Д.ЖАВХЛАН
Сонгодог хөгжмийн чиглэлээр Италийн Имоло хотноо Төгөлдөр хуурчдын академид суралцаж буй гоцлол хөгжимчин С.Одгэрэл өчигдөр тайлан тоглолтоо хийсэн юм. Түүнтэй тоглолтынх нь өмнө ярилцсанаа хүргэе.
-Та төгөлдөр хууртай хэзээнээс холбогдсон бэ гэдгээс яриагаа эхлье?
-Би долоон настайдаа Хөгжим бүжгийн коллежид шалгалт өгч орсон. 1993 онд Ч.Тунгалаг багшаар төгөлдөр хуурын “А” үсгийг заалгасан. Тэр цагаас хойш Ч.Тунгалаг багшийн удирдлага дор 13 жил суралцжээ. 2006 оноос Италийн Засгийн газрын тэтгэлгээр баклавр, магистрт сурах эрхийг авсан юм. Одоо “Интернешл пиано” академид мэргэжлийнхээ чиглэлээр суралцаж байна.
-Манайд мэргэжлийн бүтээлүүдээр сонгодог хөгжмийн тайлан тоглолт хийсэн уран бүтээлч ховор. Харин та Хөгжим бүжгийн коллежид “Solo recital” тоглолтоо хийлээ?
-Монголд энэ чиглэлийн уран бүтээл тавигдах нь цөөн. Миний санахаар 10 гаруй жилийн өмнө энэ чиглэлээр гадны уран бүтээлч тайлан тоглолт хийж байсан. Миний тоглолтын эхлэл хэсэгт Барокко хөгжмийг илтгэх И.С.Бахын хоёрдугаар Партита болон Классизимийн төлөөлөгч Моцартын соната К.570-аар үргэлжлилнэ. Эртний XVII, XVIII зууны дэг жаягтай хөгжмийн онцлог тэр дундаа, дундад зууны үеийн эртний бүжгийн хөгжмүүд XVII, XVIII зуунд хэрхэн мэргэжлийн хөгжимд өөрчлөгдөн тусгалаа олсныг сонсох болно. Миний тоглолтод ирсэн зарим хүнд энэ бүтээл хүнд санагдахыг үгүйсгэхгүй. Гүн ухааны өнгө аяс илүү туссан байдаг. Тоглолт 30 орчим урам бүтээлээс бүрдэнэ. Piano Solo Recital буюу гоцлол тоглолт нь үндсэндээ нэг төгөлдөр хуурч ганцаар тоглох тоглолтыг эхлүүлэх, өрнүүлэх, төгсгөх үйл явцыг тоглож буй зохиол бүтээлүүдийн уялдаа холбоо болон ур чадвар харуулдаг. Энэ нь хөгжимчнөөс мэдээж өндөр ур чадвар бэлтгэл шаарддаг.
Анх Унгарын хөгжмийн зохиолч Ф.Лист энэхүү тоглолтын хэв маягийг үүсгэсэн гэж үздэг. Үүнээс хойш төгөлдөр хуурчид үргэлжлүүлэн ганцаарчилсан гоцлол тоглолтын хэв маягийг өнөөг хүртэл үргэлжлүүлсээр байна.
Solo Recital манай хөгжим бүжгийн танхимуудаас өөр газар ер нь тоглогдоогүй санагдана.
Цөөхүүл хөгжимтэй болон оркестртой хамтарч тоглох, мөн ганцаараа тоглох нь хоорондоо мэдээж ялгаатай. Бас өөр, өөрийн онцлогтой ч гоцлол нь илүү мундаг, хамтран хөгжимдөх нь амархан гэж хэлж бас шүүж болохгүй. Энэ удаад ганцаарчилсан гоцлол тоглолтоороо өөрийгөө танилцуулах болсонд баяртай байна.
Тоглолтын маань хөтөлбөр бүхэлдээ дан хөгжим буюу мэргэжлийн төгөлдөр хуурт зориулсан бүжгийн хэмнэл, хэв шинжтэй зохиол бүтээлүүдийг үе үеэр нь холбож өгснөөрөө онцлог юм.
-Бүжгийн хэмнэлийг сонгодог бүтээлээр амилуулах нь хэр оновчтой юм бол?
