Н.МӨНХСАРУУЛ

2011 он Монгол түмний хувьд олон түүхт ой давхацсан баярын жил байлаа. Олон түүхт ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ид 25 настай идэр эр Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат бөх Сүхбаатарын Мөнхбат улсын заан Д.Рагчаагаар долоо, шинэ заан Ч.Санжаадамбыг дөнгөж золгоод халз хутган найм, улсын гарьд Н.Бат-Эрдэнийг мордох мэхээр ес, улсын арслан Г.Эрхэмбаярыг ухасхийхэд нь хүчийг нь дагуулан тойгдож татан арав давж түрүүлж заан, гарьд, арслан цолыг алгасан аварга цол хүртсэн. Монголчууд ингэж шинэ үеийн монгол бөхийн түүхэнд хоёр дахь Мөнхбат хэмээх аваргатай болсон юм. Түүний аварга цол хүртэхэд даваа бүрт таарсан хүчтэнүүд нь дандаа шинээр өндөр цол хүртсэн бөхчүүд байсан нь ямархан хүнд давааг давж аварга цол хүртснийг гэрчилнэ. Сүхбаатарын Мөнхбат аварга 1984 онд Увсын Баруунтуруунд төрсөн. Хархираа, Түргэн, Хангилцаг, Цагаан дэглийн цаст уулын цэнгэг агаараар амьсгалж өссөн ажээ. Уг гарал Увсын Зүүнхангай сум ажээ.

2010 онд Баруунтурууны унаган хүү Батжаргалын Ганбат заан улсын наадамд түрүүлж арслан цол хүртээд Баруунтуруунд очиход хэтрүүлсэн хүнд нутгийнхан нь Чингис хааныг анх өргөмжлөхийн дайны хүндэтгэлээр “булж” угтжээ. Тэгэхэд Мөнхбат аварга харцага цол хүртсэн хөөр баярын эзэн нутгийн арслан ахтайгаа цуг очиж. Хэдийгээр нутгийн хоёр бөх нэг нь түрүүлж, нэг нь шөвгөрөөд очсон ч монголчуудын зан юм хойно арай алдарт хүрсэнд нь илүү хүндэтгэл үзүүлээд байх шиг харагдсан гэдэг. Тэгэхэд аав Сүхбаатар нь “Залуу байна миний хүү. Арслан бүү хэл аварга болж нутгийнхнаа баярлуулах, хүндлүүлэх өдөр ирнээ” хэмээн хүүгийнхээ сэтгэлд урам зориг нэмж зогссон гэдэг. Тэр л өдрөөс хойш Мөнхбатын сэтгэлд бөхийн боорцог нэгэнт хүртсэнийх ямар бөх гэдгээ монгол түмэндээ харуулъя гэсэн буцаж цуцашгүй хүсэл оргилоод байж. Тэгээд ч бөхийн ертөнцийн жаяг дэгийн дагуу бүх л дасгал сургуулилт, бэлтгэлээ хийж жилийн өмнөөс жигд сайхан болж иржээ. Яг улсын наадам тулсан тэр торгон агшинд бэлтгэл ханаж бие тэгширсэн ч залуу хүний зангаар ч юм уу нэг л халиранга байж. Энэ тухайгаа галын ахлагч Д.Бумбаяр заанд ярихад заан түүнийг дархан аварга Баянмөнхийнд дагуулан очжээ. Баянаа аварга залуу харцагын бэлтгэл ханаад юү дутуу байгааг ажиж. За хүү минь чамд одоо дутуу юм алга. Чи өөрөө л зориг гаргах хэрэгтэй. Намайг хэн ч дийлэхгүй гэсэн чанд бодолтой, уужуу тайван, хараатай, мэхээ гүйцэд хийж, бяраа бүрэн гаргаж барилд гэж хэлээд явуулжээ. Жаахан хулгуудуу байсан харцагын дотоод бөглөөг хашир аварга ингэж суга татан аргагүй их аваргын, их бөхийн, нутгийн хүний, аавын, ахын жудагтай сэтгэлээр мялаажээ. Тэгээд л аваргын тэр жилийн бөхийн дээд цолд хүрэх зам шуударсан нь “молиго” Очир заан Гарьдмагнай хоёр шиг сэтгэлийн их дэмжлэгийн тод жишээг харуулсан хэрэг.

Энэ бахархам бяцхан түүхийг надад Увсын Баруунтурууны унаган хүү, бөхийн хорхойтон Оргил нүдээр үзэж, чихээр сонссон нутгийн хүний хувиар хуучилсан юм. Мөнхбат аварга одоо идэр 29 настай ч их сайхан буурь суусан, мэхэндээ даацтай, хүлээцтэй хүний хийг харж барилддаг аргагүй аваргын зангарагтай болсон нь харагдаж байгаа юм. Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээж ардын хувьсгалын жилүүдэд төрсөн аварга цолтны отгоноор тодорсон С.Мөнхбат аваргад дараа дараагийн наадмаас даян хийгээд дархан аварга цол хүртэх арал бяр, мэх, ухаан бүгд бий. Үүнийг цаг хугацаа л харуулна даа.