Д.ЖАВХЛАН

 

Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд зодоглох бөхчүүд тус тусын галдаа гарч бэлтгэл сургуулилтаа хийж байгаа билээ. Тэгвэл  Цагдаагийн ерөнхий газрын харьяа “Хүч” спорт хорооны “Сүүж” амралтын газарт өнгөрсөн сард дөрвөн аймгийн хүчтэнүүд нэгдэн нэг гал болон гарцгаасан. Тэнд очиж “Хүч” спорт хорооны бөхчүүдийг ахалж буй улсын заан Ц.Мягмарсүрэнтэй ярилцлаа.

 

-Зуншлага тавтай юу. Заан аа?

-Нар хур тэгширсэн сайхан зун болж байна. Би “Хүч” спорт хорооныхоо 32 бөхийг ахалж “Сүүж” амралтанд арав гаруй хо­но­гийн өмнөөс гарсан. Сүүж хайрханы нөмөр нөөлгөөр манай галаас наадмын 17-18 түрүүг хүрт­сэн байдаг. Би энд 21 дэх жилдээ гарч байна. Манай галаас улсын цо­лонд хүрэх бөх цөөнгүй бий. Мөн цолоо ахиулж шөвгөрөх бөх ч бас байна.

-“Сүүж” хайрханы орчимд “Хүч”-ийн бөх­чүүдээс гадна ямар га­лынхан ирж бэлтгэл сур­гуулилтаа хийж байгаа вэ?

-Хөвсгөл, Ховд, Хэн­тий, Дорноговь, “Аварга” дээд сургуулийн бөхчүүд  энд төвлөрөөд байна. Нийт­дээ 150 гаруй бөх хаяа нийлэн бууж бэлтгэл сургуулилтаа хан­гаж байгаа. Тэдний 70 орчим хувь нь аймаг, сумын наадамд давхар зодоглох юм. Бөхчүүдийн үндсэн бэлтгэл жигдэрч байна. Өчигдөр наадмын сорилго барилдаан бол­сон. Энэ барилдаанд наад­мын өнгийг тодор­хойлох бөх цөөн ирсэн боловч тэднийг буруутгах аргагүй.

-Танай бөхийн галд өсвөрийн бөх олон байхыг харлаа. Залгамж халаагаа бэлдэж байна уу?

-Өнөө цагт Үндэсний бөхийн оргил амжилтанд хүрэх цаг хугацааг залуу насаар хэмжих болж. Жи­шээ дурдахад сумын наадмын түрүү, үзүүрт өсвөрийнхөн олон байгаа нь үндэсний бөхийн хөг­жилд өгөх үнэлгээ юм болов уу. Манай галд өс­вөрийн хэд хэдэн бөх бий. Тэдний зарим хэсэг нь аймаг цэргийн цолтнуудтай биеэ ха­лааж, бэлтгэл хийж бай­хад нөгөө хэсэг нь үндэсний бөхийн “А” үсгийг заалгаж байх жишээтэй. Бид ч гэлтгүй бусад галынхан залгамж халаагаа бэлдэж байгаа байлгүй. Манай өсвөрийнхний бие хаа амархан хувирдаг. Нэг зун бөхийн галд бэлтгэл хийсэн хүүхдийг дараа жил нь дахин харахад та­нихгүй байхаар юм даа.

-Та тэднийг бөхийн бэлтгэл хийхэд нь дур­гүйцэж байх шиг байсан. Яагаад тэр вэ?   

-Тэдэнд барилдах хан­галттай хугацаа бай­гаа. Аливаа спортод сис­темтэйгээр суралцах нь чухал. Хэн тэвчээртэй хүлээнэ. Түүнд амжилт ойрхон байдаг. Зарим хүүх­дүүд бөхийн бэлтгэлд гарч байна хэмээн хуу­рай догдлох нь бий. Одоо­хондоо тэд дэвээ, шаваа хийгээд байхад л тэдэнд хангалттай. Бас болоогүй улсын цолтой ах нарынхаа бэлтгэлийг дэргэдээс нь харах ч завшаан шүү дээ.

-Танай галаас аймгийн цолонд хүрэх бөх олон уу?

-Өнөөдөр ам гарахад эрт байгаа хэдий ч манай галаас ерөнхийдөө 10 га­руй залуу аймгийн цолд хүрнэ. Гэтэл сайн бүхнийг сүүдэр үр­гэлж дагадаг хойно. Сүүлийн жилүүдэд зарим аймгуудын наадамд бусад аймгийн бөхчүүдийг зо­доглуулахгүй байгаа нь сэтгэл эмзэглүүлж бай­на. Жилдээ ганцхан бол­дог наадамдаа бөхчүүд га­дуурхагдах учиргүй бай­маар. Энэхүү бусармаг зүй­лийг нэг талд нь гаргах хэрэгтэй байна. Манай Үндэсний бөхийн холбоо энэ тал дээр шийдвэртэй арга хэмжээ авч наадмын өмнө нэг тийш болгох биз. Тэгэхгүй бол олон сайхан бөх дэвжээний гадна хоосон үлдэх гээд байгаа юм. Намайг ид барилдаж байх үед ийм зүйл гарч байсангүй. Миний үеийн бөхчүүд дуртай газраа барилдаад цол гуншингаа нэмүүлдэг л байсан. Одоо ямар цаг ирэхээрээ бөхчүүдийг гадуурхах болов.