-Миний тоглох Барокко хөгжмийн И.С.Бахын эхний хоёрдугаар Партитанд донж нь таарсан гэж бодож байна. Энэ хөгжим нь бүжигт зориулсан бүтээл биш. Харин бүжгийн хөгжмөөс сэдэвлэсэн мэргэжлийн уран бүтээлчдийн чадвар чансааг сорьсон сонгодог тавилт гэж ойлгож болно. Энэ бүтээлийг тоглох хүн нотыг нь даган хөгжимдөх бус тухайн он цаг, түүх шастирыг давхар судлаж уран бүтээлтэйгээ холбогдох ёстой юм.
-Энэ тоглолтыг хийхэд юу нөлөөлөв?
-Би энэ сургуулиас хөгжмийн анхны мэдрэмжээ олж авсан. Сургуульдаа хайртай учраас энэ тайзыг сонгосон хэрэг. Мөн Монголд ганц гайгүй акустиктай газар нь учраас тэр. Хөгжим бүжгийн хуучин танхим уг нь акустик сайн байдаг. Гэвч энэ удаад засвартай байж таарлаа.
-Тоглолтын төгсгөл хэсгийг арай хөнгөн байхаар төлөвлөсөн нь надад таалагдлаа?
-Та Ф.Шопены “Полонез”-ыг хэлж байна уу. Энэ хөгжим бусдаасаа арай баатарлаг өнгө аястай юм. Үүнийг сонссон хэний ч болов сэтгэл нь догдолдог.
-Эхлэл, төгсгөлийн хэмнэл нь эсрэг учир, танаас чадвар нэлээд шаардсан болов уу?
-Би тоглолтынхоо үндсэн бэлтгэлийг Италид хангасан. Мэргэжлийн уран бүтээлийн бэлтгэлийг хийхэд хамгийн гол нь цагийн нарийвчилсан график гарган түүнийгээ мөрдөх чухал. Мөн тоглох гэж буй бүтээлээ сайн бодох хэрэгтэй. Нэг ёсондоо тоглох хөгжмийнхөө дотор нь сайн орж байж төдий чинээ сэтгэл хөдлөл гаргаж чадна.
-Дараагийн тоглолтоо илүү далайцтай хийх төлөвлөгөө танд байна уу?
-Би хөгжмийн академиа төгсөөд эх орондоо хамгийн түрүүнд гоцлол хөгжмийн тайлан тоглолт хийнэ. Энэ тоглолтоо далайцтай хийхийг зорьж байна. Хамгийн гол нь мэргэжлийн уран бүтээлийг өлгийдөж авах заал танхим нь хомс байна шүү дээ. Гадны олон уран бүтээлчид манайд ирж тоглох хүсэлтэй байдаг. Танхимын акустик тааруугаас тэдний хүсэлт дарагдаад өнгөрч байгаа хэрэг.
-Тайлан тоглолтын бэлтгэл хийж байсан тайз, хөгжим өөрчлөгдөхөд бэрхшээл хэр тулгарч байна вэ?
-Төгөлдөр хуурчид бусад хөгжимчдийг бодвол сэтгэлзүйн бэлтгэл харьцангуй сайн байдаг. Бид бусдын хөгжим дээр тоглох арга барилаа урдчилан бэлдэх үүрэгтэй.
-Та мэдлэг авьяасаа Монголын хүүхэд залуучуудтай хуваалцаж байна уу?
-Би жил бүрийн зун ирж Өвөрхангайн бяцхан дүү нартаа төгөлдөр хуурын хичээл заадаг. Тэд төгөлдөр хуурынхаа хичээлд идэвхтэй оролцдог. Сурагчдынхаа нас насны онцлогт тааруулан хөгжим тоглодог болохоор тэдний хөгжим сурах эрмэлзэл нь сайн байдаг юм. Би ихэвчлэн “Жигмэд тогмид”, Маамуу нааш ир”-ын аяыг заадаг. Тэгээд цаашлаад тоглох ая хүндрэх жишээтэй. Одоогоор 10 гаруй хүүхдийг сургаж байна.
-Та уран бүтээлийн эрч хүчээ хаанаас олж авдаг вэ?
-Гадны зарим уран бүтээлчид эмнэлэг, амрамжийн газар, хорих ангиудад үнэ төлбөргүй тоглох юм билээ. Энэ нь тэдэнд сэтгэлийн том дэм болдог. Үүний хариуд тэд чин сэтгэлээсээ баярладаг. Бидэнд энэ мэдрэмж юунаас ч чухал.