Ц.БАЯР

Өнөөдөр дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр. ДОХ нь одоогоор төгс эмчилгээгүй үхэлд хүргэдэг өвчин. Гэхдээ ДОХ-оос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Манай улсад ХДХВ/ДОХ-ын нийт 194 тохиолдол бүртгэгдсэний 98.4 хувь нь бэлгийн замаар халдвар авсан байдаг аж. Уг халдварын анхны тохиолдлыг 1992 онд бүртгэсэн бөгөөд энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар 194 хэмээн бүртгэгдээд байгаа юм. Нэгдсэн үндэсний байгууллагаас хийсэн тооцооллын дагуу Монгол Улсын хэмжээнд 2015 оны эцсийн байдлаар ХДХВ-ын халдвартай 860 хүн байх магадлалтай аж. Нийт өвчлөгсдийн 81.3 ХДХВ-ын халдварын үедээ оношлогдсон бол 18.7 хувь нь ДОХ-ын шатандаа оношлогджээ. Энэ өвчний улмаас 26 иргэн хорвоог орхиод байна. Өнөөдрийн байдлаар цус цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой, мөн эхээс хүүхдэд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй байгааг Эрүүл мэнд, спортын яамнаас мэдээлжээ.

Халдвар дамжих замууд:

Дээр дурдсанчлан нийт халдвар авагчдын дийлэнх нь бэлгийн замаар халдвар авчээ. Тэгвэл аюулт өвчнөөс сэргийлэхэд аюулгүй бэлгийн харьцаанд орох хамгийн чухал. Хамгаалалтгүйгээр тохиолдлын бэлгийн харьцаанд орохгүй байх нь эрсдлээс хамгаалах хамгийн найдвартай арга. Мөн бэлгэвчийг зөв хэрэглэх нь чухал. Халдвар авснаас хойш 3-6 сарын хугацаанд шинжилгээнд ХДХВ-ийн халдвар илрэхгүй байх магадлалтай. Халдвартай цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, халдварлагдсан зүү тариур дамжуулан хэрэглэх нь ХДХВ, ДОХ-ын халдвар авах эрсдэлтэй. Тиймээс эрүүл мэндийн үйлчилгээ авах, гоо сайхны хагалгаа, шивээс хийлгэхдээ аюулгүй байдлаа хангаж, шаардлага тавих хэрэгтэй. Мөн ХДХВ-ийн халдвартай эхээс хүүхдэд буюу жирэмсэн, төрөх үед болон төрсний дараа хөхний сүүгээр дамжих эрсдэлтэй.

Халдвар дамжихгүй зам:

  • Шүлс
  • Нулимс
  • Хоол хүнс, аяга халбагаар
  • Агаар дуслын зам (ханиах, найтаах зэрэгт шүлсээр)
  • Шумуул болон бусад төрлийн хорхой шавьж
  • Хамт амьдрах, ажиллах, суралцах
  • Тэврэх, үнсэх
  • Бассейн, халуун ус, бие засах газар зэрэгт хамт орох зэрэг болно.

Эх сурвалж:www.zms.mn