Д.ЖАВХЛАН

Куба улсын дасгалжуулагч Хорхе Луис Фромета Мата ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төвийн урилгаар манай улсын боксын хоёрдугаар шигшээ багийг дасгалжуулахаар ирсэн юм. Тэрээр өмнө нь Шриланк, Сири зэрэг орны шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан туршлагатай нэгэн. Түүнтэй ярилцлаа

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай оронд ирсэн зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Би Монголын спортын бэлтгэлийн төвийн урилгаар танай боксын эмэгтэй болон залуучуудын хоёрдугаар шигшээ багтай дөрвөн сарын хугацаанд хамтран ажиллахаар ирсэн. Ирээд нэг хонож байгаа ч Монголын байгаль, хүмүүсийнх нь зочломтгой зан чанар намайг соронз мэт татаад эхэлчихсэн.

-Та Монголын шигшээ багтай хамтран ажиллах урилгыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Мэдээж таатай хүлээж авсан. Монголын ширэн бээлийтнүүдийн ур чадвар, авьяас, арга барилыг өөрийн сурсан эрдэмтэйгээ хослуулахад ямар ч бэрхшээл гарахгүй болов уу. Танай боксын спортын хөгжил дэлхийд өндөр үнэлэгдээд удаж байгаа болоод тэр. Монголд ирээд анхныхаа бэлтгэлийг хийх үеэр та ирж таарлаа. Харж байгаа биз. Танхим дүүрэн тамирчин амрах сөхөөгүй ажиллаж байгааг. Манай шавь нарын хөдөлмөрч, эрч хүчтэй байдал нь надаас ажлын их ур чадварыг нэхэж байгаа юм. Би тэдэнд өөрт буй бүх эрдмээ зориулна.

-Монголын боксын бэлтгэлийн төвд сургалт явуулах орчин нөхцөл нь хэр байна вэ?

-Надад танхим дүүрэн тамирчин хөлс гаргаж байхад л хангалттай. Кубын шигшээ багийн тамирчдын бэлтгэл хийх хэрэглэл материал, ахуй хангамж тийм ч сайн биш. Тийм хэдий ч амжилт гаргасаар л ирсэн шүү дээ. Шалтгаан нь маш энгийн. Аливаа спортын хөгжих үндсэн хөрс суурийг зөв чиглүүлж, түүнийгээ бат бөх хадгалах нь юу юунаас чухал.

-Би таныг 1980-аад онд Кубын рингэнд тулалдаж байхыг мэдэх юм. Нэгэн үе улсынхаа шилдэг боксчин явсан та олон улсын тэмцээнд яагаад оролцоогүй юм бэ?

-Кубын өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд түрүүлж байсан. Та намайг олон улсын рингэнд тулалдаж байхыг хараагүй хэрэг үү. Би хоёр ч тэмцээнд оролцсон шүү. Гэхдээ бурхан надад тулалдахаас илүү дасгалжуулах авьяасыг харамгүй өгсөн бололтой. Үүнд би сэтгэл ханамжтай явдаг юм.

-Тамирчин байх үеэ эргэн дурсвал?

-Би 1993 оноос тамирчныхаа карьерыг өндөрлүүлсэн. Миний гаргасан амжилтыг хэн ч дутуу үнэлэхгүй. Кубын аварга цолыг хэн дуртай аавын хүү аваад байдаггүй юм. Гэтэл надад Кубын аварга хэмээх алдрын үнэмлэх, тэмдэг хэд, хэд байна. Иймд би тамирчны хувьд гаргасан амжилтдаа сэтгэл өег байдаг шүү.

-Гэхдээ л рингэнд ганц шилдэг нь үлддэг бус уу?

-Миний үед тулалдаж байсан Кубын боксчин бүр шилдэг. Ер нь хүн боксоор хичээллэх сонголтоо тийм ч амар хийгээд байдаггүй л дээ. Тэгэхээр рингэнд тулалдаж буй хүний эр зоригийг арай өөр түвшинд харьцуулах боломж байдаггүй ч юм шиг. Тэгэхээр, боксын ширэн бээлийг зүүсэн хүн бүр шилдэг нь гэж би боддог.

-Та куба, монгол боксчдын ур чадварын онцлогийг олж харав уу?

-Тэд тив тивээсээ онцгойрч гарсан шилдэг тулаанчид. Товчхондоо куба тамирчин уйгагүй хөдөлмөрч. Монгол тамирчин байгалиас заяасан их авьяастай. Гэхдээ аль аль чанар нь шингэсэн тамирчид бий. Гагцхүү миний хэлээд буй энэ давуу талууд надад арай илүү мэдрэгдсэн. Монгол боксчин өөрийнхөө хүч бололцоог мэдрэхдээ сайн. Түүнийгээ гаргахдаа ч мөн гаргууд юм даа.

-Манай боксчид Кубын ширэн бээлийтнүүдтэй дэлхийн аварга, олимпийн дэвжээнд олон таарч ялж, ялагдсан тоо нь ойролцоо болов уу. Бид Куба тамирчдын юунаас болгоомжлох ёстой вэ?

-Та нарт Куба тамирчныг ялах ганц л зам бий. Хамгийн гол нь тэдэнтэй хамтарсан бэлтгэлийг ойр, ойрхон хийх. Монголчууд аливаад дасан зохицох чадвараараа илүү байдаг шүү дээ. Мөн тамирчдын тулааны үеийн бичлэгийг уйгагүй нягтлах хэрэгтэй.    

-Монголын ширэн бээлийтнүүд Кубын боксчдыг аль хэр айлгадаг вэ?

-Манай шавь нар олимпийн өмнө Монголын боксчдын бичлэгийг үргэлж үздэг. Энэ нь тэдэнд өгөх хангалттай үнэлгээ байх, тийм үү.

-Таныг манай шилдгүүдийн эсрэг тулалдах залуу сайн боксчинг бэлдэх гэж байгаа тухай дууллаа?

-Би Монголын боксын шигшээ багийн нэг, хоёрдугаар багтай хамтарсан бэлтгэл хийнэ. Гэхдээ миний энд ирсэн гол зорилго бол хоёрдугаар шигшээгийн залуусыг шилдгүүдтэй өрсөлдөх хэмжээнд аваачих явдал. Ингэснээр шилдгийн шилдэг тамирчин ирэх олимпийн мөчлөгт гарах учиртай.

-Олон улсын боксын холбооны батлагдсан шинэ дүрмээр бол энэ жилийн дэлхийн аваргын тэмцээнээс хойш боксчид дуулгагүй тулалдана. Тиймээс таны сургалтын арга барилд өөрчлөлт орох болов уу?

-Дуулгатай боксчин рингэнд сэтгэл санааны хувьд харьцангуй тайван байж чаддаг. Дуулгагүй болоод ирэхээр хууралт, хамгаалалт, довтолгоо гээд тактикийн олон өөрчлөлт орох байх. Боксчдын довтолгооны хурд ч мөн энэ хэрээр ахина. Тиймээс боксчдоос ур чадвар гарсан сайхан тулааныг үзэгчид үзэх боломжтой гэсэн үг.

-Боксын зарим мэргэжилтнүүд кубууд тулалдах арга барилаа ОХУ-аас сурсан гэх юм билээ. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Тийм зүйл байхгүй. Куба бол Куба гэж ярих хүн цаана чинь бишгүй байна шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье?

-Баярлалаа. Дөрвөн сар гэдэг их хугацаа. Би чаддаг, мэддэгээ монгол шавь нартаа харамгүй цутгах болно.