Н.МӨНХЖИН
Испанийн хөлбөмбөгийн “Реал Мадрид” клуб гол тоглогч Криштиано Роналдог худалдаж авах ашигтай санал байвал сонсъё гэж байна. Эзэн хааны клуб португал хөлбөмбөгчийг 110 сая еврогоор зарах хүсэлтэй байгаа аж. Испанийн клуб 2009 онд “Манчестер Юнайтед”-аас Роналдог ийм үнээр авч байсан билээ.
Роналдо багийн ерөнхий дасгалжуулагч Рафаэль Бенитесийн арга барилыг таалахгүй байгаа аж. “Бенитес манай багт тохирох мэргэжилтэн биш. Бид түүнтэй ямар ч цом авч чадахгүй” хэмээн тэрээр багийн эзэн Флорентино Перест хэлсэн бололтой. “Реал”-ын бас нэг од Хамес Родригес дасгалжуулагчдаа дургүйцлээ илэрхийлж “Явна” хэмээн тунирхжээ. Роналдогийн төлөө Францын “Пари Сен-Жермен” болон хуучин клуб нь өрсөлдөж магадгүй байна. Р.Бенитес энэ улирлаас эхлэн “Реал”-ыг удирдаж байгаа. Испанийн аварга шалгаруулах тэмцээнд 11 тойргийн дараа 24 оноо авч, заналт өрсөлдөгч “Барселона”-аас гурван оноо алдаж хоёрдугаарт бичигдэж байна
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин