1927-2002
Н.БАТМӨНХ
Самдангийн Оргодол 1927 оны туулай жил Төв аймгийн Баянбараат сумын нутагт төржээ. С.Оргодол бага залуу наснаасаа мал маллаж, эмнэг хангал эдэлгээнд сургах зэрэг мал аж ахуйн хүнд хүчир ажилд нухлагдан бяр чадал сууж эхэлжээ. Тэрээр анх сумын наадмаас эхлэн зодоглож сумын заан цол авчээ. 1954 онд Дундговь аймгийн баяр наадамд түрүүлэх санаатай ногт ганзаглан очиж барилдаад Сайхан-Овоо сумын харьяат Б.Чимэддоржид унаж үзүүрлээд аймгийн заан цол авчээ. С.Оргодол ирэх жил нь улсын баяр наадамд барилдахаар зориг шулуудаж сумын намын үүрийн даргадаа хэлж чөлөө гуйтал улсын төлөвлөгөөт тэмэээний ноос, ямааны хялгас сумын дүнгээр дутуу байна, хуулийн хугацаа хэтрээд байхад юун баяр наадам уртын ноосоо одоохон гүйцээ гэж ундууцжээ. Гэвч барилдах хүсэл нь оргилсон тэрээр хос морьтой нутгаасаа гарч нийслэлийг зорив. Баяр наадмын комиссд очиход бөхийн тоо гүйцсэн гэжээ. Гэтэл нэг засуул Нялга сумын Намсрай морь руугаа явчихсан түүний оронд чамайг барилдуулъя, харин сайн барилдаарай гээд нэрийг нь солиулж өгчээ. Тэр 1955 оны улсын баяр наадамд хуучин заншил монгол ёс бөх сугалаагаар барилдуулахад аймгийн заан С.Оргодол найм давж түрүүлж 28 насандаа Монгол Улсын арслан цол хүртжээ. Дараа жил нь зургаа давж тэр жилийн түрүү бөх Д.Дамдинд өвдөг шороодож улам нэмэх чимэг авчээ. 1957 онд зургаа давж, долоогийн даваанд Ц.Бадамсэрээжид арслантай тунаж барилдаж гүйж оронгуут толгой дээрээ гарган явуут дундуу хаях гэтэл дагуулж ачих мэхэнд нь унаж өсөх нэмэх чимэг авчээ.
С.Оргодол арслан 1958 оны хавар морь уургалж байгаад морьтойгоо унаад дөрөөндөө чиргүүлжээ. Харин хоёр гараараа мориныхоо хойд хоёр хөлийг хонгоор нь тэврэхэд морь нь хөдөлж чадахгүй зогсчээ. Тэр үед нь ойр хавьд байсан хүмүүс учраа олохгүй үймэлдэн байхад арслан “Миний хоёр хөлийг дөрөөнөөс салга. Би морио хөдөлгөхгүй байж байя” гэжээ. Тэгээд хөлөө дөрөөнөөс салангуут босч ирээд мориныхоо хойд хөлийг хажуу тийш нь шидэн зайлахад морь нэлээд зайтай нохой мэт цогнойж байсан гэдэг. Ингэж хөлдөө хүнд гэмтэл авсан нь цаашид барилдахад нь муугаар нөлөөлжээ. Тэрээр 1959 онд Монголын залуучууд, оюутны анхдугаар наадам, улсын баяр наадамтай зэрэгцэн болоход дөрөв давж Архангай аймгийн Хотонт сумын харьяат, залуу бөх Чойдонгийн Адьяаг тавын даваанд авч өвдөг шорооджээ.
Мөн 1971 онд улс хувьсгалын 50 жилийн ойн баяр наадамд урилгаар ирж барилдан хоёр давж, гурвын даваанд “Буржгар” хэмээх Санжаад унаснаар арслангийн барилдаан өндөрлөжээ. 1955 онд спортын төрөл бүрийн зэрэгтэй тамирчдыг төрүүлэх зорилгоор БНМАУ-ын спортын нэгдсэн ангиллыг батлан мөрдөж ажиллуулахад С.Оргодол арслан Монгол Улсын хүндийн өргөлтийн анхны тамирчдын нэг байсан бөгөөд 1955 онд Хятад, Монголын тамирчдын уулзалт тэмцээний үеэр 189 кг-ын туйван өргөж нэгдүгээр байр эзэлж байсан хүч, авяас бүрдсэн тамирчин байлаа. Мөн хүндийн өргөлтийн тэмцээнд хотод ирээд үйлдвэр комбинатын улаан буланд болсон нэгэн барилдаанд дархан аварга Б.Түвдэндоржтой үлдэж түрүүлж байжээ.
С.Оргодол арслан бол Төв аймгаас төрсөн нэгэн үеийн хүчтэн бөгөөд тэрээр өндөр биш, өргөн зузаан цээжтэй, богино хүзүү, урт гартай, хүч тэнхээ ихтэй, барьцгүй гүйж, давхар хамах мэхийг гарамгай сайн эзэмшсэн бөх байлаа. С.Оргодол арслан сүүн цайлган сэтгэлтэй, даруу төлөв зантай, адуу мал, атар тал нутгаа гэсэн өгөөмөр сайхан эр Баянбараат, Зоргол хайрхан уулынхаа ар, өврөөр нутаглаж таван хүүхдийнхээ хамтаар аймаг, сумынхаа наадамд морь уяж айраг түрүү аван амьдарч байгаад 2002 онд насан өөд болжээ.