-Таны ахлаж буй “Хүч” спорт хорооны үндэсний бөхийн галыг таны багш улсын заан Ч.Бямбадорж мөн олон жил гардан авч явсан. Тэр үеийн наадмын бэлтгэлийг одоогийнхтой харьцуулахад ямар санагд­даг вэ?

-Харьцуулахад өдөр шөнө шиг зөрүүтэй. Бид өдөрт хоёр удаа бэлтгэл хийгээд талхны булан олж идвэл их юм болдог байлаа. Ямар сайндаа талхны булангаа крантны түүхий усаар даруулаад л хоёр бэлтгэлийн хооронд сэргэлт авдаг байхав. Ин­гэлээ гээд бидэнд мууд­сан зүйл алга. Бид тэмцээн уралдаанаас ган­зага хоосон буцсан удаагүй. Авдаг цолоо бид авсан.

-Танай галын зарим бөхчүүд нуулгүй хэлэхэд ихэнх нь уураг, витамин хэрэглэх юм. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Уураг, витамин хэ­рэг­лээд цолонд хурдан хүрнэ гэж боддог нь олон болж. Энэ хэрэглээг хорьж байгаа юм биш. Тамирчин хүн уураг, ви­таминыг эрчимтэй бэлт­гэл хийсний дараа алдагдсан энергиэ нө­хөх журмаар ашиглах ёс­той. Гэтэл зарим нь уургийг өглөө, оройгүй хэрэглэх юм. Нэмэлт тэжээлд хамаг амжилтаа даат­гаж болохгүй биз дээ. Үүний оронд өр­сөлдөгч бөхөө хэрхэн уна­гах арга техникийг эзэмших нь чухал юм. Нийгэм хөгжихийн хэ­рээр сөрөг зүйл ч мөн дагадаг хойно. Хараад байхад зарим бөхчүүд өнөөх уураг витаминаа уугаад биеэ чагнаад хэвт­чих юм. Тэднийг хараад их харамсдаг. Ажиглаад байхад зарим нь нууж хэрэглэх юм билээ. Тэд өөрсдийгөө л хуурч байгаа байх­гүй юу. Энэхүү бэлд­мэлүүд хүнийг донтуулдаг юм шиг байгаа юм. Өнөө­хийгөө хэрэглэхгүй л бол гутраад урвайх хүн олныг харсан.

-Наадмын бэлтгэлд бөхчүүд ямар хүнс хэрэг­лэх нь тохиромжтой вэ?

-Эрүүл агаарт тэ­жээл­лэг хоолтой сайн бэлтгэлтэй бөх л наадамд дээгүүр барилдана даа. Бас сайн унтах хэрэгтэй. Ингэж л чадвал  нэг юм дуулгана даа.

-Энэ наадамд хэний хүү ес давахыг хэлж өгөх­гүй юү?

-Яаж мэдэхэв. Өн­гөр­сөн жилийн наадмаар хэний ч тааварлаагүй айм­гийн цолтой за­луугийн од нь гийж ес давсан шүү дээ. Түүх давтагдахыг үгүйс­гэх аргагүй. Энэ цаг үед цолтой болон залуу бөхчүүдийн хооронд аль хэр ялгаа байна вэ. Бөхийн тааврыг үнэн зөв хэлэх арга алга.

 -Ховдын бөхчүүдээс улсын цолонд хүрэх нь хэд байна вэ?

-Манай галаас шөвөгт доод тал нь гурван бөх үлдэх болов уу.

-Өчигдрийн сорилго барилдаанд Та өнгөтэй харагдана лээ?

-Сорилго барилдаанд өнгөтэй барилдаж буй бөхчүүдээс ирэх баяр наадмын өнгийг шинж­дэг бичигдээгүй уламж­лал бий. Миний дээгүүр барилдах гэж юу байхав. Шавь нарынхаа бэлтгэл сургуулилтыг сайхан таа­руулж байхад л болно.

-Наадмын сорилго барилдаанд бөхийн өнгийг хэрхэн шинжиж суув?

-Улсын начин Б.Бат­мөнх энэ жил сайн барил­дах болов уу. Гэвч наадам болтол их хугацаа байна. Энэ хугацаанд хэн сайн дэг журам, сахилга баттай байна. Түүнд улсын цол ойрхон бий.

-Ховдын хүчтэнүүдээс улсын начин Б.Пүрэвсайхан энэ наадмаар цахиур хагалж мэднэ шүү?

-Тэр бэлтгэлийг сайн хийдэг. Хөдөлмөрч. Гэхдээ бяр хүчиндээ найдаад суух хэрэггүй. Хамгийн гол нь барилдааны арга барилаа улам чамбайруулах хэрэгтэй юм.

-Та түүнтэй тунах бөхийн сул талыг хэлж өгөв үү?

-Хэрэв наадмаар тунавал хэлж өгнө дөө. Одоо хэлэхэд арай л эрт байна.

-Б.Пүрэвсайхантай тал таарахгүй байж мэдэх бөхийг хэлэхгүй юү?

-Наадмын бэлтгэлээ сайн хангасан бөх л хамгийн хэцүү байдаг. Төрийн наадамд амархан шөвгөрнө гэж юу байхав. Тал таарахгүй бөх тэр гэдгээ Б.Пүрэвсайхан өө­рөө хэлнэ биз.