тэрээр Арабын нэгдсэн Эмират улсад суурьшиж Азийн шатрын холбоонд ажиллаж байгаа юм.
-Ажил тавлаг уу. Араб амьдралын хэв маягт дасах хэцүү байв уу?
- Ажил ихтэй байна. Би Арабын нэгдсэн Эмират улсын Аль Айн хотод амьдарч байна. Дубай болон Абу-Дабитай их ойрхон байдаг. Анх нүүж ирээд ямар уужуу тайван хүмүүс вэ гэж боддог байлаа. Заримдаа жаахан залхуу ч гэмээр юмуу. Усыг нь уувал ёсыг нь дагадаг учраас аажимдаа Араб амьдралын хэв маягт дасч байна.
-Таны нэг өдрийн ажил болон Азийн шатрын холбооны ажил хэрхэн өрнөдөг вэ. Цахим хаягнаас тань харж байхад олон газраар явдаг юм билээ. Азийн шатрын холбооны шугамаар монголынхоо шатарчдыг дэмжих боломж байдаг уу?
-Би дасгалжуулагчийн ажлаар өдөрт гурван цаг ажилладаг. Азийн шатрын холбооны ажил маань ихэвчлэн онлайнаар явагддаг. Азид болж байгаа томоохон тэмцээний зохион байгуулалт болон хэрэгжилтэд хяналт тавина. Ерөнхийдөө Азийн шатрын холбооны гадаад харилцааг хариуцдаг. Мэдээж Монгол руугаа чиглэсэн олон ажил хийхийг зорьж байна. Тухайлбал, Азийн сурагчдын аварга шалгаруулах тэмцээнийг монголдоо зохион байгуулах эрхийг олгох талаар санал солилцож байгаа. Мөн Арабын нэгдсэн Эмират улсад зохиогдож байгаа тэмцээнүүдэд болж өгвөл монголоос шатарчдыг түлхүү оролцуулах, өөрийн эрхийн хүрээндээ нэг тамирчны байр хоолны зардлыг даах зэрэг ажлуудыг хийж байна. Заримдаа монголынхоо шатарчдын хүсэлтээр Азид болж байгаа тэмцээнүүдэд байр хоолны асуудлыг хөнгөлөх зэрэг ажлыг өөрийнх эрхийн хүрээндээ хийж, тусалж байна. Манай шатарчдын хувьд тэмцээнд явахад тулгардаг гол асуудал бол зардал байдаг. Би ч бас шатарчин учраас өөрөө энэ зовлонг ойлгодог. Тиймээс аль болох боломжоороо ямар ч үед монголынхоо шатарчдад чадах чинээгээр туслахад бэлэн. Энд ажилласнаар олон зүйлийг ойлгож байгаа. Олон улсын байгууллага учраас гадаад хүн олонтой. Орон, орны хүмүүсийн ёс заншил гээд асуудал их бий. Хүнтэй харьцахаас эхлээд их зүйлийг суралцаж байгаа.
-Монгол хүн анх удаа Азийн шатрын холбоонд уригдлаа. Өндөр шаардлага тавьсан байх?
-Намайг 2013 онд Арабын нэгдсэн Эмират улсад тэмцээнд оролцохоор очиж байхад анх ажиллах боломж байгаа гэдгийг хэлж байсан. Тэгээд 2015 оны хоёрдугаар сард намайг урьж, дөрөвдүгээр сарын 1-нээс ажилдаа орсон. Шаардлага мэдээж өндөр. Би өмнө нь олон улсын томоохон тэмцээнүүдэд хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан нь одоогийн албан тушаалд ажиллахад нөлөөлсөн боловуу. Бас орос, англи хэлээр ярьдаг, хятадаар боломжийн хэмжээнд ойлгодог маань давуу тал байх.
-Манай улсад болсон дэлхийн шатрын олимпиадын үеэр дэлхийн их мастерууд монгол хүүхдүүдийг их сонирхож, Ираны багийн дасгалжуулагч “Сайн бэлтгэж дасгалжуулбал дэлхийн их мастер болох хүүхэд цөөнгүй байна” гэж хэлж байсан. Таны бодлоор монголд шатрын хөгжил хэр байна вэ?
-Монголын шатрын хөгжил сүүлийн жилүүдэд маш эрчимтэй байна. Ялангуяа эх орондоо олон улсын томоохон тэмцээнүүдийг зохион байгуулах нь манай шатрын хөгжилд маш их тустай. Манай улсын өсвөрийн шатарчид олон улсад маш хүчтэй өрсөлдөж байгаа. Энэ нь мэдээж монголын шатарчдын нэр хүнд Ази болон дэлхийд өсч, хүчээ авч байгаагийн илрэл юм.
-Та есөн настайгаасаа эхэлж шатраар хичээллэсэн. Энэ спортод орж, амжилт гаргахад нас чухал байдаг уу?
- Шатрын спортыг аль болох бага наснаас эхэлж тогловол илүү сайн байдаг боловуу. Миний хувьд бусад шатарчдыг бодоход их оройтож хичээллэсэн. Одоо бол хүүхдүүд гурван настайгаасаа шатар тоглож сурч байна. Ерөнхийдөө 4-5 настайгаасаа эхэлбэл боломжийн үе байдаг. Түүнээс 20 наснаасаа эхэлж шатар тоглоод амжилтад хүрэхгүй.
-Та өмнө нь эрэгтэйчүүдийн их мастер болохийг зорьж байна гэж хэлж байсан. Одоо ямар зорилготой ажиллаж байна вэ?
- Эрэгтэйчүүдийн их мастер болохыг мэдээж хүсдэг. Одоохондоо ажил ихтэй учраас өмнөх шигээ тэмцээнд оролцоод байх боломж арай бага. Гэхдээ зорилгоо орхиогүй. Заавал хүрнэ. Одоогийн байдлаар ажилдаа түлхүү анхаарал хандуулж байна. Дасгалжуулагчийн ажил минь бас их чухал учраас бэлтгэж байгаа хүүхдүүдийг олон улсын түвшинд амжилтад хүргэхийн төлөө ажиллах нь гол зорилго.
-Эх орон, гэр бүлээ мэдээж санадаг байх. Цахим ертөнцөд идэвхтэй харагддаг. Монголд өрнөж байгаа цаг үеийн мэдээллийг цаг алдалгүй авдаг биз дээ?
-Төрсөн нутаг, гэр бүлээ их санаж байна. Интернэт хөгжсөн учраас бас гайгүй. Ажил маань ихэвчлэн онлайнаар харилцах шаардлагатай учраас цахим ертөнцөд идэвхтэй байж төрөл бүрийн мэдээллийг авч байдаг.
-Монголдээ хэзээ ирэх вэ. Ирээд юу хийхийг хүсч байна вэ?
- Энэ ажлаа дуусгаад очих л байх даа. Зун амрах гэж монгол руугаа явсан. Их гоё байсан. Монголдоо очоод ямар ч байсан хамгийн түрүүнд олон улсын стандартад нийцсэн шатрын сургалтын төв байгуулна гэж боддог. Тэгээд дараагийн төлөвлөсөн ажлуудаа хийнэ дээ.
-Чөлөөт цаг хэр гардаг вэ. Хэрхэн өнгөрөөж байна вэ?
-Тэмцээн уралдаан зохион байгуулах эсвэл тэмцээнд хүүхдүүд дасгалжуулахад чөлөөт цаг бараг гардаггүй. Энэ сараас эхлэн араб хэлний сургалтад суух гэж байгаа. Ажлаас маань албан ёсоор сургалтад суухыг зөвлөсөн.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин