Р.ОЮУН

“Утасны анд” энэ удаагийнхаа зочноор “Дэрэн” клубын захирал Г.Мөнхчулууныг урилаа.

-Сайн байна уу. “Утасны анд” байна. Саяхан болсон “Дэрэн цом-2015” өсвөрийн хөлбөмбөгчдийн заалны аварга шалгаруулах олон улсын тэмцээнд танай клубын хүүхдүүд амжилттай оролцлоо. Сэтгэгдлээ хуваалцаач?

-Тэмцээнд Монгол Улсаас 11, ОХУ-ын Эрхүү, Ангарск, ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотын баг, БНХАУ-аас ӨМӨЗО-ы Шилийн гол аймаг, Эрээн хотын багууд оролцсон. “Дэрэн” клубээс зохион байгуулсан зургаа дахь удаагийн цомын тэмцээн хөвгүүдийн 10-17 насны ангилалд болж, аваргуудаа тодруулсан. Тухайлбал, хамгийн бяцхан хөлбөмбөгчид буюу 10 хүртэлх насны ангиллын аваргын алтан медалийг “Дэрэн” клубын багачууд хүртсэн бол мөнгөн медалийг “Арвис” клуб, хүрэл медалийг “СэлэнгэПресс” клубын тамирчид хүртлээ. Харин 2004 оны тамирчдаас “Дэрэн” клуб аваргалж, Хан-Уул дүүргийн хөлбөмбөгчид удаалж, “Арвис” клуб хүрэл медаль, 2003 оны өсвөрийн хөлбөмбөгчдийг ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотын баг тэргүүлж, Хан-Уул дүүрэг, ОХУ-ын  Ангарск хотын баг удааллаа.

-Хамгийн хүчтэй, өрсөлдөгч хэдэн насныхан байв?

-17 насныхны аваргын төлөөх хагас шигшээ, шигшээ тоглолтууд сонирхолтой, өрсөлдөөнтэй болсон. ОХУ-ын Ангарск хотын баг алт, “Хоромхон” клуб мөнгө, “Дэрэн” клуб хүрэл медаль авсан. Монгол хүүхдүүд маань айж, ичилгүй адилхан тоглож байсан. Мөн нас тус бүрээс шилдэг тоглогч, шилдэг хаалгач, шилдэг довтлогчийг шалгаруулсан.

-“Дэрэн” клубынхэн ойрын үед ямар тэмцээнд орол­цохоор төлөвлөж байна?

-Одоогоор хүүхдүүд маань сургууль дээрээ бэлтгэлээ хийж байгаа. Энэ сарын сүүлчээр 2004 оны хүүхдүүд Эр­хүүд Бай­кал сон­годог, арван­хоёрдугаар сарын сүүлчээр 2002 оны хүүхдүүд Эрээний сон­годог тэмцээнд оролцоно. Ирэх сард улсын аварга болон бусад тэмцээнд оролцоно. Өвлийн улиралд заалны хөлбөмбөг тоглохын давуу тал нь тамирчдын ур чадварыг сайжруулдаг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин